С.Батхишиг: Хүүхдийг хашгирч, зодохгүйгээр сургах боломжтойг БҮХ БАГШ НАРТ ойлгуулах НЭН ШААРДЛАГАТАЙ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батхишиг: Хүүхдийг хашгирч, зодохгүйгээр сургах боломжтойг БҮХ БАГШ НАРТ ойлгуулах НЭН ШААРДЛАГАТАЙ

Боловсрол судлаач, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.Батхишиг

Сурахуйтай холбоотой хүүхэд, эцэг эхчүүдийн харилцаа, түүнд гаргадаг алдаа, боловсролын салбарт тулгамдаж буй асуудал болон шийдлийн тухай боловсрол судлаач, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.Батхишигтэй ярилцлаа.

БАГШ НАР ХУВЬ ХҮНИЙХЭЭ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХУВЬД
ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Боловсролын салбарын хүртээмжгүй байдал алслагдмал бүс, орон нутагт илүү байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлж буй. Гол шалтгаанаас нэрлэхэд, хөдөөгийн хүүхдүүд багш нарыгаа хараад "Багш хүн гоё, багш л болъё" гэж мөрөөддөг. Учир нь үүнээс өөр нийгмийн баялаг орчин тэнд алга. Хөдөө ажиллаж буй багш нарын ихэнх нь МУБИС-ийг төгссөн байдаг.

Гэтэл тус сургуульд ихэвчлэн 1970-1980 онд социалист улсад боловсрол эзэмшсэн багш нар ажиллаж байна. Тэд нохой, гахайн дээр туршсан том том онолуудыг ярьдаг ч одоогийн нийгмийн хөгжил рүү хөрвүүлэхгүй байна.

Цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй ийм онолоор дөрвөн жил сурсан багш буцаад нутагтаа очлоо. Тэд социалист үеийн онолуудыг одоогийн хүүхдүүдэд яаж буулгах ёстойг мэдэлгүй буцчихаж байна. Өөрөөр хэлбэл хувь хүнийхээ болон мэргэжлийн хувьд хөгжөөгүй. Ийм л тойрогт эргэлдэж, хөдөөд багшлах боловсон хүчний цус сэлбэлт байхгүй, бахь байдгаараа л байгаагийн нэг шалтгаан энэ. Боловсролын системийн гол нөлөөлөгч болох МУБИС үүнийг засах ёстой.

Боловсролын тогтолцооны өөр нэг гажуудал бол АНУ, Австрали, Япон зэрэг оронд төгссөн багш нар Монголдоо ирэхэд, мэдлэгийн суурь чинь Багшийн дээд (МУБИС)-ийнх биш байна, бакалаврын зэргээ энд сурсан байх ёстой гэж хэлээд ажилд авахгүй байгаа явдал юм.

Боловсролын чанараар дээгүүрт ордог орнуудад багш магистр, докторын зэрэг хамгаалаад нүд нь нээгдээд ирэхэд нь ийм хаалт тавьдаггүй. Хөдөөгийн сургуулиар яван хичээл орж буй үйл явцыг хотынхтой харьцуулаад үзэхэд үнэхээр эрс тэс байдгийг онцолмоор байна. Боловсрол судлаач хүний хувьд би үүнийг хүртээмжгүй байдлын бодит жишээ гэж хэлнэ. Хөдөөд боловсролыг хүртээмжтэй болгох реформыг зоригтой хийх шаардлагатай. Сургуулийн хөтөлбөр, сурах бичиг, багшийн нийгмийн асуудал зэрэг жижиг хэсгүүдийг нэг нэгээр нь мэрээд ахиц гарах нь бага. Дэлхийн жишиг ярихаа больё. Хувийн сургуулийн хүүхдүүдэд бага ангиасаа компьютер ашиглах, гадаад хэлээр мэдээлэл хүлээж авах орчин бүрдчихсэн байна. Гэтэл хөдөөд энэ боломж хомс.

