/2022.09.26/: Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конценцын талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.
-Дүрвэгчдийн эрх зүйн байдлын тухай конвенцын талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц Нэгдсэн үндэсний байгууллагаас 1951 онд батлагдсан. Мөн конвенцын нэмэлт протокол 1967 онд батлагдсан байдаг. Энэ гэрээ конвенц нь улс төрийн үзэл бодлоороо гадуурхагдах эсвэл амьдарч байгаа, байнга оршин суудаг төрсөн нутагт нь амьдрах нөхцөлгүй боллоо хэмээн эх орноосоо дүрвэж гарсан хүмүүсийг хамгаалах олон улсын эрх зүйн хамгалалтыг бий болгосон. Хамгийн гол эрх зүйн зохицуулалт нь "буцааж өгөхгүй" гэсэн зарчмыг баримталдаг. Энэ нь улс төрийн үзэл бодлоосоо болоод ялгаварлан гадуурхагдана, эрүүдэн шүүгдэнэ, ямар нэгэн гэмт хэрэгт мөрдөн шалгагдана гэсэн бодитой үндэслэл байгаа тохиолдолд дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцыг соёрхон баталсан, нэгдэн орсон орнууд тухайн хүнийг эргүүлэн өгөхгүй байх үүргийг хүлээдэг.
-Хэчнээн орон нэгдэн орсон байдаг вэ. Манай Улсын хувьд конвенцид нэгдсэн үү?
-146 улс орон нэгдэж орсон байдаг. Монгол Улсын хувьд энэ конвенцид нэгдэн ороогүй байгаа.
-Дүрвэгч гэж хэнийг хэлдэг вэ? Сүүлийн хэд хоног ОХУ-аас манай орон руу зорчих хөдөлгөөн ихээр нэмэгдсэн. Тэдгээр иргэдийг дүрвэгч гэж үзэх үү?
-Дүрвэгчдийн эрх зүйн байдлын тухай конвенцид Дүрвэгч гэж хэнийг тооцох вэ гэдэг нь өөрөө хууль зүйн процесс явагддаг. Дүрвэгчийн хамгаалалтад орохын тулд тухайн орны хууль тогтоомжийн дагуу дүрвэгч гэсэн статус олж авдаг.
Саяхнаас хилээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ нь ОХУ-Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын иргэд Монгол Улсад визгүйгээр 30 хоног зорчих, түр оршин суух боломжтой. Одоогийн байдлаар орж ирж байгаа иргэдийг "Зорчин явагч" гэдэг статусын хүрээнд харьцах нь зүйтэй. Бизнес, нийгэм, соёл урлаг гээд ямар ч асуудлаар манай улсад зорчиж байж болно.
-Манай Улсад ямар нэгэн байдлаар дүрвэгчид орж ирвэл үүнийг зохицуулах ямар эрх зүйн зохицуулалт байгаа вэ?
-Хэрвээ Монгол Улсын хилээр орж ирж байгаа хүн өөрийн улс оронд ямар нэгэн байдлаар хүний эрх эрх чөлөө нь ноцтой зөрчигдөх, улс төрийн үзэл бодол, арьс өнгө, шашин шүтлэгээрээ ялгаварлан гадуурхагдах үндэслэл байвал Монгол Улсад "орогнол хүсэх" эрх нээлттэй байдаг. Олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенцыг Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийн асуудал. Мөн нөгөө талдаа Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцид тодорхой зарчмуудыг тогтоосон байдаг. Тухайлбал, эрүүдэн шүүхийн шүүх хэрцгий хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг доромжлохын эсрэг конвенц, хүчээр сураггүй алга болохоос хамгаалах конвенцууд байдаг. Энэ хоёр конвенцид хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж болзошгүй хүмүүсийг хүний эрхийн эрх зүйн хүрээнд үүнийгээ нотолсон тохиолдолд буцааж оршин суугаа газарлуу нь албадан буцаахгүй байх хууль зүйн үүргийг хүлээсэн зохицуулалтууд байдаг.
Хүний эрхийн эрх зүйн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйл.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх үүргийг Монгол улсын хууль, уул иргэний харъяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
- Монгол Улс олон улсын гэрээгээр гадааны иргэний эрх үүргийг тодорхойлохдоо уул иргэний харъяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.
- Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.
- Үзэл бодол,Улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.
- Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.
-Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухайд энэ төрлийн ямар зохицуулалт байдаг вэ?
-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухайд бид нутаг дэвсгэр дээрээ байгаа хүний эрхийг хамгаална. Энэ нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрх чөлөө Монгол Улсын үндсэн хууль, гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөө ямархуу байна гэдэг дээр хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн Хүний эрхийн үндэсний комиссын анхаарал хандуулах асуудал мөн. Харин нэг тусгай зохицуулалт байдаг нь Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар комиссд өргөдөл гомдол гаргах эрхийг журамласан байдаг. Гадаадын иргэдийн тухайд тухайн харъяалах улстай нь байгуулсан гэрээний үндсэн дээр комиссд хандах эрхтэй эсэхийг тогтоодог журамтай.
ОХУ-ын иргэдийн тухайд Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах эрхтэй эсэхийг Монгол-Орос улсуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ. Энэ асуудал дээр эрх зүйн боломж нь нээлттэй юу гэдгийг нягталж үзнэ. Харин комисс санаачлагаараа энэ асуудлыг шалгах бол нээлттэй.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.