/2021.08.24/
Амьдрал заавартайгаа ирдэггүй. Бид бүгд л анхны удаа амьдарч байгаа хүмүүс. Гадаад орчин, нийгмийн харилцаанд орсон цагаасаа эхлээд л хүн бүрд яагаад гэх асуулт тулгарч мэдэхгүй зүйлсээ мэдэж шинэ нээлтийг хийсээр ирсэн.
Бүсгүйчүүд ээж болох эхний замнал болох хоёр зурааснаас эхлэн аав ээж болох хүртэлх энэ аялалд маш олон үл мэдэх асуудал, асуулттай тулгардаг. Харамсалтай нь энэ олон асуултад хариулах баталгаат эх сурвалжийн мэдээлэл эх хэл дээр хомс байгааг нэгэн нялх биетэй эх анзаарчээ.
Эхийн эндэгдэл жилд дунджаар 16 байдаг. Харамсалтай нь цар тахлын жилүүдэд энэ тоо 50 хувиар нэмэгджээ. Энэ мэдээж цар тахлын нөлөө байгаа ч нөгөө талаас ээжүүд бие биендээ зөвлөдөг ам дамжсан, баталгаагүй мэдээллээс үүдэлтэй эрсдэлүүд ч гардаг.
Монгол улсад дунджаар 80 мянган эмэгтэй жирэмсэн болдог. Хачирхалтай нь цахим орчинд тодруулж хэлбэл фэйсбүүк хуудсанд сар бүр төрөх эхчүүдийн групп байдаг аж. Мөн эмч нарын хүртээмж бага хяналтанд орж байгаа нэг ээжтэй эмч нар 10 хүрэхгүй минут уулзах зөвлөгөө өгдөг бол Англи улсад заавал 40 мин уулзаж нэг бүрчлэн зөвлөгөө өгдөг байна.
Netflix дээр “Start up” гэх олон ангит кино бий. Өдөр тутмын амьдралд нь тулгарч буй асуудлыг технологи дээр суурилан шийдэж байгаа залуусын талаар гардаг шүү дээ. Яг л үүнтэй ижил дээрх асуудлыг шийдэж эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн хүртээмжийг сайжруулах гэсэн эхчүүд болох Б.Манд, Б.Ариунсанаа нар жирэмсэн эхийн хөтөч аппликэйшн бүтээхээр сэтгэл шулуудан, үүнийгээ ч зах зээлд амжилттай нэвтрүүлсэн аж.
Биднийг тэдний ажлын байранд очиход уриалагхан угтаж авсан хамтран үүсгэн байгуулагч Б.Ариунсанаатай одоогийн бүтээсэн хийгээд ирээдүйд зорьсон зорилгынх нь талаар ярилцлаа.
- Энэ төрлийн Монгол аппликэйшн хэд хэд байна. Тэдгээрээс ялгарах давуу тал тань юу вэ?
- Манай аппликэйшн хүүхэд болоод ээжийн эрүүл мэнд, өдөр тутмын зуршлыг бүртгэж аваад тухайн хүнд зориулсан зөвлөгөө мэдээллийг гаргаж өгдгөөрөө онцлогтой. Мөн манай зөвлөгөө буланд мэргэжлийн 10 гаруй эмч нар баталгаатай, эх сурвалжтай мэдээ оруулдаг. бид аппликэйшнийхээ бүх л хэсгийг өнгөлөг, “эгдүүтэй” харагдах талаас нь санаа тавьдаг. Бяцхан үрийг тань ямар хэмжээтэй бойжиж байгааг харуулдаг хэсэгтэй. Үүнийг эхчүүд хоорондоо сонирхуулах нь их бий. Цаашдаа хиймэл оюун суурьтай илүү ухаалаг аппликйешн болгохоор ажиллаж байна.
- Одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?
- Мэргэжлийн эмч, аппликэйшн хөгжүүлэгчид, маркетингийн баг гээд нийт 26 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өнөө цагт дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа бизнес өргөжих хандлагатай болсон. Технологийг мөн мартаж болохгүй. Манай байгууллагын нэр нь “ФемТек Солюшн” гэж бий. Эмэгтэй /Female/, технологи /technology/ гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор шийдэх салбарын анхдагч компани юм.
- Эхчүүдэд энэ аппликэйшн хэр үр дүнтэй байдаг бол? Та бүхэнд ирж байсан хамгийн нандин сэтгэгдлийг хуваалцаач?
- Бид бүхэн hello baby аппликэйшнээ 2020 оны тавдугаар сард зах зээлд танилцуулсан. Энэ цагаас хойш нийт 70 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна. Өдөрт дунджаар 200 хэрэглэгч манай аппликэйшнийг шинээр татаж авдаг. Шинээр татаж аваад зогсохгүй төрөх хүртлээ хөтөлж, хэрэглэдэг. Эхчүүд маань эсэн мэнд амаржсаныхаа дараа тулгарч байсан олон асуултад нь хариу өгсөн, баярлаж байгаагаа олон ч удаа бидэнд зурвас бичин илэрхийлдэг юм.
