Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын олон улсын форум: Эмэгтэйчүүдийн ЦАГ ИРСЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын олон улсын форум: Эмэгтэйчүүдийн ЦАГ ИРСЭН

/2023.6.12/ УИХ-ын 126 суудлын төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй хүн байх ёстой гэж Эмэгтэйчүүдийн улс төрийн сүлжээ, эмэгтэйчүүд үзэж байна. Зөвхөн нэр дэвшихдээ ийнхүү хүйсийн тэнвцэрийг хангах оролдлогыг хийх ёстой гэдэг талаар л яриад байгаа хэрэг. Сонгогдох эсэх нь дараагийн асуудал.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж (хорт хавдрын улмаас нас баралтаар дэлхийд тэргүүлж), боловсролын салбар уналтад орж (хувийн болон улсын сургуулиудтай холбоотой тэгш бус байдал гаарсан), бүхэлдээ авлигад идэгдсэн (авлигын индексээр сүүл мушгиж) байдал нь энэ улсын шийдвэр гаргах түвшинд өнөөдрийг хүртэл эрчүүд давамгайлсны үр дүн гэлтэй.

Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь зайлшгүй шаардлага болжээ.

ФОРУМЫН НЭЭЛТ

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын олон улсын “Дэвших зам” форум өнөөдөр Улаанбаатар хот, Туушин зочид буудалд болж байна.

Форумыг нээж дараах эмэгтэйчүүдийн хэлсэн үгийг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:


-Эмэгтэйчүүдийн квотын хувьд анх удаа зохистой харилцаанд ирсэн үед бид хуралдаж байна. Өнөөдөр та бүхэн утсаа оролдохгүйгээр сургалтдаа маш сайн суугаасай гэж хүсмээр байна. Сарын дараа сонгууль болж, би өөрөө нэр дэвших нь гэж өнөөдөр бодоорой. Чуулганы эцсийн хэлэлцүүлэгт 40%-иар батлагдвал бид түүхэндээ анх удаа 60/40 харьцаандаа хүрч чадна. Энэ бол бидний ололт амжилт юм.

Эхний хэлэлцүүлгээр бид эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар баталж чадлаа. 40 хувийн квот гээд ярихаар том тоо юм шиг боловч үнэндээ 12 хүний л зөрүү байгаа юм.

КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг Жун-Рё:

-КОЙКА нь Монгол эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төсөл нь жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоонд саад болж буй хүчин зүйлсийг арилгаж, ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой төсөл бөгөөд төслийн хүрээнд хүйсийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэслэлийг тавих, эмэгтэй манлайлагчдын сүлжээг идэвхжүүлэх, улс төрийн манлайллын талаарх эмэгтэйчүүдийн ойлголт болон оролцоог нэмэгдүүлэх, сонгогчид, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн салбар дэх жендэрийн талаарх ойлголтыг сайжруулахад чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ удаагийн форум нь өнгөрсөн 4-р сард Улс төрийн намын манлайлал болон эрх зүйн шинэчлэлийг зорилтоо болгон зохион байгуулагдсан олон улсын форумын мөрөөр хувь хүний хөгжилд чиглэсэн зорилттой бөгөөд Монгол-Солонгос хоёр улсын эмэгтэй улс төрчдийн туршлагыг хуваалцаж Монгол эмэгтэй манлайлагчдын чадамжийг бататгах зорилготой агуулгаар дүүрэн байгаа билээ.

Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь Монгол улсын нийгмийн өнцөг булан бүрд тархсан жендэрийн тэгш бус байдалд шууд нөлөөлөлтэй билээ. Эмэгтэй улс төрчид нь жендэрийн мэдрэмжтэй бодлогод илүү анхаарал хандуулж нийгмийн тэгш бус байдлын төлөө дуу хоолойгоо илүү гаргах тул энэ нь цаашдаа нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг эергээр шийдвэрлэх билээ.

Тийм учраас өнөөдрийн форумд оролцохоор монголын өнцөг булан бүрээс цугларсан манлайлагч эмэгтэй та бүхэн бол Монголын ирээдүйн улс төр төдийгүй, Монголын жендэрийн эрх тэгш нийгмийг бүрдүүлэхэд гар бие оролцох гол дүрүүд билээ.

Өнөөдрийн форумаар дамжуулан БНСУ-ын түүхэн замнал болон бусад улсын туршлагыг сонсоод зогсохгүй, бусад хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн сул талыг давуу тал болгох үр өгөөжтэй цагийг өнгөрөөнө гэж найдаж байна.