-Боловсрол олохын тулд малчдын, үндэсний цөөнхийн хүүхдийн туулдаг үйл явцыг хотынхон тэр бүр мэдэхгүй байх. Үүнийг яаж шийдэх боломж байна вэ?
-Энэ нь хөдөө болон хотын боловсролыг зэрэгцүүлээд авч явах чадамжийн тухай юм. Бид аль хэдийн тогтолцоогоо бүрдүүлчихсэн улсуудыг одоо харж байгаа ч тэд түүхэндээ юуг туулж, өдий зэрэгт хүрснийг судлах хэрэгтэй.

Малчдын хүүхэд хэрвээ мал дээр гарах замыг сонгосон бол заавал өндөр зардал гарган хотод сургах шаардлага байхгүй байж болно. Хөдөө амьдрахад уншиж бичих, өөрийгөө илэрхийлэх болон өрөөлийг ойлгох чадвартай байхад болно гэж үзэж байвал энэ нь хүний сонголт, ардчиллын зарчим юм.

Харин инженер болох эсвэл хурдацтай хөгжиж буй нийгэмд амьдрахыг хүсэж буй бол хөдөөд сурах нь хүүхдийг хоцрогдолд оруулж байна. Иймд хотын хүүхдэд олгож буй боловсролыг хөдөөд ч түгээх хэрэгтэй. Бусад орны жишгийг харахад алслагдсан бүс болон томоохон хотуудад яг ижил боловсролыг хүргэж чадсан. Ихэнх оронд малчин, гахай, тахиан аж ахуй эрхэлж буй иргэн боловсролтой, хэнтэй ч харьцах чадвар, соёлтой байдаг буюу хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ижил соёл, боловсролыг эзэмшсэн байдаг. Бүгд нэг төрлийн соёлыг хүлээж авсан гэсэн үг. Алдаа оноотой ч үүнийг бүтээж чадсан жишээ олон байна шүү дээ. Үүнээс судлаад, суралцаад явах боломж зөндөө бий.

БАГШ НАР, СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ОЛОН УЛСЫН, СҮҮЛИЙН ҮЕИЙН
СУДАЛГААНЫ ТАЙЛАН ОЧИХГҮЙ БАЙНА

-Нийгмийн хэрэгцээгээ дагаад ихэнх залуу малчид хүүхдээ Улаанбаатарт амьдруулахыг хүсдэг болсон нь ажиглагддаг.
-Мэдээж хүн өөрөөсөө дээр, таатай орчинд хүүхдээ амьдраасай гэж хүсдэг. Хүүхдээ малчин болговол байгалийн хүчин зүйлсээс хамаарсан хатуу ширүүн нөхцөлд амьдарна гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Тиймээс малчид хүүхдээ хотынхтой ижил түвшний боловсрол эзэмшүүлэхийг хүсэж байна. Энэ нь ч зүй юм. Эндээс боловсролын хүртээмжийг хөдөөд хүргэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Тэгэхээр боловсролын хүртээмжийг сайжруулахаас реформыг эхлүүлэх хэрэгтэй. Үүний тулд боловсролын чанар хүртээмж өндөр түвшинд хүрсэн улсуудын туулсан замналыг судлах шаардлагатай.

-Боловсролын гол оролцогч тал болох эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэй харилцахдаа ямар алдаа гаргадаг вэ?
-Маш нухацтай авч үзэж ёстой дараагийн асуудал бол "Хүүхдийг зодож болдог" гэсэн хандлага. Үүнийг нөгөө л хөдөө орон нутагт ажилладаг багш нар гаргах талтай. "Бид зодуулаад муудаагүй, эрүүл саруул иргэн болоод өсчихсөн" гэдэг. Бид яг үнэндээ зодвол төлөвшдөг гэж боддог. Үүнийг халах ёстой. Томоохон их, дээд сургуулиуд судалгаа гаргаад үүнийгээ батлаад явдаг. Багш, сургуулийн удирдлагуудад шинэ судалгааны тайлан очихгүй байна гэж харж байна. Бүр 2013 онд Японд хүүхдийг дарамтлах, ганц удаа толгой руу нь тоншвол тархины эс үхэждэг тухай судалгааны тайланг гаргасан.

