/2023.09.15/: Энэтхэгийн өмнөд Керала мужид тархинд гэмтэл учруулдаг үхлийн аюултай вирусын өвчнөөр хоёр хүн нас барсны дараа тус мужийн зарим хэсэгт сургууль, оффисуудаа хааж, хорио цээрийн бүс зарлажээ.
2018 оноос хойш дөрөв дэх дэгдэлтийн дараа өнөөдрийн байдлаар 21 хүн уг вирусын халдвараас болж нас баржээ.
Тус мужийн эрүүл мэндийн яам лхагва гарагт тусгаарлах хатуу дүрэм журам гаргасан байна.
Нипах вирус гэж юу вэ?
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр Нипах вирус (NiV) нь анх 1999 онд Малайз, Сингапурт илэрсэн бөгөөд үүний үр дүнд 300 орчим хүн өвчилж, 100 гаруй хүн нас баржээ.
Өвчний тархалтыг хянахын тулд нэг сая гаруй гахайг устгасан тул дэгдэлт нь эдийн засагт ихээхэн нөлөөлсөн байна.
1999 оноос хойш Малайз, Сингапурт NiV-ийн өөр дэгдэлт бүртгэгдээгүй ч түүнээс хойш Азийн зарим хэсэгт буюу гол төлөв Бангладеш, Энэтхэгт тохиолдол бараг жил бүр бүртгэгдэж байна.
NiV нь зоонозын вирус бөгөөд энэ нь эхлээд амьтан, хүмүүсийн хооронд тархдаг гэсэн үг юм. NiV-ийн амьтанд агуулагдах голомт нь нисдэг үнэг гэгддэг жимсний сарьсан багваахай (Pteropus төрөл) юм.
Вирус нь жимсний сарьсан багваахай, гахай болон хүнээс хүнд хүрэх замаар (шүлс, шээс гэх мэт) халдварладаг. Амьтнаас хүнд халдварласнаар цаашид хүнээс хүнд NiV тархаж болно.
Хүний халдвар нь шинж тэмдэггүй халдвараас эхлээд амьсгалын замын цочмог халдвар (хөнгөн, хүнд), энцефалит (тархины хаван) хүртэл байдаг бөгөөд энэ нь 24-48 цагийн дотор комд хүргэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр тархины үрэвсэл нь 40-75 хувийн нас баралттай байдаг аж.
Цочмог энцефалитаар амьд үлдсэн хүмүүс бүрэн эдгэрч чаддаг ч амьд үлдсэн хүмүүст таталт өгөх эмгэг, зан чанарын өөрчлөлт зэрэг удаан хугацааны мэдрэлийн эмгэгүүд бүртгэгдсэн байна. Амьд үлдсэн хүмүүсийн бага хувь нь "дахилт болон хожимдсон энцефалитээр өвчилдөг" гэж ДЭМБ мэдэгдэв.
Нипах вирусээс хэрхэн сэргийлэх вэ?
Одоогоор Нипах вирусын эсрэг вакцин байхгүй. Өмнөх тахал өвчний үед олж авсан туршлага, цуглуулсан мэдээлэлд үндэслэн гахайн аж ахуйг зохих угаалгын бодисоор тогтмол, сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байж болох юм.
Амьтны хувьд өвчний голомтыг сэжиглэж байгаа бол тухайн байрыг нэн даруй хорио цээрийн дэглэмд оруулах шаардлагатай. Мөн ДЭМБ-аас "халдвартай малыг устгах, сэг зэмийг булшлах, шатаах зэрэгт хяналт тавих нь хүмүүст халдвар дамжих эрсдлийг бууруулж магадгүй" гэж зөвлөж байна.
Эх сурвалж: Aljazeera