Олон Монголчуудыг хохироосон койны асуудал одоо спорт бооцоо, 1xbet рүү шилжив үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Монголчуудыг хохироосон койны асуудал одоо спорт бооцоо, 1xbet рүү шилжив үү?

/2023.11.02/: Койн гэх халууралд Монголчууд нэг хэсэг автаж, зөвхөн 2021 онд л гэхэд Монголд 40 гаруй койн гарсан.

Эдгээрт итгэх нь итгэж, байр сууц, хадгаламжаа хүртэл гаргаж өгснөөр жирийн иргэд хамгийн багадаа 470 гаруй тэрбум төгрөгийг койнд алдаж, хохирсон гэх мэдээлэл бий. Багахан эдийн засагтай манай улсын хувьд энэ бол бага тоо биш.

Хамгийн их шуугиулсан IHC койн гэхэд одоо 0.1 төгрөг буюу ямар ч үнэлгээгүй болчихсон, хохирсон иргэд нь хаана хандахаа мэдэхгүй, сайн цаг хэзээ ирэхийг итгэж найдсан хэвээр байна. Крипто зохицуулалтын хууль гарч байдал арай намжсан ч одоо албан бус спортын бооцоо, BET гэх мэт дараагийн асуудлуудаар үргэлжилж буй бололтой.

Сагс сонирхогч залуусын хувьд О.Мөнхжингийн санхүүжүүлдэг IHC Apes багийн сагсны өмсгөл дээр байршсан 1XBET гэх логог андахгүй. Монгол Улсад бүртгэлгүй, албан бус гэдэг утгаараа тухайн үедээ Зар сурталчилгааны тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд харшилж, өдгөө ч О.Мөнхжингийн хавтаст хэрэгт шийдэгдээгүй яваа гэгддэг. Монгол Улсад бүртгэлгүй, ОХУ-д ажилладаг спортын мөрийт бооцооны системийн логог О.Мөнхжингийн компани е-спортс болон холбогдох бизнестээ ашиглаад байдаг нь санамсаргүй зүйл биш бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, уг мөрийт бооцооны системийг ОХУ-аас Монголд оруулж ирж ашиг олох ихээхэн сонирхол Оросуудад байгаа бөгөөд түрүүчээсээ 20-30 мянган хүн байнгын мөрий тавьдаг, мөн сард 10-20 тэрбум төгрөг Монголоос бооцоо хэлбэрээр алддаг болоод байгаа аж.

Олон залуус мөрийт бооцооноос болж аж амьдрал, санхүү мөнгөөрөө хохирч байгаа тул цагдаагийн байгууллагаас ч энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа юм байна. Мөн О.Мөнхжингийн хувьд 1XBET-ээс эхний байдлаар 500 мянган ам.долларын санхүүжилт авч, уг логог байршуулсан гэх албан бус мэдээлэл байна.

Хамгийн гол нь спортын бооцооны BET сүлжээ нь спортын аливаа групп, бүлэг, багууд, дэмжигчидтэй холбогдохыг зорьдог бөгөөд тэдний дотоод мэдээллээр дамжуулан, багууд, тамирчидтай хувь тохироо хийх, тоглолт наймаалцах замаар ашиг олдог аж. Гадаад орнуудад ийм албан бус сүлжээнүүдээс хамгаалахын тулд спортын байгууллагууд өндөр хяналт тавьж ажилладаг бөгөөд тусгай хяналтын системүүдийг ч ашигладаг аж.

Койны алдагдлаас хаширсан Монголчуудын хувьд аливаа албан бус сүлжээ, бооцоо, мөрий гэх мэт зүйлсээс хол байх нь зүйтэй биз ээ. Хууль, хяналтын байгууллагууд ч уг асуудлыг нарийн нягт шалгаж, эцэслэн тогтоох нь цаг хугацааны хэрэг болжээ.

БОАЖ-ын сайд “Петро Чайна Дачин тамсаг“ ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа
БОАЖ-ын сайд “Петро Чайна Дачин тамсаг“ ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.