Фамили медикал эмнэлгийн хоол боловсруулах, дурангийн эмч Ц.Жавхлантай хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, түүн дотроо ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгооны талаар ярилцлаа.
-Хүмүүс ходоодоо хэр их дурандуулж байна, өвчлөл хэр байна вэ?
-Ходоодоо дурандуулах нь их элбэг. Бараг 90 хувьд нь ходоодны үрэвсэл ямар нэгэн хэмжээгээр байна. Цөөн хувьд нь ходоодны шарх, түүнээс цөөн хувьд нь ходоодны хавдар оношлогдож байна. Сүүлийн жилүүдэд улаан хоолойны сөргөө өвчин нэмэгдэх боллоо. Энэ нь улаан хоолойны шалбархай, шархыг хэлж байгаа хэрэг. Жин нэмэгдэлттэй холбоотой бий болдог өвчин.
-Ходоодны үрэвсэл ямар шинж тэмдэгтэй вэ?
-Ходоодны үрэвслийн шинж тэмдэг нь хамгийн эхэнд ходоод халуу оргих, гэдэс дүүрэх, цанхайх, дотор муухай оргих, хоол шингэхгүй байх зэрэг зовууриар илэрнэ. Энэ хам шинжүүдийг нийлүүлээд бич хам шинж гэж нэрлэдэг. Үүний хажуугаар зовуурьгүй ходоодны өвчлөл ч бий. Дурандахад хөнгөн зэргийн үрэвсэлтэй олон жил явчихсан, хэдийнээ сорвижилт (хатингаршил) үүсчихсэн нь илэрдэг. Энэ төрлийн хүмүүст хоолны шингэц муудах нь түгээмэл.
-Ходоодны үрэвслийг тоохгүй яваад байх нь ямар хор уршигт хүргэх вэ?
-Үрэвсэл нь хөнгөн, дунд, хүнд гэж байна. Үрэвсэл дотор улайлт, шалбархай, будаа шиг тууралтууд гээд орно. Үрэвслийн шалтгаанаа тогтоох нь чухал. Ходоодны үрэвслийн дийлэнх шалтгаан нь хеликобактери. Манай хүн амын 60-70 хувь нь энэ төрлийн халдвартай.
Тоохгүй яваад байж болно л доо. Тэгвэл, эхлээд хөнгөн зэргийн үрэвсэл явагдана. Хэдэн жилийн дараа үрэвсэл нь дунд зэрэг болж хатингаршил үүснэ. Үүний дараа эсүүд өөр хэлбэрт орж, гэдэсний эсийн шилжилт буюу хүнд зэргийн ходоодны үрэвсэл бий болно. Энэ тохиолдолд хавдар үүсэх магадлал өндөр.
Тэгэхээр хөнгөн зэргийн үрэвсэлтэй хүн шалтгаанаа тодорхойлчих юм бол шалтгаанаа эмчилснээр ходоод нөхөн төлжих боломжтой. Харин хүнд үедээ нэгэнт орчихвол өмнөх үе шигээ болохгүй. Хеликобактерийг аль болох эрт л эмчилье гэсэн удирдамжтай.
-Гэхдээ хеликобактерийг эмчилсэн ч дахиад халдварлачих юм биш үү? Жишээ нь, гэр бүлийн гишүүн нь хеликобактеритай байлаа гэхэд бусад нь халдварлачихна. Нөгөө хүн эмчлүүлсэн ч, халдвар дамжуулсан хүмүүсээсээ дахиад авчих юм биш үү?
-Тэгж бодож болохгүй. Хеликобактерийг 100 хувь эмчилсэн тохиолдолд дахиж халдах магадлал нь бага. Гэхдээ улс орон бүрт өөр өөр хувьтай. Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд дахин халдвар авах магадлал 5 хувьтай байхад, манай улс шиг хөгжиж буй оронд 10-20 хувь байгаа юм. Хеликобактери ахуйн замаар буюу аяга халбага, амнаас ам, өтгөнөөс гээд гарын ариун цэврээс ихээхэн шалтгаалж халдварлана. Нийтийн хоолны газар, ус чийглэг орчинд халдах эрсдэлтэй. Мөн өөрийн чинь хэлж байгаачлан гэр бүлээрээ эмчлүүлвэл маш сайн. Эцэг, эх хоёр хоёулаа хеликобактеритай байвал хүүхэд нь халдах эрсдэл 40-50 хувь байдаг гэх судалгаа бий. Гэтэл ээж нь хеликобактеригүй, аав нь халдвартай бол хүүхдийн халдвар авах хувь нь 10 хувь хүртэл байдаг. Тэгэхээр ээж хүн маш чухал. Гэр бүлийн хүрээнд бол бага насандаа ахуйн замаар халдварладаг.
