/2022.11.02/ "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийж, электрон тамхины талаарх судалгааг танилцууллаа.
"Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-ын зөвлөх н.Эрхэмбаяр:
-Бид Монгол Улсын 100 мянган иргэнийг тамхинаас гаргах зорилготой. Нэлээд дэгэсдүүлсэн том тоо шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 750-800 мянган хүн тамхи татаж байна гэсэн судалгаа байна. Үүнтэй харьцуулахад 100 мянга гэдэг бол маш бага тоо. ДЭМБ-аас гаргасан тоо баримтаас харахад манай улс тамхинаас шалтгаалсан нас баралтын тоогоор дэлхийд нэлээд дээгүүрт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, жилд 4 мянган хүн тамхинаас болж нас барж байгаа талаарх судалгаа байна.
Мөн бид Монгол Улсад тамхины эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийг судалж үзсэн. Хэдийгээр олон нийтийн газар тамхи татахгүй байх, үүний эсрэг сурталчилгааг сайжруулах зэрэг арга хэмжээ авч байгаа боловч хангалттай хэмжээнд үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж байгаа гэлээ.
Тамхины эсрэг эмчилгээний мэргэжилтэн, Австрали улсын Тамхины хор хөнөөлийг бууруулах нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, эмч Колин Мендельсон:
-Миний хувьд тамхитай 40 жил тэмцэж байна. Учир нь олон өвчтөн тамхидалттай холбоотойгоор нас барахыг харсан. Тэдний ихэнх нь тамхинаасаа гарах хүсэлтэй байдаг. Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Янжуур тамхи татдаг гурван хүний хоёр нь эрт нас бардаг гэх судалгаа бий. Монгол Улсын хувьд тамхинаас гарах бүх бүтээгдэхүүн, боломжийг судалж үзэх хэрэгтэй.
Янжуурт тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс арай аюул багатай бүтээгдэхүүнээр солих замаар гарах боломжтой. Үүнд vape буюу электрон тамхи, никотин бохь, бусад никотин бүтээгдэхүүнүүд хамаарна. Австралид vape буюу электрон тамхи нь янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй шийдэл болж танигдсан. Янжуур тамхинаас арай аюул багатай сонголт гэсэн үг. Гэхдээ электрон тамхины зохицуулалттай байх нь чухал гэв.