/2024.04.08/ СУИС-ийн оюутнууд курс хоорондын дээрэлхэлтэд өртдөг байсан талаараа шүгэл үлээж сошиалд багагүй хэлэлцүүлэг үүсгэв. Б.Номин, Т.Бадамжав болон Б.Мишээл нарын жүжигчид доод ангийнхаа оюутнуудыг зоддог, мөнгө нэхэж дарамталдаг гээд гэмт хэргийн шинжтэй зүйлсийг шүгэл үлээгчид олон нийтэд ил тод болгов.
Гэвч энэхүү дээрэлхэлтийн асуудлын дараа хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тухайн гурван жүжигчнийг ажиллуулдаг Эмоци продакшн ч ямар нэгэн хариу хэлсэнгүй. Энэ хоёрдугаар сард Соёлын гавъяат цолоор шагнуулсан СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн нар тухайн хэрэг нь олон жилийн өмнө болсон, одоо ийм зүйл байхгүй, хатуу арга хэмжээ авч байгаа гэх тайлбарыг өгсөн юм.
Дээрх үйл явдал нэлээд хэдэн жилийн өмнө болсон ч ердөө өнгөрөгч 2023 онд мөн СУИС-ийн Театрын сургуулийн оюутнуудын дунд дээрэлхэлтийн хэрэг гарч, зарим оюутны хувцсыг тайчуулан, эмзэг эрхтнийг оюутнуудын өмнө ил гаргасныгаа “Нүүрийг нь хагалж байна” хэмээн тайлбарласан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед оюутнуудыг нэг жил улираах шийдвэрийг сургуулийн удирдлага гаргаж байжээ.
Хүний Эрхийн Үндэсний комисс тус сургуульд ажиллаж, судалгаа явуулахад оюутнуудын 30 гаруй хувь нь сургуулийн орчимдоо дээрэлхэлтэд өртдөг хэмээн хариулсан байна. Тиймээс ХЭҮК-оос тус сургуульд курс хоорондын дээрэлхэлтийг зогсоох, төгсөгчидтэйгээ хамтран ажиллах зөвлөмж, шаардлагыг хүргүүлж, хэд хэдэн удаагийн сургалтыг явуулжээ.
Эргээд шүгэл үлээсэн хэрэг явдлын талаар өгүүлэхэд, оюутнуудыг зодож, дээрэлхдэг байсан гурван жүжигчний хувьд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэд ажлаа хийсэн хэвээр, шүгэл үлээсэн хэрэг ямар нэгэн үр дүнгүй хэвээр өндөрлөв.
Энэ хэргийн дараа дуучин Мишээл шүгэл үлээв. Тэрбээр Гавъяат зүтгэлтэн Б.Чинбатын гэр бүлтэй хамтран ажиллаж байх есөн жилийн хугацаандаа мөн хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн талаараа сошиал хуудастаа бичсэнээр энэ хэрэг ил болсон юм.
Гэвч иргэд энэ мэдээллийг харилцан хуваалцаж, сошиал хуудсууддаа Б.Чинбат нарыг харааж зүхэхээс өөр зүйл болсонгүй.
Дээрх хоёр шүгэл үлээсэн тухайд, шүгэл үлээгчид ийнхүү өөрт тохиолдсон хэргийг олон нийтэд дэлгэн тавихын тулд маш их золиос, зориг гаргадаг гэдгийг дурьдах нь зүйтэй. Ийнхүү дэлгэснээр орчин тойрныхоо хүмүүсээс дахин дарамт мэдрэх, тухайн салбартаа ажиллахад хүндрэлтэй болох, сэтгэл санааны хувьд дахин хүчирхийлүүлж байсан үеийнхээ мэдрэмжийг авах, эргээд өөрсдөө сошиал буллид өртөх гэх мэтээр хохирол амсдаг. Тиймээс энэ мэт шүгэл үлээсэн тохиолдол бүрийн ард зохих албан тушаалтнууд шаардлагатай арга хэмжээг авах нь энэ мэт хэрэг дахин гарахаас сэрэмжилдэг.
