/2024.05.29/: Төрийн бүтээмжийн үндэсний хорооны Ажлын албаны дарга О.Энхзултай ярилцлаа.
-Төрийн бүтээмжийн талаарх нэгдсэн ойлголт уншигчдад маань өгөөч?
-Төрийн бүтээмжийн туйлын зорилго нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар улс орныхоо тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд эерэгээр нөлөөлөх юм. Эцсийн хэрэглэгч болсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байгаа төрийн аппаратын бүтээмжийг дээшлүүлэх тухай ойлголт. Туйлын зорилгодоо хүрэхийн тулд төрийн албан хаагчдын чадвар, чадавх нэмэгдэж, төрийн байгууллагууд оновчтой зохион байгуулагдаж чадаж байна уу зэрэг засаглалын үзүүлэлтээр төрийн бүтээмжийг түвшин, түвшинд мөн хэмжих боломжтой.
-Танай ажлын алба ямар үүрэг зорилготой ажилладаг вэ?
-Манай Үндэсний хороог Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахалдаг. Манай ажлын алба хорооны гишүүн болох Засгийн газрын яам, агентлагууд, УИХ-ын харъяа байгууллагууд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл гэх зэрэг оролцогч талууд төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран баталсан төлөвлөгөөнийхөө хүрээнд баримталж буй стратеги, үйл ажиллагаануудын уялдаа холбоог хангаж ажилладаг.
Мөн бид бусад орнуудын төрийн байгууллагуудын бүтээмж өндөртэй, үлгэр жишээ ажиллаж байгаа аргачлал, туршлагуудаас дотооддоо таниулах, турших, нэвтрүүлэх чиглэлээр санаачлага гарган ажилладаг.
-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо огт уялддаггүй гэдгээрээ “алдартай”. Үүнийг хэрхэн засаж, өөрчилж болох вэ гэдэг дээр жишээ нь танай хороо санал гаргасан уу?
-Манай ажлын алба байгуулагдаад удаагүй ч дөрвөн үндсэн зорилт бүхий төлөвлөгөөгөө боловсруулан, батлуулаад ажиллаж байна. Монгол Улс “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” тэргүүтэй хөгжлийн урт, дунд хугацааны бодлогуудаа баталсан. Түүнчлэн, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, харъяа яам, агентлагууд болон нийслэл, орон нутгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд байна. Дээрх бүгд баримт бичиг нь дунд, урт хугацааны бодлогын баримт бичгээс гадна НҮБ-ын гишүүн орнуудын хамтран баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод нийцэж байх учиртай.
Өөрөөр хэлбэл, урт хугацааны бодлогодоо дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүд нь нийцэж, улс орноороо нэгэн зүгт тэмүүлж, урагшлах зорилготойгоор ажиллана гэсэн үг юм. Тиймээс эдгээр бодлогын баримт бичгийн заалт бүр нь иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдоно. Манай ажлын албаны нэг гол зорилт нь эдгээрийн уялдааг хангах нэгдсэн аргачлал, шийдлийг нэвтрүүлэхэд түлхэц үзүүлэх.
Жишээлэхэд, Засгийн газар нь баруун тийшээ явъя гэж байхад аль нэг яам нь дангаараа зүүн тийшээ зүтгээд байвал бодлогын баримт бичгүүд болон үйл ажиллагааны уялдаа бүхэлдээ алдагдана. Үүнээс л сэргийлэх шаардлагатай болсон гэсэн үг. Сүүлийн 30 жил харамсалтай нь ингэж явсан учир таны хэлж байгаа “Төрийн байгууллагууд уялдаагүй” гэдэг үг “алдартай” болтлоо даамжирсан байна.
-Уялдааг нь яаж хангах юм?
-Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд харилцан уялдаатай байх нэгдсэн аргачлал шаардлагатай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбооны санхүүжилттэйгээр Монгол Улсын бодлогын баримт бичгийн уялдааг хангахын тулд олон улсын түншийн хувьд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь “Үр дүнд суурилсан удирдлагын аргачлал”. Энэ аргачлалыг Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ХХААЯ дээр хэрэгжүүлж байгаа. Цаашдаа үндэсний хэмжээнд аргачлалыг хэрэгжүүлж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулах, үнэлэх, хянах, тайлагнахад уялдуулан ажиллана гэж ойлгож байгаа. Энэхүү аргачлалыг үндэсний түвшинд нэвтрүүлэх ажил явагдаж байгаа.
Мөн аргачлалыг цаашид цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. Цахим болохгүй бол стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг баримт бичиг боловсруулан, батлуулахад хувь хүний үзэмж, шийдвэр нөлөөлдөг хэвээр байх болно. Тухайлбал, цахим систем бүрэн ажиллаад ирэхээр аль нэг яам, газар, байгууллагаас стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөгөө оруулахад тухайн систем нь урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тухайн агуулга, зорилго нь тохирч байгаа эсэхийг шалгадаг болно гэсэн үг. Уялдахгүй бол алдаа заадаг ч юм уу, нэмэлт тайлбар шаардана. Тэгэхгүй бол одоо төрийн аливаа шийдвэрт хувь хүний үзэмж, улстөрийн хүчин зүйлс их нөлөөлж байна. Бодлогын баримт бичгийн уялдааг үл харгалзан “Манай тойрогт ийм зүйл хийх хэрэгтэй байна” гэж улсын төсөвт суулгахын тулд ил, далд хэлбэрээр нөлөөлөх гэдэг нь нууц биш. Эсвэл урт хугацааны бодлого хэрэгжсээр байтал түүнд огт хамаарахгүй үйл ажиллагаанд ихээхэн мөнгө зарцуулдаг, бодлогыг гуйвуулдаг гэх зэрэг асуудал үүссээр байна. Энэ бүхнийг шийдэх нэг гарц бол яалт ч үгүй цахимжуулалт юм.
