Иргэд яагаад хэрэглээнийхээ витаминыг хилээр оруулж болдоггүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд яагаад хэрэглээнийхээ витаминыг хилээр оруулж болдоггүй вэ?

-Витамин импортолдог 102 аж ахуй нэгж байна-

"Америкаас найз маань намайг хэрэглэ гээд илгээмжээр хэдхэн ширхэг витамин, минериал явуулсан чинь гааль хураагаад авчихлаа. Тусгай зөвшөөрөлтэй компани л оруулж ирэх эрхтэй байдаг гэсэн. Юмаа авсан уу гээд байгаа найздаа юу гэж хэлэх вэ. Минерал эм биш зөвхөн хүнс шүү дээ. Манайх яагаад хүний амьдралын энгийн жижигхэн зүйлийг ийм хүнд болгочихсон байдаг юм бэ". Энэ бол бухимдлаа сошиалд өгүүлсэн нэгэн иргэн.

Яг үүнтэй ижил зүйл олон хүнд тохиолддог учир иргэд өөрсдийн хувийн хэрэгцээний эм, витаминыг хилээр оруулдаг болох асуудал олон жил яригдаж байна. УИХ-ын гишүүд ч мөн үе үехэн энэ асуудлыг сөхөж ярьцгаадаг. Гэвч үүнд тодорхой хариултгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Учир нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-т зааснаар тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглосон байдаг. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 227.4.-т дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж заажээ. Тодруулбал,

227.4.1.судсаар сэлбэх шингэн;

227.4.2.антибиотик тариа;

227.4.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;

227.4.4.цусны бэлдмэл сийвэн орлох эм;

227.4.5.нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.

Дээрх заалтын улмаас иргэд өнөөдрийг хүртэл дотоодын ханган нийлүүлэгч байгууллагаас эм, витамин авахаас өөр аргагүй байдалд байна. Тиймээс тэдний зүгээс үүнд нэлээд бухимдангуй байгаа юм.

ИРГЭД:

  1. Монос гэлтгүй том эм хангах байгууллагууд бүгд яам тамгийн газарт төлөөлөлтэй байдаг юм билээ. Томчууд нь тохиролцоод жижиг бусдыгаа хааж боож бүх аргаар дарамтлана. Хууль бус эмийн наймаа нь гаалийнхантай “өвөр түрийндээ” орчихсон, ганц эмийн салбар гэлтгүй бүх салбарт иймэрхүү мафи байна. Авлига, шударга бус өрсөлдөөнийг тасалж бүх хүнд тэгш боломж олгох нь төрийн үүрэг. Хилээр хууль бус зүйл оруулахгүй байх нь гаалийн, төрийн үүрэг. Ингэж бодохоор ТӨР өнөөдөр хөгжлийн гацаагч, хууль завхруулагч болсон байна.
  2. Витамин болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй гэх 2,3 компани л оруулна. Хувь хүн өөртөө болон гэр бүлийхэндээ авсныг 1 ширхэгээс дээш бол гааль дээр хураадаг эсвэл өндөр татвар төлж оруулдаг болоод удаж байна.
  3. Өөрийн хувийн хэрэгцээндээ авч бгаа 1-2 ширхэг витамин ч оруулж ирэх хориотой байна гэдэг байж болохгүй асуудал. Монголд байхгүй олон төрлийн витамин байдаг. Дээр нь Моност ямар ч сонголтгүй, юу нь мэдэгдэхгүй танихгүй үйлдвэрийн витамин их байдаг. Дэлхийн сайн, чанартай витаминуудыг бид хямд үнээр худалдаж авмаар байна.
  4. Эмийн мафи хэрээс хэтэрч байна. Иргэд өөрсдөө витамин оруулж ирэх эрх байхгүй. Эмийн санд байгаа чанар муутай витаминыг нь сонголтгүй авч байна. Зүгээр л иргэдийн эрүүл мэндийг үгүй хийх тактик гэж харахаар байна.

Энэ мэт гомдол, шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр дүүрэн бий. Уг нь ямар нэгэн өвчин эмгэгээс сэргийлэх зорилгоор биологийн идэвхт бүтээгдэхүүн /БИБ/-ийг хэрэглэдэг. БИБ гэдэгт хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарна. Үүнийг хүний өвчнийг эмчлэх, анагаах зорилгоор хэрэглэхгүй гэж МУ-ын эм, эмийн түүхий эд, биололийн идэвхит бүтээгдэхүүнийг бүртгэх журамд тусгажээ.

Тиймээс уг асуудлыг тодруулахаар хэд хэдэн мэргэжлийн байгууллагатай холбогдож, тодруулга авсан юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хэвлэлийн төлөөлөгч:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэчнээн эм, эмнэлгийг хэрэгсэл импортлох зөвшөөрөлтэй байгууллага байна вэ?
-Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөлтэй 384 байгууллага байдаг. Үүнээс биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу витамин оруулж ирэх зөвшөөрөлтэй 102 аж ахуй нэгж байна. Эдгээр нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага юм.

-Тухайн ААН-үүд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-MNS 5530:2014, MNS 6396:2013 гэсэн хоёр стандартыг хангасан байх шаардлага тавьдаг.

Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч:

-Өнөөдрийн байдлаар ямар ямар байгууллага нийт импортын витамины хэдэн хувийг оруулж ирдэг вэ?
-Гаалийн тухай хуулиар ААН-ийн мэдээллийг гуравдагч хүнд дамжуулах хориотой байдаг тул хэлэх боломжгүй гэв.

Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дараах албан бичгийг ЭМЯ-нд илгээсэн ч мөн хариу аваагүй байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан эмийн чанар хүртээмж, нийлүүлэлтийн асуудлыг хянан шалгах Түр хороо тавдугаар сард байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг энэ асуудлыг авч хэлэлцэж байгаа ажээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.