ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөр орнуудын тоонд багтдаг. Ялангуяа Номхон далайн баруун бүсийн 37 орон дотроо эхний 4-т жагсаж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар сүрьеэ өвчний нийт 2,044 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь дахин болон шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо юм.
Сүрьеэ их илэрч байна гэдэг нь муу гэсэн үг биш эсрэгээрээ сайн. Харин илрүүлж чадахгүй байна гэдэг асуудал. Нөгөө талаас хүмүүс өөрсдийн ойлголтоор нотолгоогүй мэдээлэл тараах асуудлууд байдаг. “Сүрьеэ удамшдаг өвчин” гэдэг ч юм уу. Мөн энэ өвчин гэнэт л огцом нэмэгдчихсэн юм шиг нийгэмт буруу ойлголт төрүүлж сенсацлах гээд байдаг. Энэ нь эргээд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг. Илрүүлэлт сайн байгаа нь оношилгооны чадвар сайжирч байгаагийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл цаг алдалгүй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, ашиглаж байна гэсэн үг юм. Энэ нь нэг талаараа давуу тал болж байгааг онцолмоор байна.
Сүрьеэ бол яг “Ковид-19” халдвар шиг амьсгалын замын өвчин. Хэн ч тусах боломжтой. Ковидоос ялгаатай нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, эм уух шаардлагатай байдаг. Мөн нийгэм, эдийн засгийн хувьд хор хохирол ихтэй.
Өнөөдөр олон улсад сүрьеэгийн тохиолдлыг маш сайн илрүүлж, эрт үед нь оношилгоо, эмчилгээг үр дүнтэй хийх тактик барьж байгаа. Монгол Улс мөн л энэ жишгээр сүрьеэг эмчилж байна. Гэхдээ илрүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байна. Учир нь сүүлийн 2-3 жил буюу цар тахлын үеэр манай сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд ковидын тусламж, үйлчилгээнд ажилласан. Мөн манай тасгийн тоног төхөөрөмж, аппарат, ор бүгд дайчлагдсан. Үүний улмаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд маш олон асуудал, доголдол үүсээд байсан. Харин энэ жилээс сэргэж эхэлж байгаа дүр зураг харагдаж байна. Үүнтэй холбоотойгоор маш олон сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байна.
-Цар тахлын өмнө сүрьеэ өвчний тохиолдол хэр их бүртгэгдэж байсан бэ? Ковидын үеэр тодорхой хэмжээнд буурсан уу?
-Ковидын өмнөх үед ойролцоогоор жилд 4 мянга орчим тохиолдол бүртгэгддэг байсан. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд 2700-3000 орчим тохиолдол болж буурсан байна. Учир нь цар тахлын үед улсын хэмжээнд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан. Зарим тохиолдолд хэсэгчилсэн арга хэмжээ хүртэл авч байсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор сүрьеэ өвчний үндсэн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар нэлээд хойш тавигдаж илрүүлэлтийн тоо багассан гэж хэлж болно.
-Манай улсад сүрьеэгийн өвчлөл өндөр байгаагийн шалтгаан нь юу вэ?
-2014-2015 онд үндэсний хэмжээнд анх удаа сүрьеэгийн тархалтын судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаагаар Монгол Улсад сүрьеэгийн тархалт өндөр байгааг тогтоож, үүн дотроо далд халдвар их байна гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн сүүлийн хэдэн жил хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс халдварыг маш богино хугацаанд илрүүлж, хумих шаардлагатайг харуулж байгаа юм. Дээрх хэлсэнчлэн сүрьеэ далд хэлбэрээр иргэдийн дунд тархаж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Далд халдвар гэдэг нь тухайн хүн сүрьеэгийн микобактериар халдварласан хэр нь өвдөөгүй, ямар нэг шинж тэмдэг, зовуурь илрээгүй байгааг хэлдэг. Учир нь халдвар дархлааны системд унтаа байдалд шилжсэн учир ямар нэг шинж тэмдэггүй байдаг. Харин ажил амьдралын хэм алдагдаж, шим тэжээллэг хоол хүнс тогтмол хэрэглэхгүй байх, хорт зуршил зэргээс шалтгаалж дархлалын системд доголдол үүсэх үед унтаа байсан микобактери үржиж, улмаар сүрьеэгээр өвчилдөг. Тэгэхээр энэ асуудалд бас анхаарал хандуулах шаардлага үүсэж байна.
-Цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээ нэлээд саарсан гэж та хэллээ шүү дээ. Энэ нь хэр сөрөг үр дагаврыг бий болгож байгаа вэ?
-Мэдээж сөрөг үр дагавартай. Оношилгоо, үйлчилгээ авч чадахгүй, цаашлаад эмчилгээ хийлгэж чадахгүй байна гэдэг шат шатандаа асуудал үүсэж байгаа хэрэг. Сүрьеэгээр өвчилсөн хүн байлаа гэхэд оношлуулж чадахгүй хугацаа алдах эрсдэлтэй. Цаашлаад бүрэн эмчилгээ хийлгэх нөхцөл нь хязгаарлагдсан гэсэн үг. Тухайн хүн нэгэнт сүрьеэгээр халдварласан бол эмчилгээгээ бүрэн гүйцэт дуусгахгүй, хяналтад орж чадахгүй байх асуудлууд үүснэ. Харин хараахан халдварлаагүй хүнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, мэдээлэл хожимдож өгөх гэх мэт асуудлууд үүсэж байсан.
-Ямар насныхны дунд илүү их сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байна вэ?
-Насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхны дунд өвчлөл их байна. Энэ насныхан нийт өвчлөлийн 60-70 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, өсвөр болон хөдөлмөрийн идэвхтэй насныхан илүү их өвчилж байгаа юм. Энэ нь өөрөө нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөж байдаг. Хувь хүн, гэр бүл, цаашлаад улс орны түвшинд эрсдэл бий болгож байна гэсэн үг юм.