- Аппликэйшн дээр хүүхдийнхээ ямар хэмжээтэй бойжиж байгааг илэрхийлсэн өхөөрдөм жимснүүд байсан. Ер нь хүүхдийг тэгж өхөөрдөм байдлаар зүйрлэх санааг анх хэн нь гаргаж байсан бэ?
- Хамтран үүсгэн байгуулагч Б.Манд маань гаргасан. Бид код бичдэг программист биш, мэргэжлийн эмч биш, ердөө л энэ асуудалд санаа зовниж шийдэл эрэлхийлсэн ээж хүмүүс.. Анх ээж болох мэдрэмж хэцүү. Төрсний дараа дэндүү олон мэдэхгүй асуулт гарч ирдэг. Яаж хүүхдээ өсгөх, эхийн биед ямар өөрчлөлт гарч байгаа, зан араншин хүртэл яаж өөрчлөгдөж байгаа гээд хариултаа олох хэрэг гардаг. Үүнийг л эх хэл дээрээ авч байгаасай гэсэн санаагаараа нэгдсэн эхчүүд дээ, бид.
- Зорилтот бүлэг нь эх болон хүүхдүүд юм байна. Цаашдаа хүрээгээ яаж тэлэхээр байгаа вэ? Эхчүүдэд асуудал тулгардагтай адил аавуудад ч мөн мэдэхгүй асуудал гардаг байх. Аав нартаа зориулж аппликэйшн гаргах уу?
- Мэдээж бид зах зээлээ өргөтгөн аав нартаа тулгардаг асуултад хариу өгөх зорилгоор шинэ булан нээнэ. Мөн бид ойрын таван жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөө гаргасан. Үүний гурван жилд нь гурван аппликэйшн шинээр мэндлэхээр байна. Энэ оны аравдугаар сард 0-2 настай буюу “алтан мянган хоног” дээрээ яваа хүүхэдтэй эхчүүдэд зориулсан шинэхэн аппликэйшн шинээр төрөн гарна. Үүнд нярай хүүхдээ хэрхэн асрах, хөхөөр хооллох, бор хоолонд оруулах зэрэг зөвлөгөөг оруулах болно.
Хөл хүнд эх нийтдээ найман удаагийн төлөвлөгөөт үзлэгт хамрагдах ёстой байдаг. Ингэхдээ өнөөх ягаан дэвтрээ барьж очоод, өрхийн эмнэлэг дээрээ өчнөөн олон хүмүүс дунд олон цаг оочирлож байж эмчтэйгээ уулздаг юм. Асуухыг хүссэн асуултаа ч асууж амжилгүй дараагийн хүн нь ороод ирэх тохиолдол олон байх ажээ.
Өнөөгийн нөхцөлд авч үзвэл, жирэмсэн эх түм түчигнэж бум бужигнасан газар эрсдэл тээн барин явахгүй нь мэдээж хэрэг. Үүнийг ч ЭМЯ-аас найман удаагийн үзлэгийн хагасыг нь онлайнаар хамрагдуулахаар шийджээ.
- Аппликэйшн хөгжүүлээд зах зээлд гаргах хүртэлх үйл явцыг юутай зүйрлэж хэлэх вэ?
- Хүмүүс апп бүтээнэ гэдгийг их амар зүйл боддог юм шиг байгаа юм. Үнэндээ яг л бусад үйлдвэрлэл эрхлэхтэй адил зүйл. Хэрвээ хувцасны загвар зохион бүтээе гэвэл эхлээд дизайнаа гаргана, эсгүүрээ хийнэ, оёж хатгана, борлуулахын тулд маркетинг хийнэ, олноор бүтээхийн тулд ажилчид авна гэдэгтэй л агаар нэг.
Нэг товчлуурын ард асар их дизайн, кодчилолын ажил орсон байдаг. Маш их оюуны хөдөлмөр эрхэлдэг.
Жишээ нь: Бид нэг товчлуурын харагдах байдал, дараагийн хуудас руу шилжихэд хэрхэх талаарх эцсийн санаа батлагдах хүртэл зуу зуун зургийг гараараа зурдаг. Одоо дараагийн үе маань буюу альфа, Зет үеийн ээж нар төрж эхлээд байгаа. Тэдний хувьд багаасаа л аппликэйшн хэрэглээд сурчихсан, дижитал хүмүүс. Ийм хүмүүст хэрэглэхэд хялбар, хархад үзэмтэй гоё зүйл хэрэглүүлмээр байна.
- Баярлалаа, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.