ХУУЛИЙН ТӨСӨЛ: Виртуал хөрөнгийн тухай хууль
Хуулийн төсөл санаачлагч: УИХ-ын гишүүн Н.Учрал
Хууль гаргах болсон шалтгаан:
Нэг. ФАТФ-аас Манай улсыг хар, саарал жагсаалтад оруулсан тухай ихэд шуугисан. ФАТФ-аас крипто болон энэ төрлийн арилжааны цаана мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх явдал байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үздэг.
Аливаа улсад бүртгэлтгүй, хууль бус мөнгөн урсгал байх ёсгүй. Энэ утгаараа крипто болон түүнтэй адилтгах төвлөрсөн бус системтэй, их хэмжээний мөнгө урсдаг энэ төрлийн арилжаанд хяналт тавьж хуулиар зохицуулсан байхыг шаарддаг.
Хоёр. Энэ төрлийн зах зээлийн элдэв төрлийн койн, цахим мөнгөнүүд хэдийнээ монголчуудын анхаарлыг 2017 оноос татах болсон. Тухайн үед биткойн гэх койн 18 мянган ам долларт хүрч байсан бол өнөөдөр тухайн койн 50 мянган долларт хүрсэн ч ханш нь тогтворгүй байдаг. Мөн олны танил эрхмүүд энэ төрлийн сурталчилгаа ихээр хийж их хэмжээний мөнгө босгож байгаагаа сошиал орчинд хуваалцаж эхэлсэн.
Энэхүү арилжаа нь олон улсын карттай хэн бүхний хийж чадах ажил тул иргэдээ ирээдүйн эрсдлээс хамгаалахаас өөр аргагүй байдал манай улсын хувьд үүсэж байна.
Улс орнуудын туршлага:
- Япон улс 2016 онд тусгайлан хууль гаргасан. Одоогоор 11 бирж үйл ажиллагаа явуулдаг.
- ОХУ, БНХАУ Иргэний хуулиуддаа өөрчлөлт оруулах замаар хуульчилсан. Гэхдээ анхдагч зах зээлд койн гаргахыг хуулиар хоригложээ.
- Бангладеш, Бразил, Бельги, Индонез зэрэг орнууд виртуал валютыг хууль ёсных гэж үзэхгүй гэдгээ мэдэгдсэн.
- Австри, Австрали, Франц, Герман, Малайз зэрэг орнууд эрхзүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
- Сингапур улс хамгийн сайн зохицуулалтуудыг хийж өгсөн бөгөөд одоогоор крипто зах зээлийн диваажин гэж нэрлэгдэж байна.
- Монгол Улсад: Албан бус судалгаагаар дотоодын 1 бирж, зуучлалын үйлчилгээг 20 гаруй иргэд аж ахуй нэгж үзүүлж байна. 150 мянга гаруй идэвхтэй арилжаа явуулдаг иргэн байдаг бөгөөд жилдээ 500 тэрбум төгрөгийн арилжаа хийдэг.
Виртуал хөрөнгийн тухай хуулиар энэ зах зээлийг хэн хянах, зөвшөөрөл өгөх, арилжааг хэрхэн зохион байгуулах, уламжлалт мөнгөний зах зээлтэй харилцах харилцаа гээд олон асуудлыг хууль эрхзүйн хувьд шийдэж өгөх юм.
Эх сурвалж: Монгол банкны судалгаа