/2023.8.8/ Вашингтон Пост сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалтай холбоотой тоймч Ишаан Тароорын нийтлэл хэвлэгджээ. Нийтлэлийн зарим хэсгийг орчуулан хүргэж байна.
Нийтлэл ийнхүү эхэлжээ. "Өнгөрөгч зургаадугаар сард МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжинд айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзан, улмаар өмнөд хөрштэйгээ эдийн засаг, худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх олон талт гэрээ хэлцлийг хийв.
Харин энэ үеэр Улаанбаатарт монголын албаныхан АНУ-ын ТНБД-ын эдийн засгийн өсөлт, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Жозе Фернандезтай уулзсан юм. Уулзалтаар Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн гол нөөц болох чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг Монголд бий болгоход хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэдийгээр Монгол Улс хоёр том хөршийнхөө дунд, 3,4 саяулхнаа, далайд гарцгүйгээр "гацсан" мэт боловч ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар нь Япон, Өмнөд Солонгос болон барууныхантай хамтын ажиллагаа үүсгэх замаар эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хичээн ажиллаж байгаа нь харагдана".
Цааш нь бичихдээ Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын талаар дурьдаад, Ерөнхий сайдыг "Harvard-trained reformist" буюу "Харвардад суралцсан өөрчлөгч" хэмээн тоймч нэрийджээ. Товчдоо нийтлэл нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай ярилцсаны үндсэн дээр бичигдсэн, Монгол Улсын хөгжлийн талаарх сайн сайхан дүрслэлүүдийг багтаасан байна. Нийтлэлийг бичсэн тоймч Ишаан Тароор нь Вашингтон Постын олон улсын харилцааны талаар бичдэг бөгөөд өмнө нь Тайм сэтгүүлийн ахлах редактор байжээ.
Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн ярианаас улстөрийн нөхцөл байдалтай холбоотой дараах ишлэлийг багтаажээ. Тухайлбал,
"Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо улам бүр хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь манай улсын хувьд гадаад харилцаандаа тэнцвэрийг хадгалах чухал алхам юм" гэдгийг дурьдсан байна. Гэвч тоймчийн зүгээс Украинтай холбоотой асуудалд НҮБ-ын чуулган дээр Монгол Улс түдгэлзсэн хариу өгснийг буруушаахаа мартсангүй. Харин Ерөнхий сайд АНУ-ын конгрессын зарим гишүүдийн өмнөд хөрш Хятадын эсрэг хэт сөргөлдөөнийг турхирсан байдалд болгоомжтой ханддагаа нуугаагүй байна.
"Хэрэв дахиад Хүйтэн дайн болвол өмнөхөөс илүү өөр, илүү хүнд нөхцөл байдал үүсэх болно" гэж Л.Оюун-Эрдэнэ ярьжээ. "Манай улс хоёр хөршөөсөө тэс өөр улстөрийн системтэй. Хөрш орнуудын зүгээс манай тусгаар тогтнол, хөгжлийн хандлагад хүндэтгэлтэй ханддаг". Харин бид дотооддоо улстөржилт, авлигын асуудлаас үүдэлтэйгээр "асуудалтай" байгаа хэмээжээ.
Эдийн засгийн хөгжлийн талаар бичихдээ, "Монгол Улс нь цахилгаан, түлш зэрэг олон бараа бүтээгдэхүүнээр хоёр улсаасаа хараат. Хятад улсаар дамжин өнгөрөх боомтуудын үйл ажиллагааг сайжруулах нь бас нэгэн найдвар хэмээн харжээ.
Монголын хувьд зэс, ураны нөөцтэй. Дэлхий дахинд газрын ховор элемент болох лити, кобальт зэргийн эрэлт хэрэгцээ ирэх арван жилд 600 хувиар өсөх төлөвтэй гэж Файнаншл Таймс бичсэн юм. Мөн зэсийн хэрэгцээ 2035 он гэхэд жил бүр 50 сая тонноор нэмэгдэнэ. Хэрэв дэлхий дахин 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 0-д хүргэх төлөвлөгөөндөө хүрнэ гэж үзвэл цөмийн энергийн хэрэглээ гурав дахин нэмэгдэх төлөвтэй гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнэ сайд ирэх арван жилд дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин өсөх төлөвтэй гэжээ. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь Оюутолгой гэсэн байна.
Гэвч цаашдаа эдийн засгаа улам хөгжүүлэхийн тулд дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалтыг хийх, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, авлигыг бууруулах шаардлагатайг дурьджээ.
Эх сурвалж: Washington Post