Эдийн засагт гэрэл асааж, гарц нээсэн айлчлал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагт гэрэл асааж, гарц нээсэн айлчлал

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын18-22-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн,Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар багтан ажилласан юм.

Монгол Улсын Их хурлын дарга тус улсад хамгийн сүүлд 2018 онд айлчилсан байдаг. Түүнээс хойш таван жилийн дараа болж байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлог байв. Мөн Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа болон олон жил хуримтлагдаж ирсэн асуудлуудад гарц шийдэл гаргаснаараа өндөр ач холбогдолтой юм. Манай сонин цаг үеийн мэдээллүүдийг өмнөх дугааруудаар уншигчдадаа хүргэсэн тул айлчлалын үр дүн, гарц, шийдлийн талаар тоймлон хүргэж байна.

“ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАНА”

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн болон Төрийн Думын дарга нартай уулзаж, хоёр улсын парламент хоорондын үйл ажиллагааны зохицуулалтын баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын комиссын анхдугаар хурлыг ирэх наймдугаар сард Улаанбаатарт хийхээр тохиролцлоо.

Баримт бичгийн гол агуулгын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Баримт бичгийн зохицуулалтын асуудлыг хоёр тал сүүлийн хоёр жил хэлэлцсэн. Хамтын ажиллагааны баримт бичгийн практик жишиг олон улсад түгээмэл байдаг.

Тухайлбал, ОХУ-ын Холбооны хурал, Вьетнам улсын хооронд амжилттай хөгжүүлж байгаа жишээ бий. Сүүлийн үед Европын болон Төв Азийн улс орнуудтай энэ практикийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагад үндэслэн энэ санаачилга гарсан. Манай улсын хувьд үндсэндээ хоёр жил гаруй хугацаанд буюу нэлээд удаж байж баримт бичиг эцэслэгдэж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нартай гарын үсэг зурснаар баримт бичиг хүчин төгөлдөр боллоо. Энэ баримт бичгийн гол агуулга нь хоёр улсын бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд парламентын хамтын ажиллагаа дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ” гэсэн юм. Баримт бичгийн хүрээнд ОХУ-ын Төрийн Думын санаачилгаар эрчим хүчний эх үүсвэр, нефть ханган нийлүүлдэг гол байгууллагын удирдлагуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар уулзсан юм.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ, ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР ТОХИРОЛЦОВ

Роснефть” манай улсад газрын тосны нийлүүлэлтийн найдвартай байдлыг  баталгаатай хангана гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзахдаа хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцов. Энэ уулзалтаас хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүний өмнө ямар нөхцөл байдал үүсээд байсан бэ гэвэл,

“Роснефть” ХН-ийн Ангарскын газрын тос боловсруулах үйлдвэрүүд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан манай улс руу экспортлох шатахууныхаа хэмжээг бууруулах болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан бичгээр мэдэгдээд байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд шатахууны тасалдал гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь монголчуудын зам засвар, бүтээн байгуулалт, хадлан тэжээл, тариалалтын ид ажлын үе, түүнчлэн 100 жилийн ойгоо тэмдэглэх аймаг, сумдын ёслолын ажиллагаа гэхчлэн олон ажилтай цаг хугацааны хувьд давхацхаар байсан.

Тэгвэл УИХ-ын дарга айчлалынхаа хүрээнд уулзалт хийж, яриа хэлэлцээ өрнүүлснээр нэгдүгээрт, нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Хоёрдугаарт, төлөвлөгөөт засвараас үл хамааран Монгол Улсад нийлүүлэх шатахуун саатахгүй, тогтвортой, найдвартай нийлүүлнэ. Цаашид дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх юм бол үнийг нэмэгдүүлэхгүй байх буюу долоон хувиар хямдруулсан байгаа өнөөгийн жишгээ тогтвортой барих асуудлыг тохиролцож чадсан. Түүнчлэн цаашид үнийг бууруулахад хоёр тал идэвх санаачилгатай ажиллахаа тодорхойллоо. ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечин энэ үеэр “Мы гарантируем надёжность поставок в страну” хэмээн нефтийг Монголд найдвартай ханган нийлүүлэх баталгаа өгч байгаагаа тодотгосон юм.