Үүнээс өмнө хүүхдийг зодсон ч их сургуульд ордог, сайн хүн болдог гэсэн ойлголт байсан. Үүнийг халахгүй бол хүүхэд илүү чөлөөтэй сэтгэх, бүр олон зүйлд авьяастай байж болох байсан боломжоо алдаж, эсүүд устаад дахин сэргэдэггүй.

Хүүхэд зодуулаад сэтгэлийн ямар шарх авсан, энэ нь амьдралд нь яаж нөлөөлөв гэдгийг мэдэх боломжгүй, судалгаагүй үе байсан. Зодчихоор маргааш нь хичээлээ хийгээд ирдэг, гадуур тэнэдэггүй, үгэнд ордог гэж ярьдаг. Бүр хүмүүжлийн арга зүй байсан гэж хэлж болно. Гэтэл хүүхэд сэтгэл санааны хүнд гэмтэл авахаас гадна сэтгэн бодох чадвар нь сулардгийг судлаад тогтоочихсон. Энэ нь тухайн хүүхдийн сэтгэл санаанд хэрхэн тусаж, цаашид амьдралаа авч явахад яаж нөлөөлдөг бол? Том болоод эхнэр нөхөртэйгөө муудалцах, даргадаа загнуулах үед яаж илрэв гэхчлэн олон асуудлын суурь болдгийг бодолцохгүй байна. Сэтгэлийн шархтай хүн нийгмийн эсрэг гэмт хэрэг хийдэг, турхирдаг нь хүүхэд байхдаа зодуулж байсны уршиг гэдгийг нотолчихсон.

Хүүхдийг чанга хашхирах болон зодохгүйгээр сургах аргыг мэдэх боломжтой шүү дээ. Үүнийг бүх багш нарт ойлгуулах нэн шаардлагатай. Хүүхэд дуртай юмаа хийж болдог, энэ явцдаа алдаа гаргах эрхтэй. Алдааг нь зөвлөн тусалж, хайраар тосон авах үлгэрлэлийг реформоор өөрчлөх ёстой. УИХ-ын гишүүд дотор ч хүүхдээ зодож болно, гэр бүлийн хуульд үүнийг үлдээнэ гэж ярьдаг хүн цөөнгүй байна.

Тэд их, дээд сургуулийн баталсан онолын талаар ямар ч мэдээлэлгүй байгааг харж болно. Жишээ нь Ч.Ундрам гишүүн хүүхдээ цохиод авдаг, би шаардлага тавина гэж байгаа нь тэр хүний л бага насны туршлага, ойлголт. Анхаарууштай нь тэрээр Гэр бүлийн тухай хуулийн гол тоглогч. Хүүхдийн хөгжлийн шинэ судлагдахуунаар яаж хүүхэдтэй харьцах ёстой талаарх мэдээлэл аваагүй хүмүүс хууль батлалцаж байгаа нь харамсалтай.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОДОГГҮЙ УЧИР БИ ТӨРИЙН
БАЙГУУЛЛАГАТ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ

-Хүүхдийг хүндэлж байгаа үйлдэл юунаас эхлэх вэ?

-Хөгжингүй улсад ямар ч үйл ажиллагаа хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьдаг бол Монголд хүүхдийг ялгаварлан гадуурхсаар байна. Хүүхдээ дагуулаад гадуур яваад үз. Хүүхдийн орчин гэж алга. Жишээ нь Японд үйлчилгээний газрууд хүүхдэд зориулж цаас, будгийн харандаа бэлдсэн байдаг. Хүүхдийг хүндэлж байгаа энгийн үйлдэл. Энэ нь мэдээжийн зүйл болсон ч манайд дандаа насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Энэ нь хүртээмжгүй байдлын их ялгарал л даа.

Манай улс дэлхий нийтээс өөрөөр явж байгаагаа захын дэлгүүр, үйлчилгээний газруудаас харж болно. Тэнд хүүхдэд зориулсан булан ч байхгүй учраас олон нийтийн газар хүүхдүүд ихэвчлэн утас үзэж байгаа харагддаг.

