Д.Сүхгэрэл: Германы сайтад гарсан материал нь намайг шалгах гол шалтгаан болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүхгэрэл: Германы сайтад гарсан материал нь намайг шалгах гол шалтгаан болсон

/2022.08.09/: “Хил хязгааргүй гол мөрнүүд” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэлтэй ярилцлаа.

Түүнийг Оросоос даалгавар авч, томоохон төслүүдийг гацаадаг хэмээн сошиалаар буруутгаад байгаа юм.

-НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалдаг газар байдаг. Энэ газрын төлөөлөгч Монголын байгаль хамгаалагч эрсдэлтэй нөхцөл байдалд орсон талаар твиттерт жиргэсэн. Та НҮБ руу гомдол гаргасан уу?
-Би гаргаагүй. Тухайн өдөр олон улсын хурлын ажлын хэсэгт оролцох боломжгүй болсон. Хэдийнээ оролцоно гэдгээ илэрхийлсэн хүн гэнэт орж чадахгүй боллоо гэхээр асуудал үүссэн байж таарна. Тэгэхээр миний нэрийн өмнөөс нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байсан.

-Монголын хүний эрхийн байгууллагууд уу?
-Үгүй ээ, манай байгууллага олон улсын байгууллагуудын сүлжээнд ажилладаг. Байгаль орчин, усны чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүс олон улсын байгууллагын анхаарлын төвд байдаг.

-Ер нь яг юу болоод байгаа юм бэ?
-Манай байгууллага гол ус хамгаалах үүрэгтэй байгууллага. Гол ус хамгаалахдаа монголын хүн амд гол усан дээр хийх гэж байгаа төслүүд, гол ус ашиглах гэж байгаа төслүүдийн сөрөг нөлөөн дээр ажилладаг. Нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ материалуудыг авч үзнэ. Хүн ам нь манай байгууллагат ирээд “туслаач, зөвлөгөө өгөөч” гэвэл манайх зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй. Чиг үүргээ л гүйцэтгэсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж Увсын малчид ирж, зөвшөөрөхгүй гэдгээ зарласан. Тэр хүмүүс УБ-т ирэхдээ манай байгууллагат ирж, “Бид эрхээ, нутаг усаа хамгаалмаар байна, ингэж хамгаалахад хууль эрхзүйн ямар боломж байна вэ” гэж ирсэн.

-Нутаг усаа хамгаална гэж, уг нь баруун таван аймаг ток цахилгаанаар хангагдаж, Оросын хараат байдлаас гаргачихвал нутаг усанд нь хэрэгтэй баймаар юм. Таныг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж, гацаагаад байгаа” гээд байгаа. Таны эсэргүүцэх шалтгаан чинь юу юм бэ?
-Эсэргүүцэж байгаа гэдэг үг манайхаас гарсан ганц ч бичиг баримтад байхгүй. Хуулийн дагуу эрсдлийн үнэлгээнүүдээ хийе гэж байна. Баруун бүсийн эрчим хүчний систем 45мегаваттай. Үүний 25 хувь нь Дөргөн, Тайшир усан цахилгаан станцууд хангадаг. Үүн дээр 90мегаватт буюу хоёр дахин илүү, тэгээд уснаас хараат цахилгаан станц барих гэж байна. Тэгэхээр баруун бүсний эрчим хүчний систем цэвэр уснаас хараат систем болно. Санхүүжилт нь Хятадаас BOT барьж, ашиглаад, шилжүүлэх зарчмаар санхүүжнэ гэж байгаа. Энэ мэдээлэл хуучин байж болох ч одоо хүртэл вэбсайт дээрээ байгаа. Тэгэхээр баруун бүсийн систем бүхэлдээ Хятадын гарт орно гэсэн үг.

-Орос байх, Хятад байх хоёрын ялгаа нь юу вэ?
-Төслийн зорилгод Их нууруудын хотгорт газрын тос олборлоно гэж заасан. Баялаг ухах зорилготой. Орос байхын ялгаа нь Оросоос угаасаа авч байсан, авч л байгаа. Тэнд газрын тос олборлох том компаниуд Оросын эрчим хүчнээс хараат байх сонирхолгүй л байхгүй юу. Тэрэндээ байгаа юм. Оросоос бол цөөхөн хэдэн сум, хэсэг газруудад авч байна. Хятадын 90 мегаваттыг авах юм бол Баруун бүс бүхэлдээ хятадын операторын гарт орно. Лаос яг ийм байдлаар эрчим хүчнийхээ төвийн системийг алдчихсан.

-Бариад дараа нь шилжүүлнэ гэдэг нь төслийн одоогоор байгаа хувилбаруудаас магадгүй хамгийн зөв нь биш үү?
-Биш. Энэ дээр эрсдлийн үнэлгээ хийлгэх шаардлага л тавьсан. Ховд гол Рамсарын хамгаалалттай, ус намгархаг газруудын тэжээгдэл гол. Рамсарын конвенцоор олон улсад хүлээсэн үүргээсээ түдгэлзэж байгаа юм. Усны тухай хуулийн 2-т заачихсан байгаа.