Улмаар халдвар авсан хүн маань ажилгүй, гэр бүлээ тэжээх чадамжгүй болж сурч, боловсорч чадахгүй болно. Хүүхдүүдийн хувьд мөн адил. Яг л ид сурч боловсрох насан дээрээ олон хоног эм ууж, өвдөнө гэдэг амаргүй. Тэдний хувьд насанд хүрсэн хүн шиг тууштай байх чадваргүй байдаг. Тиймээс ар гэрийнхний туслалцаа маш их хэрэгтэй. Үүнээс гадна тухайн айлын боломж бололцоо, эцэг эхийн боловсролын түвшин, ойлголт дэмжлэгээс хамааран эмчилгээ амжилттай үргэлжилж, бүрэн эдгэрэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгээсээ завсардах, сүрьеэгээр өвчилснөөсөө болоод аливаа сэтгэлзүйн дарамтад өртөх асуудал бий болох боломжтой. Сүрьеэ зүгээр өвчин юм шиг харагддаг хэр нь цаанаа маш олон асуудлыг дагуулж байдаг.
-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна гэсэн шүү дээ. Энэ жилийн тухайд 0-18 насны хэдэн хүүхэд сүрьеэгээр халдварлаад байна вэ?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-15 насныхны дунд сүрьеэгийн 105 тохиолдол бүртгэгдсэн байна.
-Удаан хугацаанд эдгэрдэггүй, маш зовуурьтай ханиад байгаа шүү дээ. Үүнийг сүрьеэгийн нэлээд хурц хэлбэр байх магадлалтай гэсэн таамаглал иргэдийн дунд байна. Энэ хэр үнэн бодитой бол?
-Мэдээж уушгины хэлбэрийн сүрьеэгээр халдварласан тохиолдолд уушги гэмтэнэ. Энэ үед амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Ханилгах, цустай цэр гарах гэх мэт. Мөн халуурч, хөлрөх, жин хасах, хоолны дуршил буурах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Ханиад удаан хугацаанд үргэлжилбэл эдгээр шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Хэрэв үнэхээр сүрьеэ байж магадгүй байвал даруйхан эмчилгээ оношилгоонд хамрагдах нь зүйтэй юм. Тэрнээс биш сүрьеэгийн хурц хэлбэр байж магадгүй гэж хардаад суух нь тохиромжгүй. Үүнээс илүүтэйгээр маш хурдан, цаг алдалгүй оношлуулах хэрэгтэй.
Нөгөөтээгүүр энэ өвчин зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Боловсролын салбар хүртэл үүнд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай байдаг. Тухайлбал, сүрьеэгийн талаар зөв мэдлэг мэдээллийг нас насанд нь тохируулж олгох хэрэгтэй. Цаашлаад хэвлэл мэдээллийнхэн, хууль хүчний байгууллага, ХНХЯ-тай хүртэл нягт холбоотой ажиллах шаардлагатай байна. Тухайн хүн удаан хугацаанд эмчилгээ хийлгэх тохиолдолд ажлын байраа хадгалах, цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт анхаарах нь чухал. Хүүхдүүдийн хувьд сургууль завсардах асуудал үүсвэл ямар зохицуулалт хийх зэргээр салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал. Энэ харилцаа тогтмол, сайн хөгжиж байж бид сүрьеэг 2030 онд тэглэх боломжтой. Тэгэхгүйгээр яг өнөөдрийн нөхцөлд сүрьеэг бууруулна гэдэг нэлээд бэрхшээлтэй.
-Сүрьеэгийн үзлэг оношлогоонд ямар давтамжтай орох хэрэгтэй байдаг вэ?
-6 сар тутамд эсвэл жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй. Энэ оны тавдугаар сараас эхлэн улсын хэмжээнд иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн шүү дээ. Үүгээр сүрьеэг илрүүлэх тодорхой асуумж, судалгааг авч байгаа. Гэхдээ заавал үүнийг хүлээхгүйгээр иргэд өөрсдөө дээр дурдсан хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад явбал их зүгээр.
-Нэгэнт сүрьеэгээр өвдсөн бол хэдий хэр хугацаанд эмчилгээ хийлгэж байж бүрэн эдгэрэх вэ?
-Тухайн хүний биеийн онцлог буюу эмэнд мэдрэг эсвэл тэсвэртэй эсэхээс хамааран 6-20 сар эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Мөн хавсарсан өвчтэй эсэхээс хамаараад хугацааны хувьд урт богино байна. Гэхдээ Монгол Улс хөгжиж байгаа орон гэхэд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд маш сайн анхаардаг. Үүний нэг илрэл нь сүрьеэгийн тусламж үйлчилгээг үнэгүй болгож, үнэгүй эм олгож байна. Энэ ажилд төсвөөс нэлээд мөнгө зарцуулагдаж байгаа. Мөн илрүүлэх, оношлох тоног төхөөрөмжийн хувьд бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхдаг. Сүүлийн үед хэрэглэж байгаа бүхий л тоног төхөөрөмжийг хэрэглэж байна. Мөн эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах тал дээр маш сайн анхаарч ажилладаг.
Харин одоо иргэд маань өөрсдөдөө анхаарал тавьж, аль болох урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болох хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс эмч нар ирж, тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой гэж боддог. Гэхдээ хүн бүрт хүрч ажиллана гэвэл өртөг өндрөөс гадна, ямар ч үр ашиггүй. Тиймээс аль болох өөрийн санаачилгаар ирж оношилгоонд орох нь илүү өртөг бага, хэмнэлттэй байх юм.
-Ярилцсанд баярлалаа.