-Гадуур хооллох хэр нөлөөтэй вэ?
-Мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ гадуур хооллонгуут шууд халдвар авчихдаг юм биш, тухайн бактери нь хуурай, ариутгасан орчинд удаан амьдардаггүй.
-Хеликобактерийн эмчилгээ удаан хугацаатай, төвөгтэй юм шиг санагдсан. Үүнийг хялбарчлах арга зам байдаг уу?
-Олон судалгаанууд хийгдэж, жил бүр олон улсын удирдамж гардаг. Энэ удирдамжаар “Гурван эмийн хослол” буюу антибиотик эмчилгээ л хийгддэг. Ходоод хамгаалах эм нэмэгдээд дөрвөн эмийн хослол хийнэ. Манай улсын хувьд антибиотикийн замбараагүй хэрэглээний улмаас гурван эмийн хослол нь 70 хувийн үр дүнтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Харин дөрвөн эмийн хослолоор эмчилгээний үр дүн 90 хувь байгаа юм. Хамгийн урт хугацааны эмчилгээ нь 14 хоног л байгаа. Тэгж эмчилж байж бактери устана шүү дээ. Хэрэв эмээ дундаас нь хаях, таслах, мартчих юм бол бактери нь эргэн сэргэхдээ улам хүчирхэгжиж, эмийн дасалтай болчихно. Тэгвэл бүр устахгүй хүчтэй бактеритай болох эрсдэлтэй. Хүүхдэд ялангуяа маш сайн ойлгуулахгүй бол хүүхэд эмээ таслах магадлалтай.
Хэрэв эмээ таслах юм бол ер нь анхнаасаа эмчилгээ эхлээгүй нь дээр. Хожим нь ходоодны шархтай боллоо гэхэд дахиад л тэр антибиотик эмчилгээ л хийгдэнэ. Гэтэл тэр эмийн дасалтай болчихсон тохиолдолд шарх нь ч, бактери нь ч эдгэхгүй байх эрсдэлтэй.
-Хеликобактерийн шинжилгээг амьсгалаар болон өтгөнөөр өгдөг. Аль нь илүү үр дүнтэй вэ?
-Хоёулаа л үр дүнтэй. Хүний бие дэх эсрэг биеийг үздэг шинжилгээ. Хеликобактерийг устгах эмчилгээг хийлгэчихээд дахин шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Тэр үед амьсгалаар үзүүлвэл илүү зүгээр.
-Ходоодны өвчлөлийг үүсгэж байгаа эхний 5 шалтгааныг нэрлээч гэвэл?
-Нэгдүгээрт, хеликобактери. Манай хүн амын дунд тархалт ихтэй, хавдар үүсгэх гол хүчин зүйл гэж дэлхий дахинд зарлачихсан. Хоёрдугаарт, тамхи. Тамхи их татахад ходоодны орчныг хүчиллэг болгож, ингэснээр ходоодны хамгаалах тогтолцоог гэмтээдэг. Гуравдугаарт, өвчин намдаах эмнүүд мөн ходоодны шархыг үүсгэх нэг эх үүсвэр. Ибупрофен, диклоденк, цитрамон мөн үе мөчний эмнүүд, цус шингэлэх эмнүүд нь нэг бүлгийнх. Эдгээр нь ходоодны хамгаалах давхаргыг гэмтээгч. Олон жил өвчин намдаах эм уусан хүмүүсийн ходоод эмзэг болж, олон тооны шархнууд ходоодонд үүсгэсэн байдаг. Дөрөвдүгээрт, хоол хүнс түүн дотроо кофе хэтрүүлж хэрэглэх нь мөн ходоодонд тийм сайн биш. Халуун ногоотой хоол шарсан хуурсан хоол хэт их идэх, хүчиллэг зүйлс идэж уух нь ходоодны хүчиллэг байдлыг ихэсгэж, улаан хоолойн сөргөө бий болгоод байгаа. Давсны хэрэглээгээ бууруулах нь зөв юм. Хятадын нэг тосгоныхон зундаа тарьсан ногоогоо өвөлжин, хаваржин дарж иддэг байсантай холбоотойгоор тухайн тосгонд ходоодны хорт хавдар өндөр байсныг судалгаагаар тогтоосон байдаг. Тавдугаарт, сэтгэл санаа их нөлөөтэй. Хэт их стресстэй байх нь ходоодонд муу.
-Хоол боловсруулах эрхтэн гэхээр бид ходоод л бодоод байдаг. Гэтэл энэ нь бүтэн тогтолцоо байдаг. Эрхтэн хоорондын хамаарал хэр их вэ?