-Та яагаад энэ чиглэлд ажилладаггүй вэ?
-Монголд хаана ч ажиллахад надад амаргүй байдаг. Учир нь хүүхдийг дарамталж, тэдэнтэй хатуу харьцаж байгааг би харж чаддаггүй. Өөр байж болдог сайн жишгийг мэдчихээр хүлээн зөвшөөрч чаддаггүй гэх үү дээ. Өөр улсад хүүхэд чөлөөтэй, өөрийнхөөрөө байдгийг харчихсан учраас эмзэглэдэг.

-Таныг нэг өдөр боловсролын сайд болооч гэвэл та юу хийх вэ?
-Би хүүхдэд гар хүрэх, хашхирах, хүчлэх арга барилыг үндсээр нь байхгүй болго гэсэн тушаал гаргана. Энэ нь хүүхэд өөрийнхөөрөө сэтгэж, бидний үеэс хамаагүй илүү байх боломжийг нээх чухал алхам болно гэж бодож байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог дэмжих санаачилга өрнүүлэх байх. Асран хамгаалагчдын нийтлэг дутагдал бол сургуульд найддаг. Сургуулиас эцэг эхчүүдийн дунд тэмцээн, урлагийн үзлэг зохиохыг багагүй шүүмжилж байна. Миний бодлоор энэ буруу. Эцэг эх байх гэдэг нь санхүү болон цагийн хувьд чөлөөтэй байж, хүүхдээ өсгөх тухай ойлголт шүү дээ. Үүнийг хангаж чадаагүй учраас нэг талд даатгах хандлага байна. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх оролдлого одоогоор учир дутагдалтай байж болно.

Урлаг, спортын тэмцээний цаана уулзаад хамтдаа хүүхдүүдийнхээ тухай ярилцъя гэсэн санаа бий. Асран хамгаалагчийн нэг нь хөдөлмөрлөөд нөгөө нь хүүхдээ өсгөхөд түлхүү цаг гаргавал хүүхдийн хамт байх, хайрлуулах хэрэгцээнүүд хангагддаг.

Хүүхдэд хайр өгөх, хамт байх үзэл баримтлал дээр багш, эцэг, эх асран хамгаалагч нэг ойлголттой болох нь чухал. Багш, сургууль, эцэг эх дайсан биш, хамтарч ажиллах учиртай. Нөгөөтээгүүр хамт байх цаг хугацаа, эдийн засгийн боломжоо шийдэж байж хүүхэд төрүүлэх нь хариуцлага юм. Тэрнээс багш муу ажиллаж байна, эсвэл эцэг эх үүргээ ухамсарлахгүй байна гээд л байдаг хэн ч тоохгүй ч хүн бүрд тохиолддог асуудал хэвээрээ л байвал шийдэлд хүрэхгүй.

-Хүүхдэдээ цаг гаргах боломжоор хангахад анхаарсан сайн жишгээс нэрлэвэл? Үүний ач тусыг тодруулж хэлэхгүй юу?
-Тухайлбал, Норвегт нэг хүүхдэд 2000 доллар өгдөг. Ээж гэртээ байж хүүхдийнхээ боловсролд анхаардаг. Манайх 50000 төгрөг өгч үзлээ. Скандинавын орнууд ажлыг гурван цагт тарааж байна. Өдрийн талыг нь гэр бүлтэйгээ өнгөрөөнө үү гэж улсаас бодлогоор зохицуулж өгч байна л даа. Хүүхэд өсгөхөд эцэг эх, асран хамгаалагч хажууд нь байх чухал гэсэн санаа. Энэ нь аль алинд нь сэтгэл санааны хамгаалалттай байгаа мэдрэмжийг өгдөг гэдгийг ойлгосон учраас зарим улс мөнгө өгч, эсвэл эцэг эхийг эрт тараах хувилбарыг хэрэгжүүлж байна. Аль нэг аргыг дуурайх эсвэл цоо шинийг зохиож хүүхэдтэй нь хамт байлгах арга зам олохоос өөр аргагүй.