-Мөн nosvox.com гээд Герман хэл дээрх сайт дээр таны талаар бичсэн байсан. Бичихдээ “Монголын томоохон төслүүдийг Оросын даалгавраар гацаадаг” гэх мэтээр дурьдсан. Та энэ мэдээллийг уншсан уу?
-Уншаагүй. Гэхдээ тэр бичсэн зүйл нь намайг шалгаж, байцаагаад байгаагийн гол эх үүсвэр, шалтгаан нь юм.

-Таныг шалгаж байцаагаад эхэлчихсэн гэсэн үг үү?
-Тийм л гэж хэлье дээ. Германы эх сурвалжид бичсэн зүйлс нь хэдэн согтуу эрчүүд подкаст хийсэн байсан даа. Тэнд ярьсан зүйлсийг л бичсэн байна лээ. Эх сурвалжаа тэндээс авсан юм уу гэлтэй.

-Тэгэхээр тэр мэдээллүүдийг баталгаагүй хуурамч мэдээллүүд гэх гэж байна уу?
-Угаасаа тэр сайт нь хэн дуртай нь юу дуртайгаа бичдэг сайт.

-2021 оны аравдугаар сард ОХУ-ын зүгээс гадаадын агентаар Симоновыг зарласан. Та энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ?
-Ус хамгаалж байгаа хүн ганцхан Монголд хамгаалаад байдаг юм биш. Евгений Симонов бол дэлхий даяар, тэр дундаа ОХУ-д мөн ус хамгаалаад явдаг хүн. ЮНЕСКО-д ажилладаг Оросуудыг ашиглаж Монгол Улсын усан цахилгаан станцуудыг төслийг зогсоодог гэж энэ хүмүүс яриад байгаа юм. ЮНЕСКО-оос гарч байгаа зөвлөмжийн хамгийн том нь ОХУ-д Байгаль нуураа хамгаалахад чиглэсэн зөвлөмжүүд байдаг. Энэ зөвлөмжийг ОХУ дахь байгаль хамгаалагч, ус хамгаалагч нар гаргуулдаг. Тэгэхээр Орос дотроо ч усаа хамгаалах, усанд сөргөөр нөлөөлөх төслүүдийг эсэргүүцдэг. Тийм учир гадны санхүүжилттэй агент гэж бүртгэсэн.

-Та бид хоёр 2018 онд ярилцаж байхад Симоновыг мөн Монгол Улсын хилээр нэвтрэхийг хориглосон гэж Та ярьж байсан. Шалтгаан нь юу байлаа?
-Монгол Улсын эсрэг нууц мэдээлэл цуглуулах, тагнуулын үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсан гэдэг шалтгаанаар хар тэмдэг дарсан.

Тэр үеэр Симонов ирээд яамдуудтай албан ёсоор уулзалтуудыг тохироод, подкаст дээр яриад байгаа “халамцуу” нөхөр байна шүү дээ, тэр хүнээс албан ёсоор мэдээллийг нь хүсээд, усанд нөлөөлөх байдлыг нь тодорхойлох шалтгаанаар материалуудыг өгөөч гэж очсон. Уг нь нээлттэй байх ёстой материал. Гэтэл нуучихаад “Монгол Улсын нууц, тагнуул хийсэн” гээд байгаа юм. Үгүй, бид мэдээлэл авах, авсан мэдээллээ боловсруулах, анализ хийх, бусадтай хуваалцах эрхтэй. Орчин үеийн мэдээллийн ертөнц их өөр болсон. Энэ ажлыг тагнуулын ажил гэж нэрлээд байгаа юм. ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тайлангууд бүгд нээлттэй байх ёстой.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дээр үү?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дээр нээлттэй байх мэдээллүүдээс зөвхөн 7, 10, 11 дүгээр бүлэг нээлттэй байгаа. Түүнээс төслийн танилцуулга, техникийн үзүүлэлт, төсөл хэрэгжүүлэх нутгийн төлөв байдал, төслийн гол болон болзошгүй нөлөөллүүдийн талаарх мэдээллүүд нь байхгүй. Энэ бүгд байж гэмээ нь нөлөөллийн үнэлгээг үнэн зөв хийж үү гэдгийг бид мэдэх учиртай.

-Эг болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцууд өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна?

-Олон шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол орны ус их эмзэг. Хоёрдугаарт, энэ төслүүдийг боловсруулж, ТЭЗҮ-г нь хийж байгаа нь мэргэжлийн чадварын хувьд дутуу дулимаг боловсруулагдсан. Дээрээс нь байгаль орчин, экологи, усанд нөлөөлөх үнэлгээнүүд дутуу хийгдсэн. Мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсохгүй байгаад байгаа юм. Жишээ нь, загас хамгаалах байгууллагууд загасанд яаж нөлөөлөх талаар хэлээд л байгаа. Ганц манай байгууллага эрсдлийн үнэлгээнүүд шаардаад байгаа юм биш. Цамбагаравт яаж нөлөөлөх вэ, Хар ус нуурт яаж нөлөөлөх вэ гэх мэт. Мөн тэнд олон ястан амьдардаг, тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ. Би ҮАБЗ-д “Үндэстэн ястны хооронд сөргөлдөөн үүсэх эрсдлийн үнэлгээ хийсэн үү” гэдэг албан бичиг илгээсэн. Үүний үнэлгээг ч хийх ёстой.

-Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засагт өндөр үр дүн авчирна гэдэгтэй Та санал нийлдэг үү?
-Төслийн зорилгот нь эрдэс баялаг олборлоно, Их нууруудын хотгорт газрын тос олборлоно гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Өмнө нь чи бид хоёр ярьж байсан шүү дээ, өмнийн говьд усны нөөц байхгүй болоод ирэхэд монголын хүн ам баруун болон хангайн бүс рүүгээ төвлөрч эхэлнэ. Одоо хэдийнээ нүүдэллээд эхэлчихсэн. Тэр цагт Их нууруудын хотгорт газрын тос олборлоод эхэлчихсэн байх гээд байгаа юм.

-Гэхдээ бид эдийн засгийн хүчин чадалтай болчихвол байгаль орчноо хамгаалах боломжтой болохгүй гэж үү?
-Олон улсын олон байгууллага бий. Тэдгээрт гол усыг хүн төрөлхтөн боосноос учирсан хохирол илүү тул гол уснуудыг сэргээж, дээрх байгууламжуудыг устгах ажиллагаа эхэлчихсэн. Усны систем бол хүний зүрх, судасны системтэй л адил. Хэвийн урсгалыг нь хааснаас болж дэлхийн бөмбөрцөг хямралд орж, хамгийн том асуудал ус болчихсон байгаа юм. Арваннэгдүгээр сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх чуулганд мөн энэ талаар хөндөнө.

-Дандаа санал зөрөлдөж байгаад уучлаарай. Гэхдээ барууны болон европын хөгжсөн орнууд өөрсдөө хөгжих хүртлээ байгалийн бүх л бололцоог ашигласан атлаа одоо биднийг хөгжих гэхээр “Та нар битгий байгаль ашиглаад бай, бид эрүүл орчинд амьдармаар байна” гээд байгаа юм шиг санагддаг юм.
-Наадх чинь бол яг зөв. Азийн орнуудад том хөдөлгөөн байдаг. Энд гардаг гол маргаан нь яг наад сэдэв чинь. Биднийг боль гэчихээд хэдэн жилийн өмнө Герман улс “Манайх нүүрсний цахилгаан станц барихгүй” гэж дэлхий дахинд мэдэгдчихээд дараа долоо хоногт нь манай улсад ирж, түүхий эдийн гэрээ байгуулж байгаа юм. Нүүрсний технологио Монгол руу экспортлох гэрээ байгуулж байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр чамтай санал нийлж байгаа юм. Гэхдээ бид “Барууныхан хөгжчихөөд, биднийг дараад байна” гэж бодохын оронд “Үр хүүхдүүд маань ирээдүйд усгүй болох вий” гэж л бодох ёстой.

-Танай байгууллага Оросоос ямар нэгэн захиалга даалгавар авч ажилладаг уу?
-Оросоос, хэнээс?

-Мэдэхгүй.
-Евгений Симонов гэдэг хүн чинь гол мөрний эвсэл гэдэг байгууллагын олон улсын зохицуулагч. Би Хил хязгааргүй гол мөрөн гэдгийн Монгол дахь зохицуулагч. Бид хоёулаа нэг байгууллагын зохицуулагчид. Бид нэг байгууллагын зохицуулагчид учир төслүүд дээр хамтран ажилладаг.

-Танай байгууллага хаанаас санхүүждэг вэ?
-Манай байгууллага Глобал грийн грандс гэдэг байгууллагаас санхүүждэг. Төслөөс шалтгаалдаг.

-Танай байгууллагын жилийн төсөв ойролцоогоор хэд байдаг вэ?
-Ихэвчлэн 5000 долларын төсөл, их том төсөл бичиж чадвал 10 мянган доллар.

-Сэдэвтэй холбоогүйгээр, энэ дэлхий дээр болж буй үйл явцтай холбоотойгоор нэг асуулт асууя. ОХУ-ын Украинд өдүүлсэн дайны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Тухайн үедээ америк судлалаар ажиллаж байсан. Тооцоонд байдаггүй нэг зүйл бол "Цөмийн дайныг барьж чаддаг хүч" гэж байдаг. Гол хүч нь Орос. Одоо эзэлж аваад, дайралт хийгээд байгаа тэр хотууд нь цөмийн бааз, цөмийн эх үүсвэрүүдийнх нь нөөц, Казакстанд сансрын хүчин чадал нь байгаа гээд хамгийн чухал газрууд руу нь дайралт хийгээд байгаа юм, миний харж байгаагаар. Би ямар ч дайныг зөв гэж үзэхгүй. Гэхдээ буланд шахагдсан амьтан өөрийгөө хамгаална гэдэг ойлголт бий. Энэ дайны хувьд би ямар нэгэн байр суурь илэрхийлдэггүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

ШУУД: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна
ШУУД: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.