-Аргачлал гаргах, цахимжуулах гэсэн хоёр асуудал байгаа юм байна. Үүний дараа?
-Эдгээр нь нэг хоёр жилийн дотор л хэрэгжчих зүйл биш. Төрийн албаны 200 мянга гаран хүн итгэл үнэмшилтэйгээр энэ аргачлал руу шилжих шаардлага бий болно. Энэ аргачлалыг “амь оруулах” хүчин зүйл нь төрийн албан хаагчид гэсэн үг. Ингэж байж дунд болон урт хугацаандаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлж чадна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд ч эерэг нөлөөтэй. Учир нь төлөвлөгөөт ажлаа хийгээд явж байтал хэн нэгэн улстөрийн албан тушаалтан шал өөр үүрэг даалгавар өгдөг, түүнийг нь гүйцэтгэхийн тулд үндсэн ажлаасаа гадуур маш их цаг хугацаа зарцуулна. Гэтэл дараагийн дарга нь ирээд дахиад өөр даалгавар өгдөг гэдэг ч юм уу. Эсвэл бүр өөр чиг үүргийн удирдах албан тушаалтнаас даалгавар ирэх гэх мэтээр төрийн албан хаагчийн ажилд сөрөг нөлөөтэй хүчин зүйл их. Тэгвэл энэ бүхнийг цахимжуулж, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулснаар төрийн албан хаагч өөрт хамааралгүй, бодлогын баримт бичигт хамааралгүй ажлыг гүйцэтгэх шаардлагагүй болно. Мөн төрийн байгууллагуудын сайн туршлагуудыг бусдад нь нэвтрүүлэх шаардлагатай. Үүнийг систем хөгжүүлэгч болон өөрчлөлтийн менежмент зэрэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай тодорхой хугацаанд, тогтмол эргэх холбоотой хийвэл хамгийн үр дүнтэй. Энэ мэтээр бид төрийн албаны сэргэлтийг мөн дэмжиж байна.
-Энэ аргачлал чинь яг монголын хөрсөн дээр бууна гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?
-ISO стандарт гэвэл хүмүүс илүү ойлгох байх. Тэр бол аргачлал шүү дээ. Аливаа агуулгыг гаднаас шууд хуулбарлах нэг хэрэг, харин аргачлалыг нэвтрүүлэх бол өөр зүйл. Үр дүнд суурилсан удирдлагын аргачлал бол олон улсад үндэсний хэмжээнд төдийгүй, ямар ч салбарын байгууллагад ч нэвтрүүлэх боломжтой аргачлал.
Ер нь энэ аргачлалыг энгийн үгээр тайлбарлавал “Юунд зорьж байгаадаа нийцүүлж хийх ажлаа тодорхойл, төсвөө гарга, үр дүнгээ хяна” гэсэн л санаа юм. Үүнийг мөн бодлогын цикл гэдэг.
Мөн чанарын өөрчлөлт, үр дүнг ойшоохгүйгээр тоог чухалчилдаг сэтгэлгээг халж, аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, шийдвэр нь хэчнээн иргэнд, ямар эерэг өөрчлөлт буюу үр дүн, үр нөлөөгөө үзүүлсэн юм бэ гэдгээр нь хэмждэг болох боломжтой. Жишээ нь нэг сумын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд “орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх” гэсэн ажил төлөвлөгдсөн байгаа юм. Хэрэгжүүлсэн байдал нь нэг суманд 10-аад үсчин бэлдсэн болж тайлагнагдсан байгаа юм. Тэдний хэд нь үсчнээр ажиллах зах зээл тэр суманд байгаа, тухайн арга хэмжээний иргэнд үзүүлэх чанарын өөрчлөлт хэр байх зэргийг судалж, тооцоололгүй тооны хойноос хөөцөлддөг сэтгэлгээ харагдаж байгаа биз?
-Хэдийнээс “Үр дүнд суурилсан удирдлагын”-ийн аргачлалын үр дүнг олон нийт мэдэрч эхлэх хүртэл хэдий хугацаа шаардлагатай вэ?
-Юутай ч НҮБХХ-ийн төсөл хэрэгжээд гурав дах жилдээ орсон гэж ойлгож байгаа. Одоо бүх яамд, төрийн байгууллагуудад нэвтрэхэд багагүй хугацаа шаардагдана. Гэхдээ нэгэнт ойлголтоо засгийн газрын түвшинд нэгтгэсэн учир ажил урагшилж байгаа. Энэ мэт томоохон өөрчлөлтийг нэвтрүүлэхийн тулд тасралтгүй, үр дүнтэй хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Яамдын удирдлагууд, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн байгууллагууд төдийгүй төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэд маань ч нэгдсэн ойлголтоор, нэг зүгт хараад, тал талдаа илүү ухамсартай, хариуцлагатай байх шаардлагатай.
Бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчид “үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага”-аар үндэснийхээ өсөлт, хөгжлийг дэмжих аргачлалаа нэвтрүүлж, шийдвэр гаргагчид дэмжиж, мэргэжлийн салбарынхан бодит тооцоо, судалгаагаар хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүд маань бүх асуудлыг төрд тохолгүй, дор бүрнээ илүү хариуцлагатай болвол бид нийтээрээ л хожно.