Мөн, БНСУ-ын эмэгтэй улс төрчдийн туршлага нь Монголын эмэгтэйчүүдийн улс төрд тулгамдаж буй асуудалд тус дэм болно гэж найдахын зэрэгцээ форумаар дамжуулан манлайлагч эмэгтэйчүүдэд шаардлагатай харилцааны ур чадвар, бодлого хөтөлбөр боловсруулах чадварыг бэхжүүлж, олон монгол эмэгтэйчүүд 2024 оны сонгуульд амжилт олох боломжийг бий болгоосой гэж хүсэж байна.

Дөнгөж сая УИХ гишүүдийн тоо 126 болж нэмэгдэж, сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг УИХ-ын анхны хэлэлцүүлгээр дэмжигдэж цаашлаад эцсийн шийдвэрээр дэмжигдэж та бүхний оролцох боломж улам нэмэгдэн гэж бодож байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич:


-Өнөөдөр бид эмэгтэй манлайлагчдын улс төрийн карьераа амжилттай ахиулахад нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар ярилцахдаа Монголд тэдэнд тулгарч байгаа асар их сорилт бэрхшээл байгааг ойлгох ёстой.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны хүчин чармайлт, дэмжлэгийн ачаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа ч Монгол эмэгтэйчүүдийн улстөрийн манлайлалд хүрэх замд олон бэрхшээл байсаар байна.

Хамгийн чухал сорилтуудын нэг нь улс төрийн институциудад байгаа бөгөөд эмэгтэйчүүд ихэвчлэн хөрөнгө санхүү, хүрээлэл, боломж нь зэрэг нөөц бололцоо хязгаарлагдмал гэх мэт системийн саад бэрхшээлүүдтэй тулгарч байна

Эмэгтэйчүүд өдөр тутамдаа, цаашлаад улс төрийн орчинд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагатай нүүр тулсаар байна.

Эдгээр сорилтыг даван туулахад, ялгаварлан гадуурхах үйлдлийг зогсооход бидний хамтын хүчин чармайлт шаардлагатай.

КОЙКА-гийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд бид гол түншүүдтэй хамтран дээр дурдсан сорилтуудыг даван туулахаар идэвхтэй ажиллаж байна.

Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших жендэрийн квотыг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлснээр Монгол Улс ирэх жилийн сонгуульд асар том үсрэлт хийх гэж байна. Энэ бол маш том боломж юм.

Төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-г санаачлан байгуулаад байна.

Тус сүлжээ нь өөр өөр үзэл бодол, гарал үүсэл, улс төрийн үзэл баримтлалтай 1600 гаруй эмэгтэй гишүүнтэй болон өргөжиж Монгол Улсын бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн хүрээг нэмэгдүүлж байна.

Харин одоо эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих амлалт өгсөн 10 улс төрийн намын болон сонгогчдын дэмжлэг хэрэгтэй байна.

Эмэгтэйчүүдийн манлайллыг улам бэхжүүлж, улс төрийн тогтолцооны эерэг өөрчлөлтийн төлөөх дуу хоолойг нэмэгдүүлэхэд эдгээр олон талын хүчин чармайлт нэн чухал юм.

Энэхүү форумаар шинэ санал санаачилгууд урган гарч, сайн үйлсийн төлөөх бидний хамтын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь өнөөдрийн форумыг зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ болон БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.

ИЛТГЭЛ: Хунг Ми Ён “Солонгос эмэгтэйчүүдийн улс төрийн сорилт ба туршлага”

Нээлтийн ажиллагааны дараа Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн сүлжээ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хунг Ми Ён “Солонгос эмэгтэйчүүдийн улс төрийн туршлага” илтгэл тавьсан.

-Би онц сурдаг болохоор улс төрд орсон биш, харин улс төрийг сайн хийхийн тулд боловсрол ээзмшсэн. Гэхдээ улс төр хийхдээ маш их сурах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. 30 жилийн хугацаанд оюутны хөдөлгөөн, зорилтот бүлгийнхний эрх ашгйг хамгаалах хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд болон улс төрийн хөдөлгөөнүүдэд оролцсоор ирсэн.

Миний улс төрийн философи: Амьдралд ойр улс төр байх ёстой. Хамгийн орлого багатай тосгонд ч хүн өөрөө бас улс төр итгэл найдвар болж чадна.

Улс төр бол хүмүүсийн амьдралаас эхлэлтэй жинхэнэ амьдралын улс төр байх ёстой.