МОНГОЛООС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

Манай улс 1990 оныг хүртэл ЗХУ /тухайн үеийн нэрээр/-тай бүх талаар хамтран ажиллаж байсан. Өнөөгийн түвшинд экспортын маш бага хувь нь Орос руу гаргаж байгаа бүтээгдэхүүн байгаа. Гэсэн атал хойд хөршөөс эрчим, хүчний эх үүсвэр, нефтийн бүтээгдэхүүн гээд гол нэрийн бараа, таваараа татдаг. Гэтэл Оросын Сибир, Тува гэхчлэн хүйтэн сэрүүн бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн, ядаж л эсгий гутал, ноос ноолууран хувцас зэрэг бараа, бүтээгдэхүүн гаргах, борлуулах зах зээлийн том орон зай байгааг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалаар экспортын бараа бүтээдэгдэхүүн, тэр дотроос хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн мах, арьс шир, ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноолууран бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус ямар нэгэн саадгүйгээр ОХУ-д экспортлох боломжийг судалж хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хоёр талаас гаргалаа. Энэ хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах замаар болон бусад тарифын болон тарифын бус хэлэлцээрийг хоёр талт буюу олон талт шугамаар шийдвэрлэж, манай улсын зүгээс экспортыг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг бууруулахад чиглэсэн бодит ахиц дэвшил гаргахаар тохирчээ.

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН “ИХ ӨР”-ИЙГ ЭЦЭСЛЭВ

May be an image of 2 people and the Oval Office

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус улсыг зорьсон. Тэрбээр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, тохирсон нь тус айлчлалын түүхэн шийдвэрийн нэг болсон юм.

Тухайлбал, олон жил ужгирсан ч шийдэл олоогүй асуудлыг эцэслэн хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөгийн ханшаар 240 орчим тэрбум төгрөг, тухайн үеийн ханшаар 83.6 тэрбум төгрөгийн гаднаас авсан зээл нь Улаанбаатар төмөр замын тайлан, тэнцэлд сөргөөр нөлөөлж, төлбөрийн чадварыг алдагдуулж байсан. Үүнийг шийдсэнээр цаашид төмөр замын шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх тохиролцоонд хоёр тал хүрсэн. Энэ бол далайд гарцгүй манай улсын хувьд том гарц. Хоёр хөрштэйгөө төдийгүй дэлхийтэй холбогддог манай зам тээврийн сүлжээний гол хэсэг. Цаашид транзит тээврийн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барьж эхлүүлэх саад тотгор арилж байна гэж УИХ-ын дарга тодотгож хэлсэн.

Ийнхүү таван жилийн дараа хойд хөршдөө хөл тавьсан Монгол Улсын Их Хурлын даргын энэ удаагийн албан ёсны айлчлал тулгамдсан асуудлуудыг шийдэж, хүлээгдэж байсан төмөр замын “Их өр”-ийг эцэслэн эдийн засагт гэрэл асаахын зэрэгцээ олон жил ярьсан Сибирийн бүсэд худалдааны зам гаргасан улс оронд ач холбогдолтой, иргэдийн амьдрал, эдийн засагт өгөөжтэй айлчлал боллоо. Айлчлалын үр дүнгийн талаар хэн юу хэлэв.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.БЯМБАЦОГТ: УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ИЙН ДҮРМИЙН САНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

May be an image of 4 people and the Oval Office

-Монгол Улс, ОХУ-ын харилцаанд түүхэн үйл явдал боллоо. 1949 онд байгуулагдсан Улаанбаатар төмөр зам ХНН байгуулах олон улсын гэрээ байдаг. Энэ гэрээ үндсэндээ 30 гаруй жил яригдаж, 2009 оноос нэмэлт, өөрчлөлт оруулж гарын үсэг зурахаар хөөцөлдөж эхэлсэн. Энэ асуудал айлчлалын хүрээнд ажил хэрэг болж хоёр тал гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар төмөр замын дүрмийн сан 170 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар төмөр замын өр 200 гаруй тэрбум төгрөгөөр буурч байна. Тээвэрлэх хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдэх бололцоотой болж байна.

