/2024.12.14/ Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-ээс "Монгол Улс дахь бага насны хүүхэдтэй ээжүүдийн агаарын бохирдолтой үеийн нийгмийн сайн сайхан байдал" судалгааг хийж, олон нийтэд нээлттэй байршуулсан тул бид судалгаанаас хүргэж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол (утаа, тоосонцор гэх мэт) жил ирэх бүрт улам дордож байна. Энэ 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар гэхэд Улаанбаатар хотын PM2.5 хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх жилийн дундаж хэмжээнээс 6.9 дахин өндөр байна гэж судалгааны эхэнд дурьджээ. Судалгаагаар:
- агаарын бохирдол ээжүүдийн сайн сайхан байдал, амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа,
- энэхүү орчны таагүй байдлаас үүдэлтэй сорилтыг даван туулах ээжүүдийн тэсвэртэй байдал хэр хэмжээнд байгаа,
- ээжүүдийн тэсвэртэй байдлыг дэмжихэд нийгмийн капиталын үүрэг, оролцоо ямар түвшинд байгааг тодорхойлжээ.
Дээрх асуудлуудыг тодорхойлохын тулд дараах гурван асуултад хариулт өгөхөөр зорьжээ.
- Агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй асуудлуудыг ээж нар өдөр тутамдаа хэрхэн даван туулж байна вэ?
- Хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ? Ээжүүд хэрхэн урьдчилан сэргийлж, ямар арга хэмжээ авч байна?
- Ээжүүдийг эдгээр асуудлыг даван туулахад нийгмийн капитал ямар дэм болдог вэ?
Судалгааг дүрс зургийн арга, фокус бүлгийн ярилцлага, гүнзгийрүүлсэн ярилцлага зэрэг чанарын олон аргаар хийсэн байна. Мэдээлэл цуглуулалтад УБ хотын 10 ээж сайн дураар оролцож, нэг сарын хугацаанд үргэлжилжээ. Ээжүүдийн хувьд 2-11 насны хүүхдүүдтэй гэр хороолол, орон сууцны орчинд амьдардаг тус бүр 5 оролцогч байна.
АГААРЫН БОХИРДЛЫН ҮЕ ДЭХ ЭЭЖҮҮДИЙН
САЙН САЙХАН БАЙДАЛ
Судалгаагаар агаарын бохирдол ихсэх үед ээжүүдийн сайн сайхан байдалд огцом өөрчлөлт орж, сайн сайхан байдлын түвшин буурдаг нь тогтоогджээ. Ээжүүдийн нийгмийн харилцаа, эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын чиглэлд гол өөрчлөлтүүд орж, сайн сайхан байдлыг нь бууруулдаг ажээ.
Агаарын бохирдолтой үед ихэвчлэн ээжүүд ажлаасаа чөлөө авч, хүүхдээ харж асардаг байна. Ингэснээр нийгмийн үйл ажиллагаануудаас хөндийрдөг ажээ.
Мөн өөрийн бус харин гэр бүл, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ихээр санаа зовдог. Жирэмсэн эмэгтэйчүүд урагтаа ихээхэн санаа зовж байна. Амьгүй төрөлтийг судлахад жирэмсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр хорооллын дүүргүүдийн харьяалалтай, дутуу төрөлтийн түвшин 1000 амьд төрөлтөд 15.5 байсан байна. (ЖҮХ 2020)
Санхүүгийн нөөц хязгаарлагдмал байдгаас гэр бүлийн гишүүд тэр дундаа хүүхдүүд нь өвчин эмгэг тусах үед ээжүүд өөрсдөөс нь хамаарсан гэж үзэж стресс, сэтгэл санааны дарамтад өртөх байдал түгээмэл байна гэж судалгаанд онцолжээ.
АГААРЫН БОХИРДЛЫН ҮЕ ДЭХ ЭЭЖҮҮДИЙН ТЭСВЭРТЭЙ БАЙДАЛ БА АВЧ
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
"Судалгааны үр дүнгээр Монгол ээжүүд агаарын бохирдлоос үүдэлтэй өдөр тутмын асуудлууд, түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, дасан зохицох, даван туулах арга хэмжээг маш идэвхтэй авч хэрэгжүүлдэг болох нь харагдсан" гэжээ.