2010 онд эрэгтэй улс төрчид эмэгтэйчүүдийг парламентад нэр дэвшихийг дэмждэггүй байсан. Тэр үед би бүтэлгүйтэж, эмэгтэйчүүдийн нэрийг улам олон байх ёстой юм байна, сонгуулийн хороонд ч эмэгтэйчүүд олуулаа байх ёстой юм байна, тиймээс эмэгтэйчүүдийгээ дэмжих ёстой юм байна гэж бодож эхэлсэн.

Монголд хууль дээр квотыг оруулахдаа “Заавал” гэдэг үгийг оруулах ёстой. “Санал болгож байна” гэж оруулж болохгүй. “Оруулахгүй бол торгуультай, зөрчилд тооцно” гэдэг хүчтэй шийдэл оруулах хэрэгтэй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн квотыг нэмэх биш, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байх ёстой гэж ярих болсон, манай улсад ийм хуулийн төслийн талаар ярилцаж байна. “Квотыг байлгаж болно” гэсэн хуулийн сул заалтаас болж хоёр ч удаа парламентын сонгуульд унасан тул би ингэж хэлж байгаа юм.

Эрчүүд нууц хэлцэл хийж, улс төрд үгсэн хуйвалддаг, хаалттай уулзалтууддаа эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй энэ мэт улс төрд эмэгтэйчүүд орох зайлшгүй шаардлагатай. Эмэгтэйчүүд гэртээ л байж бай, улс төрд орох шаардлагагүй гэх мэт хаалтыг бидэнд тавиад байгаа. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоог ижил тэгш байлгаж, Үндсэн хуульд үүнийгээ зааж өгөх ёстой. Үндсэн хуульд заахгүй болохоор хуулийг өөрчлөх, зайлсхийх оролдлого гаргадаг. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг явж байх энэ үед та бүхэн Ордныхоо гадаа очиж жагсаал хийх ёстой гэсэн юм.

ИЛТГЭЛ: БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэнгийн судлаач,
улс төр судлалын доктор Ким Ин-Кён

Түүний илтгэлийн дараа БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэнгийн судлаач, улс төр судлалын доктор Ким Ин-Кён илтгэл тавьсан. Товчлон хүргэвэл:

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо хэчнээн чухал гэдгийг энд ирсэн та бүхэн мэдэж байгаа.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо цөөн атлаа бусад бүх салбарт, ялангуяа өрхийн хувьд харахад эмэгтэйчүүд яагаад шийдвэр гаргах түвшинд очих ёстой юм бэ гэдэг нь харагдана.

Квотын системийг заавал дагаж мөрдөх ёстой гэж хуульд оруулж өгөх хэрэгтэй. Тоон дээр байрлуулахдаа эмэгтэйчүүдийг жагсаалтын эхэнд байрлуулдаг байх нь зөв юм. Дэлхий дээр 12 улс квотын системийг заавал оруулах ёстой гэж оруулсан байдаг гэлээ.

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувь хэмжээ ( 2023 оны 6-р сарын байдлаар):

  • Үндэсний Ассемблей : 20%
  • Муж (өргөн хот): 19.8%
  • Орон нутаг (Үндсэн ): 33.4%

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Шийдвэр гаргах түвшин дэх тэгш байдлын төлөөх
эмэгтэйчүүдийн эв санааны нэгдэл

Форумаар хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцүүлгийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Х.Номингэрэл удирдан явууллаа.

УИХ-ын гишүүн асан А.Ундраа:

-Эмэгтэйчүүдийн сүлжээ нам үл харгалздаг. Та бүхэн санаж байгаа бол эмэгтэйчүүдийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд мэргэжлийнхээ талаарх асуултад хариулах ёстой байдаг. Мэргэжлээрээ нэгдэх нь бас нэг арга зам.

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Бодлого стратеги, судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа:

-Энэ сүлжээний сүүлийн нэг жилд хийсэн бүх үйл ажиллагаа, УИХ-д нөлөөлсөн байдал, Сонгуулийн тухай хуулийн жагсаалтад хүйсийн харьцааг 1:1 болгож чадсан Эмэгтэйчүүдийн улс төрийн сүлжээнийхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Азийн улс төрийн барометр гэж байдаг. Энд зааснаар Монгол Улс ардчиллыг бий болгох зорилгоосоо далийгаад байна, шалтгаан нь сайн сайхан нийгэм байгуулна гэсэн хүлээлт бодит амьдралын зөрүү маш их байгаа учир төр засагтаа итгэхгүй байдалд хүрчихээд байна гэжээ. Амьдралын чанар, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн нөхцөл зэрэг нь үүнээс үүдэлтэй. Эмэгтэйчүүд бид улс төрд яах гээд манлайлаад байгаа юм бэ гэдгээ харуулах хэрэгтэй болсон. Цаана чинь "Эмэгтэйчүүд хаана байна" гээд хайгаад байна гэнэ, тиймээс одоо харагдах хэрэгтэй байна.

