/2022.8.15/ Тун удахгүй улстөр буцлах нь.
Одоогоор Засгийн газрын ордон, Тусгаар тогтнолын ордон эл хуль. Ерөнхийлөгчийн тамгын газрынхан, УИХ-ын гишүүд, туслахууд цөм амарсан.
Тэдэнд “Их тулааны өмнө сайн амар” гэж дуулгасан гэх. Харин амрах боломжгүй учир Засгийн газрын “хэд” л завсаргүй ажиллаж харагдана.
Сонгуулийн жил, төвхнөх жил гэсээр хоёр жил амраагүй тэд хэсэг амарч аваад ханцуй шамлан их улстөр хийхээр ажилдаа орох нь.
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЯАХ ВЭ?
Наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг “Ээлжит бус чуулган”-аар шийднэ хэмээн шивнэлдэж байсан. Нам дотроо дорвитой дэмжлэг авч чадаагүй, УИХ-ын гишүүд нь нэмэлт өөрчлөлт танилцуулахаар тойргууд руугаа явсан боловч ихэнх нь иргэдэд хөөгдөөд буцжээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэдгийг бараг л бүгд мэдэж буй. Гэвч улстөрийн зориг дутаж байгаа нь хаа хаанаа харагдана.
Өөрчлөлтийн салхийг ХҮН-ийн Т.Доржханд хагалсан бол одоо Намбарын Энхбаяр Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлыг манлайлан ажиллахаар болжээ. Н.Энхбаярыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тушаал гарган "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх ажлын хэсгийн дарга"-аар томилжээ. Түүний хувьд арвин туршлагатайгаас гадна намаа нэгтгэсний дараах хамгийн том тохироо үүний ард биеллээ олох нь.
ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ?
Мөн энэ сард Засгийн газрыг “хөдөлгөх” нь тодорхой болжээ. 2022 оны нэгдүгээр сард л Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтэц зохион байгуулалтыг баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хоёр яамны сайд тодроогүй. Тиймээс нэн түрүүнд энэ хоёр яамны сайдын нэрсийг тодорхой болгох нь.
Мөн дараах сайд нараас “хусаж” магадгүй байна. Үүнд:
- ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд
- Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
Дээрх нэрсийг харвал Засгийн газрын танхимын “Мэргэжлийн” гэгдэх сайд нар байгаа юм. Мэргэжлийн сайд нар нь ажил хийсэн атлаа түүнийгээ олон нийтэд хүргэж чаддаггүй, Ерөнхий сайдаа урдаа барьдаг “гэмтэй” зэрэг нь анзаарагдана. Мөн тэдгээр нь "дан дээлтэй".
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болно гэдгийг сануулъя. Харин энэ өөрчлөлтийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар "Үндсэн хууль зөрчиж байна" хэмээн Цэцэд гомдол гаргасан. Энэ талаарх цэцийн дүгнэлт ихээхэн анхаарал татах учиртай. Өнөөдөр энэ шийдвэр тодорхой болох юм.
Хэрэв Үндсэн хуулийн цэцээс "Давхар дээлтэй сайдын тоо 4 байна гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна" гэж үзвэл УИХ-ын гишүүдээс Засгийн газрын танхимд санаархаж буй хүн цөөнгүй байна. Тухайлбал, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэх үү?
Үлдэнэ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрх дөрвөн жил байхаар заасан. Харин огцруулахын тулд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэх юм.
Хэрэв Ерөнхий сайд огцорвол танхим нь бүхэлдээ огцорно.
Эс бөгөөс санаанд оромгүй СТАНДАРТ БУС шийдвэр гаргаж магадгүй. Тэр бол “Хамтарсан Засгийн газар”. АН-тай нэг талдаа гарч, тэднээс сугалан Засагт оруулах хувилбарыг шивэр авир гэж байна.