/2024.05.08/: Монгол Улсын Үндэсний Номын Сангаас сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл"-ийг ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлээ.
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад 9 дурсгал бүртгэгдээд байгаагийн 8-ыг нь Монгол Улсын Үндэсний Номын Сан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтат өвийг тодорхойлон дэвшүүлж, бүртгүүлээд байна.
Өдгөө "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдээд буй.
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн (UNESCO Memory of the World Programme) Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2024 оны тавдугаар сарын 6-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ жил “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” (The Family Chart of Hereditary Lords of the Khalkha Mongols, the House of Genghis Khan) болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” (Mongolia’s First Postage Stamp Eldev-Ochir) өвүүд бүртгэгдлээ.
"Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл"
- Бүтээсэн он: XIX зууны дунд үе
- Хэл: Монгол
- Хэлбэр: Дэлгэмэл
- Материал: Даавуу, хар, улаан бэх
- Хуудасны тоо: 1
- Хэмжээ: Өргөн 88.0 см, урт 90.5 см.
Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл.
Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн засаг ноёдын угсаа гарлыг Эзэн Богд Чингис хаанаас эх аван хөтөлж, Гэрсэнз Жалайр хунтайжаас эхлүүлэн ноёдын үе дарааллыг тойрог хэлбэрээр дүрсэлжээ.
Голын дугуй хэсэгт Чингис хаанаас Гэрсэнз хүртэл бичээд, үлдсэн хэсгийг хоёр тэнхлэгээр тэнцүү дөрвөн хэсэгт хуваан дөрвөний нэг тус бүрийг Халхын дөрвөн аймагт дараалан хамруулж, Гэрсэнзийн хөвгүүдийн нэрийг эхлэл болгон тэдний удмын зөвхөн засаг ноёдын нэрсийг 1896 он хүртэл бичжээ.
Энэ нь Халхын дөрвөн аймаг, долоон хошуу, Алтан ургийн бүх ноёдыг хамтад нь харуулсан 19 дүгээр зууны ховор нандин бичгийн дурсгал юм.
Эл гэрийн үеийн бичмэлд Эзэн Богд Чингис хаанаас доош алтан ургийн 30 үеийн 980 хүний нэр орсон, Монголын бараг 700 жилийн түүхийг хамарна.
Эх сурвалж: МУҮНС