Microsoft компани Windows Subsystem for Android (WSA) буюу Windows 11 үйлдлийн систем дээр 2021 оны 10-р сараас хойш Android аппликэйшнийг Windows программуудтай хамт ашиглах боломжтой дэд систем санал болгож эхэлсэн билээ.
Гэвч тэд энэ нэмэлт системийг хасахаар болж байгаа гэдгээ мэдэгджээ. Одоогийн байдлаар компьютер дээрээ WSA -н тусламжтайгаар Android аппликэйшн суулган ашиглаж байгаа хүмүүсийн хувьд энэ дэд систем ажилласан хэвээрээ байх боловч, 2025 оны 3 сар гэхэд Windows үйлдлийн систем дээрээс хасагдаж, цаашдын дэмжлэг хөгжүүлэлтүүд бүрэн зогсоно гэж мэдэгдсэн.
Мөн уг мэдэгдэлд, өнөөдрөөс эхлээд 2025 оны 3-р сарын хооронд Microsoft Store дээрээс Amazon Appstore болон Android аппликэйшнүүдийг устгах боловч хэрэглэгчид хүсвэл гуравдагч эх сурвалжаас татан авч суулгаж болно гэжээ.
Анх Windows 10 үйлдлийн систем дээр Windows Subsystem for Linux (WSL) дэд системийг хавсаргаж, хэрэглэгчид Linux орчны программууд, командын хэрэглүүрүүдийг ямар нэгэн нэмэлт virtual machine, давхар boot ашиглах буюу өөр үйлдлийн системтэй компьютерт зайнаас холбогдохгүйгээр ашиглах боломжийг санал болгож байсан ба WSA нь үүний дараагийн шатны алхам байсан юм. Аль аль дэд системүүд орчин үеийн техник хангамж болон программ хангамжийн дэвшилтэт шийдлүүдийн ачаар алдаагүй ажиллаж, Windows болон өөр бусад үйлдлийн системүүдийн ялгаа заагийг бүдэгрүүлэх зорилготой байлаа.
Linux-т зориулсан дэд систем нь хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, хэрэглэгчид олон янзын Linux хувилбарууд суулгаж, олон төрлийн Linux программууд ашиглаж, программ хангамжийн нийцлийг улам бүр сайжруулж, хэрэглэхэд хялбар болгож байсан бол эсрэгээрээ Android-д зориулсан дэд систем нь анхнаасаа л Amazon Appstore дээрээс суулгах аппликэйшнээ сонгох зэргээр хязгаарлагдмал шинжтэй явж иржээ. Хэрэглэгчдийн суулгахыг хүссэн аппликэйшнүүд дийлэнх нь Amazon Appstore-т биш Google Play Store дээр байсанд том асуудал байв.
Мөн Google Play Store нь ч өөрөө том дэлгэцтэй таблет, лаптоп компьютерт зориулсан хэрэгцээт аппликэйшний хомсдолтой байхад Amazon Appstore дээр PC-д зориулсан прогармм бүр ч цөөхөн байх нь ойлгомжтой. Тиймээс WSA дэд системийг хэрэглэгчид бараг тоож ашиглаагүй, сонирхол татаагүй нь энэ дэд системийг цаашид үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргахад хүргэсэн байж таарна.
Android хэрэглэгчид яаж ийж байгаад ямар нэг төхөөрөмж дээр Google Play Store суулгах албан бус арга олчихдог уламжлалын дагуу WSA дэд систем дээр “гар” аргаар Google Play Store суулгах арга олсон ч энэ нь нилээн ажиллагаа шаарддаг тул газар аваагүй юм. Асуудлын гол нь Android үйлдлийн системийн аль гайгүй гэсэн аппликэйшн бүр Windows хувилбартай буюу вэб хувилбар нь сайн ажилладаг тул энэ шийдэл ч асуудлыг шийдэхэд тус болохгүй нь ойлгомжтой байв.
Ийнхүү Microsoft корпораци Windows үйлдлийн систем дээр Android аппликэйшн ажилладаг болгох зорилгоосоо ухарч байгаа ч Windows компьютер, Android утас хоёрыг зохицуулан ажиллуулах ажлаа хойш тавиагүй байгааг өнгөрсөн 7 хоногт гарсан Windows 11 update харууллаа. Энэ шинэчлэлийг татаж авч суулгаснаар Windows хэрэглэгчид өөрсдийн Android гар утсыг компьютерийн вэб камер болгон ашиглах боломжтой болсон. Суурин компьютерийн ямар ч сайн камер Android үйлдлийн системтэй гар утаснуудын камерыг хүчин чадлаараа барахгүй нь мэдээжийн хэрэг билээ.
Эх сурвалж: arstechnica