Н.Баярсайхан: Уул уурхайд харилцааны шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баярсайхан: Уул уурхайд харилцааны шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр зорьж байна

Уул уурхайн олборлолтоос үүдэн малчид, компани, орон нутгийн захиргааны хооронд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, бэлчээрийн газар, усны асуудлаармаргаан үүсэж, томоохон бүтээн байгуулалтын төслүүд цалгардах, бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөөлөх улмаар хөрөнгө оруулалт зогсох хүртэл тохиолдол гардаг билээ. Тэгвэл энэ үл ойлголцлыг шийдвэрлэх шинэ арга хэрэгсэлийг "Хил хязгааргүй алхам" ТББ-ынхан хэрэгжүүлж, тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд явж байгаа аж. Тиймээс тус байгууллагын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.

-Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг /ХОБОМ/ гэж юу вэ?
-Ер нь уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа орчинд ихэвчлэн газрын эрх, ус, хөрсний болон хүн, малын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил гардаг бөгөөд талууд үл ойлголцол, маргаантай байдаг. Бэлчээр талхалсан, ус ширгээсэн, шороо тоос, агаарын бохирдол үүсгэсэн хүний эрхийн зөрчил, тэмцэл хурцадсан, мэдээлэл хаалттай гэх мэт.

Тиймээс тухайн орон нутгийн захиргаа, тухайн төслийн нөлөөллийн бүсийн малчин, уул уурхайн компани гурав хамтдаа нэг аргачлалаар зөрчлийн шалтгааныг олж тогтоох,, баримтыг хамтдаа олж тогтоон асуудлаа шийдвэрлэж, өөрчлөлт гаргах үйл явцыг ХОБОМ гэж нэрлээд байгаа юм.

2019 онд НҮБ-аас энэ төрлийн аргачлалыг боловсруулах ТББ, аж ахуйн нэгжийг шалгаруулна гэж зарлахад нь манайх сонирхолоо илэрхийлж өгч, Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг /ХОБОМ/-ын гарын авлагыг боловсруулж гаргасан юм. Ер нь уул уурхайн төсөлд байгаль орчны мониторинг хийх Иргэдийн онооны карт аргачлалыг 2011 оноос боловсруулан цөөнгүй аймаг сумын иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд зааж, туршиж байсан туршлага байсан лд, түүнийгээ л илүү олон талт болгож боловсруулсан юм.

НҮБХХ-өөс улирал тутамд өөрийн санхүүжилтээр хийгдсэн төслүүдээсээ тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд хамгийн их өөрчлөлт гаргасан төслийг шалгаруулдаг уламжлалтай юм байна. 2022 оны 1-р улиралд манай энэ төсөл шалгарсаныг дуулаад баяртай байгаа. НҮБХХ-ийн хэрэгжүүлж байгаа Байгаль орчны засаглал төсөл нь газрын хэвлийн байгалийн нөөцөө эрчимтэй ашиглаж буй Аргентин, АНУ, Перу, Колумб, Киргизстан зэрэг 10 гаран улсад нэгэн зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд бүгд хамтын оролцоотой байгаль орчны хяналтыг бий болгохыг зорьж ажиллаж байгаа ч одоогоор тийм ч сайн үр дүнд хүрээгүй, бүгд л янк бүрийн оролдлого хийсээр байна.Магадгүй Монголд туршсан ХОБОМ маань бусад улс оронд загвар болох магадлалтай.

-Танай байгууллага ХОБОМ-г одоогоор хэдэн аймаг, сумд хэрэгжүүлээд байна вэ?
-2020 онд боловсруулж гаргаад 2021 оны оны жилийн эцсээр гурван аймгийн гурван суманд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд туршилтаар хэрэгжүүлж үзсэн. Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Төв аймгийн Баянжаргалан гэсэн гурван суманд ХОБОМ хийсэн байдаг.

Манай байгууллага 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа 10 гаруй жил уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, хүний эрхийн зөрчил үүсэж байгаа газарт очиж ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 13 аймгийн 30 гаруй суманд ажилласан байна. Гэхдээ хангалттай үр дүнд хүрэхгүй байсан учир стратеги боловсруулж тодорхой бүс нутагт ажиллахаар болж говийн 4 аймагт төвлөрч ажиллаж байна. Уул уурхайн төслүүд, дэд бүтцийн төслийн үйл ажиллагаа их төвлөрч явагддаг учир энэ бүс нутгийг сонгох нэг шалтгаан болсон.