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо амны хөндийгөөс л эхэлнэ. Амны хөндий, шүдний чулуу зэрэгт хеликобактери үлдэж, дутуу устаад дахиад ходоод руугаа халдах магадлалтай. Тиймээс цогцоороо эрүүл байхад анхаарна. Цөсний сөргөөтэй хүмүүс бас их байдаг. Цөсний шалтгаант ходоодны үрэвсэл гэж нэрлэдэг. Өглөөд цөсөө хөөхийн тулд уураглаг, тослог зүйл идэх нь цөс агшилтад их сайн. Өндөг, овъёос, эсвэл овъёосондоо бага зэрэг оливын тос, шар тос хийдэг ч юм уу. Мөн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Ганц хоёр зүсэм талх идээд гарах нь цөс агшааж чадахгүй.
-Ямар хүн бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай вэ?
-Олон хоног доошоо цус алдсан, гүйлгэсэн, цагаан мах нь эргэдэг, шалтгаангүй турж, хоолны дуршилгүй болж байгаа бол бүдүүн гэдсээ дурандуулна. Дөчин нас хүрсэн бол хоёр жилд нэг удаа дурандуулна. Мөн удамшлын өвчлөл байгаа бол дурандуулна. Өтгөн олон хоногоор хатдаг бол мөн дурандуулах шаардлагатай.
-Танай эмнэлэгт унтуулгатай ходоодоо дурандуулахдаа бүдүүн гэдэсээ хамт дурандуулж болох уу?
-Болно. Нэг унтуулгатайгаар хоёуланг нь дурандуулчих давуу талтай. Бүдүүн гэдсээ дурандуулахын тулд өмнө өдөр нь туулга хэрэглэж бэлтгэнэ.
Ингээд нэг унтуулга 15-20 минут болно. Энэ хугацаанд ходоод, бүдүүн гэдэс хоёуланг нь дурандана. Энэ хугацаандаа бүдүүн гэдэсний ургацаг байвал авна. Ургацгийг эсийн түвшинд шилжинэ. Ингээд хавдар бол зэргийг нь тогтооно. Ингээд бодвол нэг унтуулгаар хоёуланг нь дурандуулах нь давуу талтай.
Ер нь өндөр хөгжилтэй оронд унтуулгатай дуранг хэрэглэх болсон. Тухайн хүндээ зовуурь, айдас багатай. Гэхдээ хүмүүс бодох хэрэгтэй, дурандуулахаас айгаад яваад байх нь зөв үү, эсвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд чинь юу болж байгааг мэдэхгүй явах нь аймаар уу? Хүний бие гэдэг бас их “дүлий”. Тэсэхээ байгаад л өвдөлт өгч байна гэдэг тухайн өвчин нэлээд хүндэрсэн байна л гэсэн үг.
-Ходоодоо дурандуулах гэхээр дурангийнх нь ариутгалд санаа зовоод байдаг. Танай эмнэлэг жишээ нь ходоодны дурангаа яаж ариутгадаг вэ?
-Манай эмнэлэг яг л стандартын дагуу л ариутгадаг. Хүнийг дурандсаны дараа зориулалтын ариутгагч шингэнээр доторхыг нь соруулдаг. Мөн ариутгалын бодистой салфеткаар маш хурдан шувтарч арчина. Хэдийгээр угаах гэж байгаа боловч ариутгалын өрөө рүү явах хэдэн минутад нян үржих боломжтой учир таслан зогсоож байгаа хэрэг. Дараа нь ариутгалын өрөөнд мөн тусгай бодистой хөөсөрсөн усаар дурангаа дотор, гаднагүй угаана. Эдгээрийн дараа дуран угаах зориулалтын автомат машинаар, мөн тусгай бодисоор угаана. Ингээд гарсных нь дараа хийн буугаар хатаана. Энэ бол олон улсын л стандарт юм.
-Ходоодны дурангаар мэдэхгүй байж байгаад хавдар илрүүлсэн тохиолдол хэр их вэ?
-Өнгөрөгч жил манай эмнэлэгт 70 гаруй ходоодны хорт хавдар илрүүлсэн. Тэдгээрийн 30 нь эрт үеийн хавдар байсан. Эрт үедээ оношлуулчихвал эмчилгээний боломж ихтэй. Ходоод дөрвөн давхаргатай байдаг. Эхний давхарга дээр байгаа хавдрыг илрүүлж оношилж чадвал ходоод тайрах хагалгаа, хими эмчилгээ хийлгэхгүй байх боломжтой. Манай улсын хувьд ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт ордог. Тэгэхээр өвчлөл ихтэй ийм газар бол хүн бүхэн үзүүлэх нь эрсдлээ бууруулна. Дурангийн оношилгоо маш чухал.
Фамили медикал эмнэлэгийн УТАС: 7010 9001