Сэтгэл санааны шархтай хүүхэд том болоод ажил хийх, гэр бүл зохиоход ч асуудал үүсэж, нэг л цэгцэрч өгдөггүй. Хүүхдийн бага насандаа авсан шарх амьдралыг туулаад авч явах чадамжгүй болгодог. Сэтгэлийн боловсрол гэж ярьж эхэлж байгаа нь том хөдөлгөөн. Мөн сургуулиуд сэтгэлзүйчтэй болж байгаа нь сайшаалтай. Үүнд чадавх, нэг үзэл баримтлал болон хүүхдийг зодож болохгүй гэсэн нэгдсэн ойлголттой байвал сайн.

Яаж шийдвэл асран хамгаалагч хүүхэдтэйгээ илүү хамт байх вэ гэдэгт бодлого хэрэгтэй. Өргөн уудам нутаг, мал аж ахуй, байгалийн баялгаа ашиглаад үүн дээр шийдэл олох. Мөн аль нэгэнд нь илүү анхаар гэхээсээ илүү гурвуулаа оролцох чухал. Гурван талт оролцоогоор хүүхэд хөгждөг. Хүүхдэд өөрийн гэсэн орон зайг гаргаж өгөх зэргээс үйлдэл болгоод эхэлбэл дөхөм байх. Хүүхдэд аливаа хэлбэрээр дарамт бүү үүсгээсэй. Хүүхэдтэйгээ байх эрх чөлөөг олгодоггүй учраас би улсын байгууллагад ажиллаж чаддаггүй.

ХҮҮХЭД ХИЧЭЭЛ ДЭЭР ЯРИХАД "ДУУГҮЙ БАЙ" ГЭЖ ЗАНДРАХ НЬ
ДАРАМТЫН ХЭЛБЭР

-Хүүхдэд дарамт үүсгэдэг томчуудын нийтлэг гаргадаг үг, үйлдлийг хэлж өгөөч?
-Тухайлбал, хүүхдийг дуугар гээгүй байхад ярилаа, хичээл дээр ярихад дуугай бай гэх нь дарамтын хэлбэр юм. Үүний оронд юм асуусан хүүхдийг “Мундаг сэтгэжээ, чи үүнийг өөрөөр ойлгож байгаа юм байна, чиний бодол сонирхолтой байлаа, энэ талаар хичээлийн дараа ярилцаж болох уу” зэргээр энгийн ярилцах харилцааны арга зүйд суралцах хэрэгтэй.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хайрлаж байна гэж бодсон ч эсрэгээрээ болчихлоо гэж ярьдаг?
-Гол шалтгааныг хэлье. Улсыг авч явах иргэнээ чадамжтай болгох Боловсрол, Гэр бүлийн тухай хууль зэрэг гол хуулиуд дээр алдаа гаргаж, хуучны үзэл баримтлалыг тэр чигээр оруулбал ахиад хэдэн жилээр хөгжил хоцорно. Үүн дээр маш болгоомжтой хандах ёстой. Сэтгүүлчид анхаарлаа хандуулж байгаасай гэж хүсэж байна. Багш нарыг ёс зүй хязгаарлаж байгаа учир талбай дээр гараад жагсаж чаддаггүй, сэтгэл зүйчид хандвал хувь хүний асуудлыг ярих гээд байдаг гэх мэтээр өөрийгөө илэрхийлэх боломж тэдэнд гардаггүй. Хүүхдүүдийг дарамтлах арга барил юунд хүргэж байна вэ, боловсролын реформыг хэн хийх ёстой вэ, хууль баталж буй нөхдүүд өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшсэн хүн мөн үү гэдгийг шинжилж, дүгнэх ёстой. Би ажилтай, завгүй байна гээд 76-д итгэж болохгүйг бид харлаа.

-Хүүхдийг хөгжүүлэхэд өөр ямар хүчин зүйл саад болж байна вэ?
-Амралтын өдрүүд, хичээлийн дараа ордог спорт, дуу хөгжим, зураг зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг улс авч явж чадаагүй учраас дунд сургуулиудад байхгүй. Энэ нь хүүхэд хичээлээс гадна стрессээ тайлах маш том хөшүүрэг байсан. Гэтэл эдгээр сургалт одоо төлбөртэй болсон. Боломжгүй, алслагдмал бүсэд амьдарч байгаа хүүхдүүд бүр хоцрогдчихлоо. Дээр нь Ковид гарч их хугацаа алдсан.