Гэвч манай улсад харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Энэ нь УИХ-ын гишүүний бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх шүгэл үлээсэн бүсгүйчүүдийн хэрэг мөн замхарсантай адил замхрах нь.
Дээрэлхэлт, бэлгийн хүчирхийллийн хохирол зөвхөн тухайн хохирогчид хамаатай байдаггүй. Энэ асуудалд арга хэмжээ авахгүй байх нь тухайн байгууллагын ажлын бүтээмж сулрах, соёлыг баллах цаашлаад улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэй байдаг. Учир нь хохирогч нийгмийн харилцаанд орохоос татгалзаж, ажил, сургуулиа таслах, хөдөлмөрийн бүтээмж нь буурах зэрэг олон муу нөлөөллийг бий болгодог.
Мөн шүгэл үлээсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх нь гэмт хэрэгтнүүдийг улам өөгшүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг илүү далд байдалд шилжих, нийгэм айдас автах, хохирогчид амиа хорлоход хүрэх зэргээр нөхцөл байдлыг илүү хүндрүүлдэг.
Гэтэл одоогоор шүгэл үлээсэн охидод хэн ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх ямар ч мэдээлэл алга.
Манай улсад Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл яригддаг ч боловсронгуй биш, мөн өнөөдрийг хүртэл чуулганаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй л байна.
#MЕTОО ХӨДӨЛГӨӨНИЙ ДАРАА ЯМАР АРГА
ХЭМЖЭЭНҮҮД АВСАН БЭ?
#MеTоо хөдөлгөөн нь бэлгийн хүчирхийлэл, бэлгийн халдлагын эсрэг 2017 онд энэ хаштагийг ашиглаж эхэлсэн сошиал хөдөлгөөн юм (Me Too гэх үгийг анх 2006 онд ашигласан). Энэ хөдөлгөөнөөр ялангуяа ажлын байранд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг нэгтгэн хүчирхэгжүүлж, энэ гэмт хэргийн талаарх шүгэл үлээхэд хүргэсэн нь мянга мянган жишээг олон нийтэд ил болгоход тус болсон билээ. Анх холливуудын алдартай найруулагчийн бэлгийн дарамтын талаарх шүгэл үлээсэн нь Холливуудыг бүхэлд нь хөдөлгөж, энэ соёлыг хэрхэн үгүй хийх талаарх олон хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.
Энэ хөдөлгөөнтэй холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн мужид ажлын байран дах бэлгийн хүчирхийллийг хориглох, урьдчилан сэргийлэх хуулиудыг баталсан. Гэвч эдгээр нь зөвхөн албан хаагчдад хамаатай байсан бөгөөд гэрийн үйлчлэгч, урлагийнхан, uber жолооч нар зэрэг хувь гэрээ байгуулдаг тул тэднийг хамгаалах хууль бас хэрэгтэй байв. Тиймээс, 2019 онд гэрийн үйлчлэгч, асрагч нар болон продюссеруудтай шууд гэрээлдэг урлагийн салбарынхныг хамгаалах заалтыг бэлгийн дарамтын эсрэг хуульдаа оруулжээ.
Мөн сан байгуулах, хувийн бизнесийн байгууллагууд энэ талаарх арга хэмжээ авах гэх мэтээр маш олон дагалдах үйлдлийг энэ хөдөлгөөний дараа хийсэн байдаг.
Шүгэл үлээсний дараа түүнийг нягтлан шалгаж, засаж залруулах үйлдэл хийх нь хамгаас чухал байдаг. Ухвар мөчид эрх мэдэлтэн, албан тушаалтнаас бусдыг хүчирхийлэх, дээрэлхэх үйлдэл гардаг. Харин ухаалаг, эерэг эрх мэдэлтэн, албан тушаалтнуудаас гарч болох сөрөг үйлдлээс урьдчилан сэргийлэх томоохон үйлдлүүд гардаг.