Живхний түүхий эд болон давс ашиглаж, агаараас ус үүсгэж байгаа тухай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Живхний түүхий эд болон давс ашиглаж, агаараас ус үүсгэж байгаа тухай

A salt-infused diaper hydrogel can draw moisture from the air | Popular  Science

Саяхан хийгдсэн туршилтаар нэг удаагийн живхний үндсэн бүрдэл болох гидрогелийг тодорхой төрлийн давстай хамтатган ашигласан тохиолдолд агаараас их хэмжээний чийг татаж, өөртөө шингээж байгааг олж тогтоожээ.

Үүгээр ч тогтохгүй, цуглуулсан чийгийг халааж, конденсацид оруулан, “хэт цэвэр” ус гарган авсан байна.

Гидрогель нь өөр хоорондоо нягт холбогдсон полимер болон уснаас бүрдэх, резин шиг материал бөгөөд усыг өөртөө шингээж, эзэлхүүн нь нэмэгддэг учраас нэг удаагийн живх гэх зэрэг шингэнийг цуглуулах зориулалтаар голчлон ашиглагддаг эд юм. Хуурайшуулах зориулалттай давс буюу dessicant гэдэг нь мөн л эргэн тойрондоо байгаа агаараас чийгийг өөртөө татаж, шингээдэг бодис бөгөөд бидний өдөр тутамдаа сайн мэддэгчлэн шинэ гутал, хувцас, цахилгаан бараа худалдан авахад хайрцагт нь хамт ирдэг цахиурт бөмбөлөг нь энэ төрлийн бодис билээ.

Химийн бодисын ангиллаар давсны тоонд орох литийн хлорид гэхэд л өөрийн жингээсээ 10 дахин илүү их шингэнийг өөртөө татаж, шингээх чадвартай байдаг. Advanced Materials сэтгүүлд саяхан нийтлэгдсэн өгүүлэлд MIT сургуулийн Төхөөрөмжийн судалгааны лабораторийн мэргэжилтнүүд дээр дурдсан хоёр бодисыг нийлэгжүүлэн, шингээлтийг нь сайжруулж, улмаар говь цөлийнх шиг хуурай агаараас ч чийгийг өөртөө татан шингээдэг гидрогель гарган авсан талаар дурдагджээ.

Superabsorbent polymer - Wikipedia

Дээрх өгүүллийн хамтран зохиогч, одоогоор Берлиний Гумбольдтын их сургуульд ерөнхий судлаачаар ажиллаж буй Густав Грэбер “гидрогель өөртөө маш их ус шингээх чадвартай байдаг бол давс нь агаараас чийгийг өөртөө татах чадвартай. Тиймээс энэ хоёрыг нэгтгэх нь судлаачдын анхаарлыг татсаар ирсэн сэдэв юм” гэж нээлтийнхээ талаар ярьсан байна.

Энэ чиглэлийн өмнөх судалгаанууд гидрогелийг давстай усанд ердөө 1-2 өдөр байлгаж туршсан бөгөөд энэ тохиолдолд тоймтой үр дүн бараг гарахгүй байжээ. Дээр дурдсан багийнхан өөрсдийн бүтээсэн полиакриламид гидрогелийг литийн хлоридын уусмалд 30 орчим өдөр байлгаж туршихад, полимерийн нэг грамм тутамд 24 грамм давсыг шингээж авсан байжээ. Урьд өмнөх шингээлтийн дээд амжилт нь полимерийн нэг грамм тутамд ердөө 6 грамм давс байсан юм.

Мөн янз бүрийн чийгшилтэй орчинд байрлуулж туршихад гидрогель нь агаарын чийгийг өөртөө шингээн, гадагшлуулалгүй барьж байв. Бүр цөлийн гэж хэлж болохуйц 30 хувийн харьцангуй чийгшилтэй агаараас хүртэл полимерийн нэг грамм тутамд 1,79 грамм ус өөртөө шингээсэн байжээ.

Судалгааны өгүүллийн өөр нэг хамтран зохиогч, MIT-н механик инженерийн ахисан түвшиний оюутан Карлос Диаз-Марин судалгааны ажлынхаа талаар ярихдаа “Цөлд шөнөдөө бараг 30 хувийн харьцангуй чийгшилтэй хуурай орчин бүрддэг. Харин манай бүтээсэн материал цөлийн шөнийн агаараас ч ус хуримтлуулах боломжтой эд” гэжээ.

Судалгааны багийнхан дараагийн ээлжинд супер гидрогель материалынхаа чийг татах чадварыг нэмэгдүүлэх замаар цэвэршүүлсэн ус үүсгэх процессыг түргэтгэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор тэд цугларсан шингэнийг хоногт нэг л удаа ус болгон хувиргаж байгаа бол дээрх түргэтгэх процессын дараа хоногтоо 24 удаа ус цуглуулж авна гэж найдаж байгаа аж. Харин үүний дараа бүтээсэн материалаа масс үйлдвэрлэлд нэвтрүүлж, олшруулан, дэлхийн хамгийн хуурай, гандуу газар нутгуудад ч ус цуглуулах хэрэгсэл болгон түгээхийг зорьж байна.

Эх сурвалж: popsci

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд
БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.