Ээжүүд хоорондоо дасан зохицох, даван туулах мэдлэг, мэдээлэл, туршлага зэрэг нөөцүүдээ хуваалцах үйл явц зөвхөн агаарын бохирдлын идэвхтэй үед гэлтгүй жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагдаж байна. гэжээ.
Монгол Улсад жилд 300 орчим хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 80% (n=240) гаруй нь тав хүртэлх насны хүүхэд. Тиймээс ээжүүд хүүхдийнхээ өвчлөлд хамгийн их санаа зовдог.
Улмаар амьсгалж буй агаарын бохирдол хэт өндрөөс хүүхдүүдийн уушгины чадавх нийтлэг муудаж, өвчлөлийн давтамж нэмэгдэж, эдгэрэх үйл явц удаашралтай, зарим үед нэг төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиадны дараа өөр төрлийн ханиад хүрэх зэргээр өвчлөлийн үйл явц олон хоногоор үргэлжилдэг нь ээжүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болдог гэжээ.
Ээжүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд ихээр санаа зовдог тул жилийн дөрвөн улиралд арга хэмжээ авдаг. Ингэхдээ:
- Зун, агаарын бохирдол багатай үед цэвэр агаартай газар хүүхдүүдээ аваачих, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх болон биеийн ерөнхий дархлааг сайжруулах уламжлалт аргууд (айргаар шавших, хар цайнд оруулах...)-ыг нийтлэг ашиглаж,
- Намрын улиралд дархлаа дэмжих хүнсний нөөцөө бүрдүүлэх, хадгалах
- Хаврын улиралд улирлын шилжилт эрчимтэй явагдаж буй үед нойроо сайн авах, шөлтэй, үхрийн махтай буюу уураг ихтэй хоол сайн идэх, эрт нимгэлэхгүй байж дулаанаа хадгалах,
- Өвлийн улиралд нэмэлт витамин, дархлаа дэмжих эмэн болон эмэн бус аргуудыг хэрэглэх, амралтын өдрүүдээр хотоос гарч цэвэр агаарт амрах, мөн дархлаа дэмжих халуун, шөлтэй хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх (халуун аарц, чацаргана, шөлтэй хоол...) арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.
Судалгааны дүгнэлт хэсэг нь “Улаанбаатар хотод амьдардаг ээж, тодруулбал бага насны хүүхэдтэй бол хувь хүнээс өөрөөс үл хамаармалаар хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэхтэй зэрэгцэн тэдний сайн сайхан байдал огцом буурч байна" гэж эхэлжээ.
Агаарын бохирдлын үед ээжүүдийн өдөр тутмын амьдралын хэмнэл, хэв маягт мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Ээжүүд эдийн засгийн хувьд илүү дарамтад орж, нийгмийн харилцаа нь багасахаас гадна өөрийн болон өрхийн гишүүдийн боловсрол, эрүүл мэндээс үүдэлтэй олон асуудалтай тулгарч байна.
Эдгээр шалтгаанаас үүдэж ээжүүдэд сэтгэл хөдлөл багасах, сэтгэл санаагаар унах, амьдралын сэтгэл ханамж буурах хандлагууд ажиглагдаж байна.
Угтаа агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудыг даван туулахад ээжээс хувь хүнээс хамаарах оролдлого, хичээл зүтгэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ маш идэвхтэй байсан нь уг судалгааны нэг чухал үр дүн байв. Тэд агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудыг даван туулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, алхмуудыг жилийн 4 улиралд авч байдаг.
Гэсэн хэдий ч тэдний хичээл зүтгэлээс үл хамааран хүүхдийн эрүүл мэндийн байдал муудаж, хүндэрвэл ээжүүд нийтлэг өөрсдийгөө буруутгаж, хувь хүний түвшинд асуудлын шалтгааныг хүлээж авдаг гэжээ.
Та бүхэн судалгаатай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
ЖИЧ: Дээрх нийтлэл нь бүхэлдээ судалгааны хэсгээс авсан бөгөөд зөвшөөрлийг IRIM байгууллагаас авсан болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.