Нүүрсний “БОДИТ БУС“ татвар компаниудыг сөхрүүлэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний “БОДИТ БУС“ татвар компаниудыг сөхрүүлэх нь

/2022.9.21/ Монгол Улсад орлого оруулж ирдэг цөөхөн бүтээгдэхүүн бий. Зэс, алт, нүүрс нь голлох бүтээгдэхүүн.

Эдгээр бүтээгдэхүүний татвар болоод бусад бодлого дээр ухаалаг хандахгүй бол горыг нь иргэд амсаж, хоолгүй хонох дээрээ тулна.

Зөвхөн нүүрсийг аваад үзье.

Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортод татвар тогтоохдоо жишиг үнээр тооцон татвар авдаг. Харин тэр жишиг үнийг тогтоохдоо бодит боруулалтын үнээс бус харин гадаад зах зээлийн үнийг жишиг болгож тооцоод, уг дүнгээр татвар авна.

Жишээ нь, сүүлийн үед бодит борлуулалтын үнэ баяжуулсан коксжих нүүрсэн дээр л гэхэд хамгийн ихдээ тонн нь 150 орчим доллар байгаа талаар уурхайнхан ярьж байна. Гэтэл Австралийн эсвэл Хятадын аль нэг боомтын 300-400 ам.долларын үнийг жишиг болгон тооцоод, уг дүнгээр татвар авчихаж байгаа юм.

Энэ нь нүүрс экспортлогч бүхий л компаниудад хүндээр тусч, эдийн засгийн хямралтай зэрэгцэн цохилт өгөх боллоо. АМНАТ буюу роялти татварыг ч бодит борлуулалтын үнээс маш зөрүүтэйгээр тооцон авдаг бөгөөд нүүрс экспортлогч компаниудад ихээхэн хүндрэл, алдагдал учруулсаар буй. Энэ талаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г. Эрдэнэтуяа Зууны мэдээнд сонинд дараах ярилцлагыг өгчээ. Тэрээр:

"Нүүрс, жоншны АМНАТ-ыг ногдуулахдаа тооцох жишиг үнэ нь маргаан дагуулсаар байна. Энэ шийдвэр нь Татварын ерөнхий хуульд заасан татвар шударга, үр ашигтай байх зарчмыг илт зөрчиж, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан үйлдэл болсон. Тодруулбал жишиг үнийг зарлахдаа өөрийн улсын гарал үүсэлтэй нүүрсэнд хамаарах үнийг бодитойгоор тооцолгүйгээр гадаадын зах зээл дэх үнийг шууд ашиглаж буйгаас хасагдвал зохих зардлуудыг тооцололдоо бүрэн хамруулж хасдаггүйн улмаас АМНАТ-ын бодит ачаалал борлуулалтын гэрээний үнийн 29 хүртэл хувь болж нэмэгдсэн нь татварыг тогтоох, ногдуулахад шударга байх зарчмыг алдагдуулж байна”

Дүн мэдээгээ зөв гаргаж, татвараа зөв тооцоолж чадахгүй байгаа байдал нь дан ганц компаниудын алдагдал гэхээсээ илүү улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулж эхэлжээ. Та бүхэн албан ёсны статистик харвал, 2022 оны эхний хагаст МУ нүүрсний экспортоос 2,3 сая ам.долларын орлого олсон гэж харагдана. Үнэхээр ийм их хэмжээний валют орж ирсэн бол өнөөдөр ам.долларын ханш бодитоор тогтворжин, буурах баймаар.

Гэтэл Монголбанкны валютын нөөц нь өнөөдөр алдагдалтай хэвээр байна. Статистик, дүн мэдээ буруу байснаар бүх анализ, бүх шийдвэрүүд бурууддаг. Нүүрсний экспортын орлого ба татварыг бодит бусаар тооцож ирсний сөрөг нөлөө нь одоо ийнхүү улсынхаа эдийн засаг, статистик, дүн мэдээнд хүртэл буруугаар нөлөөлж, төр засгаас буруу зөрүүтэй мэдээлэлтэйгээр, буруу зөрүү шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна.

Салбарын ассоциаци холбоод энэ асуудлаар нарийн тооцоо гарган, яамдад уламжлан ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байгаа талаар ярьж байна. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин:

-АМНАТ-ыг зохицуулсан хууль байна. Бид аль болох нэмүү өртөг шингэсэн боловсруулалтыг Монголдоо олноор бий болгох ёстой байтал энэ хуулиар яг 100% эсрэг буюу дотооддоо боловсруулалт хийх ямар ч шаардлагагүй болгочихсон. Боловруулалт хийх гэсэн компаниуд бүр л өрөнд орно, үйл ажиллагаа нь төвөгтэй болно. Энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай хэмээн ярилцлага өгчээ.

Цаашид бодит бус татварыг нүүрсний экспортод тавьсаар байх уу гэсэн асуулт эрхгүй урган гарч байна.

Барууны орнууд Оросын төлөвлөгөөг эрс буруушаалаа
Барууны орнууд Оросын төлөвлөгөөг эрс буруушаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.