Хүүхэд өдөр бүр тархиа цэнэглэх буюу тогтсон дэглэмд орж байж түүндээ бие нь дасдаг. Нэг өдөр амарч болдог, нөгөө өдөр хичээлээ хийдэг гэсэн замбараагүй байдалд сургаж болохгүй. Өнөөдөр ядраад байвал унтчих гэх нь тууштай биш занд дасгаж байна. Дээр нь хүүхдийн тасралтгүй хөгжиж байгаа эсийн үйл ажиллагааг алдагдуулчихдаг.

Зургаан настнууд сурч чадахгүй байна л гэцгээх юм. Хүүхдэд асуудал байна гэж бодоод байна аа даа. Үүний оронд эцэг эхтэйгээ хамт байх боломж хомс, сурах орчныг бүрдүүлээгүй гэр бүлд өсөж байгаа эсэхэд анхаарч байх учиртай юм. Хүүхэд өдөр бүр шинэ мэдээлэл суран тархи нь хөгжиж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Бүхнийг албан боловсролоор олгох боломжгүй гэлээ. Өнөөдрийн нөхцөлд хичээлийн бус цагаар хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ?
-Улс болон сургуулийн зүгээс хүүхдийг бүрэн төлөвшүүлэх боломжгүй тул өдрийн талд нь хүүхдийг хөгжүүлэх үүрэг эцэг эхийн нуруун дээр ирдэг. Тухайлбал Японд бусад цагаар хүүхдээ хөгжүүлэхийг дүүргүүд хариуцаж, үүгээрээ өрсөлддөг. Гэрийнхээ ойрхон дүүрэг дотроо ном уншуулах, зургийн хичээл, драмын дугуйланд авч очоод ээж нь ойролцоо тайван сууж болохуйц танхим, төвүүд ихэнх улсад байдаг. Ийм нөхцөлд хүүхэд гэртээ утсаа үзээд суухгүй шүү дээ. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулна. Харамсалтай нь бид одоогоор аж ахуйдаа хөрөнгө төсөвлөдөг хэвээр байна.

Хүний хөгжлийн торгон мэдрэмжтэй хүн ИТХ-д байгаа эсэхийг бодоод үзээрэй. Угтаа бол ИТХ хог, мод бут биш хүний хөгжлийг ярих ёстой бол цэцэрлэг, сургуулийг яам анхаарах учиртай юм. Хүүхэд хөгжүүлэх үйл явцыг хувийн хэвшлээр дэмжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Хүүхдийн тухай бодох эрх чөлөө олгохгүй хашаагаа засъя, замаа арчилъя л гэдэг. Мөн орон нутагт эрх мэдлийг олгохгүй байгаа нь унтаа байдалд оруулж байна. Тэнд байгаа зовлонг Засгийн газар ойлгохгүй. Харьцангуй төсөв өгдөг болсон ч үүгээрээ тэдэн ажилгүй иргэдийг дэмжлээ л гэдэг. Гэтэл хүүхдийн хөгжил рүү хөрөнгө оруулбал улсыг нуруундаа авч явах чадалтай иргэд болно.

Дээд биш асуудлын суурь руугаа анхаарах чухал. Хүүхдэд хайртай байя, чөлөөтэй өсгөе, хөгжих орчныг бүрдүүлье. Хүүхдэдээ анхаарвал тэд улс орныг аваад явчихна. Монгол Улс бүх түвшинд хүүхдийг чухалчилж, бүх орчныг хүүхдийнх болгох нь бидний гарах гарц. Их мөнгө төсөвлөж хашаа, зам, гүүр нэмэх нь шийдэл биш гэдгийг бид харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцлагыг хийсэн Д.Азжаргал

Монгол залуусыг сургах хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
Монгол залуусыг сургах хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.