Өөрөөр хэлбэл, Оросын талаас өөрийн хариуцсан зээлийг төлж барагдуулахад таван зүтгүүрээр хөрөнгө оруулж байгаа. Ингэснээр тээвэрлэлт өсөх, тэр хэрээр санхүүгийн үр өгөөж нэмэгдэх, бусад төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх боломжууд нэмэгдэж байна. Түүнчлэн транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах, Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-ын тээх, нэвтрүүлэх ачааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр хоёр тал тохирлоо.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.ЖАВХЛАН: ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТОМ СУУРЬ БОЛНО

-Энэ удаагийн айлчлалаар олон жил яригдаж, хэлэлцээд явж байсан Улаанбаатар төмөр замын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж, дүрмийн санг хоёр талаас 83.7 тэрбумаар нэмэх асуудлыг эцэслэн шийдлээ. Хоёр жилийн өмнө энэ асуудлыг хөндөж байсан нь ийнхүү шийдэгдлээ. Манай талаас төсөвтөө тусгасан, ОХУ-ын талаас ч төсөвтөө тусгаснаар маш том ажил урагшилж байна.

Цаашилбал, Улаанбаатар төмөр замд том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй манай улсаар дамжин өнгөрөх транзит тээвэр, Монгол Улсын хувьд тээвэр ложистикийн цор ганц компаниа өргөжүүлэхэд том суурь болох юм. Хоёр талаас 83.7 тэрбум гэдэг нийтдээ 168 тэрбум гэсэн үг. Энэ хэрээр компанийн зээлжих зэрэглэл, бусад боломжууд нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР: БҮС НУТГИЙН ТОМООХОН ГЭРЭЭНҮҮД ХИЙЖ, ХҮНД СУРТАЛГҮЙ БАЙХ ТАЛААР ТОХИРЛОО

May be an image of 14 people and text

УИХ-ын даргын айлчлалд би өөрөө хүсэлт гаргаад явсан. Дэлхийд хамгийн хүнд сурталтай гаальтай улс бол ОХУ. Зоригчдын цүнх, чемоданыг бүгдийг онгичдог. Монголын бизнес эрхлэгчид, жирийн иргэд ОХУ -тай бизнес хийхэд маш их хүндрэл гардаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд ярилцаж шийдэл гаргалаа. Айлчлалын бас нэг том ач холбогдол нь бүс нутгийн томоохон гэрээнүүдийг хийж, хүнд сурталгүй байх талаар ярьж тохирлоо. Айлчлал гэдэг хэдэн дарга нарын хоорондын асуудал биш. Хоёр орны ард иргэдийн хоорондын асуудал. Нэг талаас оросууд бараг гурван тэрбум барааг Монгол руу зарж байна. Бид 60-100 сая орчим ам.долларт бараа эргэлт хийж байна. Худалдааны тэнцэл алдагдсан. Монголын төр бизнесүүдээ дэмжих цаг болсон.Энэ асуудлыг Оросын талтай ярьсан. Үндсэндээ Монголын иргэдэд учирдаг гаалийн, татварын дарамтыг арилгах асуудлыг ярьж шийдэл гаргалаа.

Б.ЭНХ-АМГАЛАН: ШУУД НИСЛЭГ ХОЁР ОРНЫ ИРГЭДЭД НААШТАЙ ТУСНА

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думынхан идэвхтэй, санаачилгатай хамтран ажиллахаар ярьж байна. Дээр нь Улаанбаатар-Москвагийн чиглэлийн шууд нислэгийн асуудлуудыг нэлээн хөндөж тавьж байна. ОХУ-ын авиа компани өөрийн онгоцоор нисэх нислэгийн эрх авч байгаа. Шууд нислэг бол хоёр орны иргэд зорчиход зардал, цаг хугацаа хэмнэх талаас нааштай тусна. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал амжилттай боллоо. Сая нэг зүйл дээр хоёр тал тохирсон нь бид Евразийн эдийн засгийн комисст элсэхээс өмнө бүс нутгийн хамтын ажиллагааны эдийн засаг-худалдааны чөлөөт бүсийг бий болгох, ийм механизмыг бий болгох нь зөв юм байна. Ингэх нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд маш том түлхэц болно гэж үзсэн. Ажлын хэсэг гаргая гэж тохирсон. Монголчуудын хамгийн талархаж хүлээж авдаг Сибирийн бүсэд манай бараа бүтээгдэхүүн гарах үүд хаалга нээгдэх бололцоотой болж байна.

Ч.Үл-Олдох “Өглөөний сонин 2023.06.07

Чухал ашигт малтмалыг олборлох чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна
Чухал ашигт малтмалыг олборлох чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.