/2023.09.08/: Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг.
Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны есдүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 20 орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорин оролцох юм.
Морьт харвааны үүсэл хөгжлийн тухай товч мэдээлэл хүргэхэд, монгол морины түүхтэй салшгүй холбоотой ажээ.
Тухайлбал:
Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдож байгааг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Энэ үеэс морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгийн Шаньюй нар ихэд анхаарч байсан байна. X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан тухай түүхэн мэдээ байдаг аж. Бөмбөг намнах тоглоом 40 нумын газар тус бүр 20 нумын зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож, гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ.
Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур Морьт харвааны тэмцээнийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны есдүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.