/2024.04.09/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.
Засгийн газрын зүгээс “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор уг ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн жагсаалтанд 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2022 онд батлан “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөл хүний нөөцөөр 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар Улаанбаатар хотод 66 хүнийг, Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт тус тус 18 хүнийг бэлтгэн гаргаад байна.
Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан.
Энэ оноос дээрх аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах дадлагажуулагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт зохион байгуулсан.
Харин энэ удаад дөрөвдүгээр сарын 08-11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчид, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчдын төлөөллөөс бүрдсэн 18 хүнийг дадлагажуулагчаар бэлтгэх юм.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж, үг хэллээ.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн холбогдох хууль тогтоомжийн тухай, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөдөлмөр эрхлэх ач холбогдлын тухай, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаарх нарийвчилсан мэдээллийг өгч, лекц дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Эх сурвалж: ХНХЯ