Монгол Улс энх цагт замын стандартгүй, зам тээврийн салбарт хяналтаа тавьж чаддаггүйгээс жил бүр 600 гаруй хүн зам дээр амиа алдаж байгаа. Машин дотроо хүүхдээ ямар ч бүсгүйгээр зөөвөрлөөд яваад байгааг бид хамтдаа болиулах хэрэгтэй байна.

Нэг тойрог дээр хоёр намын эмэгтэйчүүд тулахгүй байх тал дээр ажиллах нь зөв байх. Завхан аймагт эмэгтэй даргатай ТББ-дын сүлжээ байгуулж ажиллаж байсан туршлага бий. Тэр үед УИХ-д болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг хооронд нь тулгахгүй гэж шийдээд, аль ч намаас эмэгтэйчүүд гарсан Улиастай хотын хөрсний бохирдол зэрэг тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллана гэж тохирч байсан.

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл:

-Бидэнд эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ гэдэг шиг хөндлөнгийн эвлэрүүлэх, зохион байгуулах байгууллага чухал юм байна. Санхүүжилт маш чухал. Үүнийг шийдэж өгч байгаа КОИКА, НҮБХХ-т талархах хэрэгтэй. Ядуурал 30% давсан, эдийн засгийн байдал гацаатай, орлогын ялгаа маш их болсон. Улс төрийн зөв шийдэл гаргахгүй л бол макро эдийн засгийн ямар ч гоё бодлого гаргаад нэмэргүй. Манай улсыг гадныхан авлигад идэгдсэн, бодлого нь нууц далд байдаг гэх зэргээр шүүмжилж байна. Сонгуулийн зардал өндөр байна. Холимог тогтолцоог оруулсан, одоо квот ярьж байна. Эрчүүд шиг, эсвэл хуучин улс төрчид шиг бохир улс төрийн эсрэг эмэгтэйчүүд бид явмаар байна. ХҮН нам хүйсийн харьцааг 50/50 хувь байх зорилтыг тавьсан. Бид зорилтдоо хүрэхээр ажиллаж байна гэв.

Форумын эхний хэсгийн ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Хоёрдугаар хэсэг: ЗАМ ГАРГАЯ, НӨЛӨӨГӨӨ НЭМЬЕ

Форумын хоёрдугаар хэсэгт сэдэвчилсэн сургалтуудыг хийлээ. Дараах сэдвүүдэд хуваагдсан:

  1. Улс төрийн зорилгоо тодорхойлж, сэдвээ оновчлох нь. Ч.Сосормаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөхүүдийн танхимын зөвлөх
  2. Сошиал медиа ашиглан олон нийттэй харилцах нь. А.Ариунзаяа, МАН-ын нарийн бичгийн дарга
  3. Улс төрийн мессэж ба түүх өгүүлэхүй. Д.Болдхуяг, Улс төрийн мэдээлэл харилцааны зөвлөх
  4. Жендэрийн тэгш байдлын төлөөх феминист хамтын манлайлал. Чо Ён-Сүк, БНСУ-ын Жендэрийн элчин сайд асан

Форумын энэ хэсэгт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын үйл хэрэгт чухлаар тавигддаг улс төрийн мэдээлэл харилцаа, кампанит ажлын ур чадвар, сэдвүүдээр туршлага хуваалцах, харилцан суралцах боломжийг бий болгосон.

Та бүхэн Ч.Сосормаагийн хэсгийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Гуравдугаар хэсэг: ЗОРИЛГОО ХУРЦАЛЪЯ, УРМААР ТЭТГЭЕ

Энэ хэсэгт форумын оролцогчид бүлгээр суралцаж байна. Сургагч багшаар Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Б.Золзаяа "Манлайллын түүхээ урлах нь" сургалтыг орсон юм.

Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн асан Хунг Ми-Ён мөн илтгэв. Тэрбээр:

Та улс төрд хөл тавьж, иргэдийг төлөөлөл болон сонгогдсоноор яг юу хийж, ямар өөрчлөлт авчрах гэж байгаа нь чухал.

Илтгэл, үг хэлэх үедээ манлайлалтай байх: Сайн илтгэлийн амин зүрх нь бодит үнэн контент юм. Түүн дээр таны философи болон туршлага нэмэгдэж байж жинхэнэ таны үг болно. Эмэгтэйчүүд хүмүүст өөрийгөө ойлгуулахдаа онцгой ур чадвартай гэдгээ битгий мартаарай.

Та форумын гуравдугаар үеийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.