Үндсэндээ сүүлийн 7 жил говьд ажиллаж байна. Энэ хугацаанд гарсан зөрчил бүрд тухайн орон нутгийн захиргаа, яам агентлагийг шүүмжлэн хариуцлага нэхэж, хэвлэлийн бага хурал хийн тодорхой хэмжээнд үр дүнд хүрсээр ирсэн. Гэхдээ хууль эрх зүйн үндсэн дээр сууриар нь асуудлыг шийдэж чадахгүй байсан юм. Нэг газрын зөрчил ариллаа гэхэд нөгөө газар яг ижилхэн зөрчил давтагдсаар байдаг. Тиймээс энэ бүх туршлага дээрээ үндэслэн илүү тогтолцоогоор нь харах үүднээс ХОБОМ-ыг боловсруулсан гэж хэлж болно.

-Ямар байдлаар хэрэгжүүлсэн бэ? Жишээ дурдвал?
-Төв аймгийн Баянжаргалан сум болон Дорноговь аймгийн Айраг сумын жишээг дурдаж болно.

Жишээ 1. Төв аймгийн Баянжаргалан суманд “Цэцэнс майнинг” компани нүүрс олборлож байсан. Гэтэл гүний ус шүүрч задгай талбайд гарсны улмаас ус нь задгай талбайд урссаар байгаад Хэрлэнгийн сав газар хүртэл задгай бэлчээрээр тархсан байсан. Үүнээс болж мал шаварт унаж үхэн, малчид 25 км яваад сумын төвд очдог байсан бол энэ уснаас болж олон км тойрч байна гэсэн гомдлууд гарч эхэлсэн байсан. Харин компанийн зүгээс "харин ч ус их гарвал хавар эрт ногоо ургаж малчдад ашигтай болно" гэсэн тайлбар өгч малчин, компани хоёрын дунд зөрчилдөөн үүссэн байсан. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлж туршиж үзсэний үндсэн дээр “Цэцэнс майнинг” компани усны далан байгуулж, үүсгэсэн далангаа эдийн засгийн эргэлтэд оруулж ногоо тарих, олон наст тэжээлийн ургамал тарьж ажиллая гэх мэтээр үр дүн хүрсэн.

Жишээ 2. Дорноговь аймгийн Айраг сумын тухайд яг суурин газрын салхин дээр 500 метр зайтай ЯнтайУул гэдэг компани жонш хөөсрүүлэн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Жоншийг хөөсрүүлэн баяжуулахын тулд маш их химийн бодис ашиглан, өндөр градуст хайлуулж, шороог нь цэвэрлэж буталдаг. Тэгэхээр Айраг сумын төвд зун бүр 7-14 хоног газ мэт хоолой хорсгосон үнэр үнэртдэг. Үүний улмаас иргэдийн толгой өвддөг асуудалтай байсан. Тиймээс манайх компани дээр ХОБОМ хийсэн. Гэвч энэ нь талууд баримтыг хамтдаа олж тогтоон өөрчлөлт гаргахаас илүү Эрүүгийн хуулийн зөрчил гарсан тул мониторинг хий Экологийн цагдаад асуудлыг баримтжуулан хандсан. Одоо энэ хэрэг шүүхээр хянагдажж байгаа. Гэх мэт үр дүнгүүд гарч байна.

Ингэж хэрэгжүүлсний үндсэн дээр дээрх арга маш дүнтэй гэж үзэж гарын авлагаа хэвлээд англи, монгол дээр түгээн дэлгэрүүлж байна.

-Асуудлаа шийдвэрлэхээс гадна өөр ямар давуу талтай вэ?
-Манай улсын хувьд уул уурхайн төсөл дээр төрөөс гаргаж байгаа шийдвэр ойлгомжгүй, үйл ажиллагааны тэр дундаа байгаль орчны хяналт, хариуцлага сул орчинд компани, нутгийн захиргаа, иргэдийн дунд үргэлж үл олйголцол, итгэлцэл бий болдоггүй, хүний эрх байгаль орчны зөрчил, маргаантай байсаар байна. Ийм нөхцөлд ХОБОМ аргачлалыг нэвтрүүлэх, хэрэглээг албажуулж түгээх нь уул уурхайн салбарын талаарх эрх зүйн орчин, хариуцлагын талаар бүх талууд мэдлэгтэй болдог юм байна. Мөн зөрчил маргааныг яаж шийдвэрлэх талаар мэдлэгт суурилсан шийдэл гаргадаг болох давуу тал одоогоор ажиглагдаж байна

-Өөр аймаг сумаас танайд хандаж мониторинг хийлгэх боломжтой юу?
-Боломжтой. Манайх руу 2 ч компани, нэг сумын иргэд хандсан. Тухайн компаниуд анхнаасаа хуулиа хэрэгжүүлэхгүй явсаар байгаад нутгийн иргэдтэй "дайсан" болчихож. Тэд манайх очиж сургалт хийгээд нэг удаа талууд хамтдаа суугаад ойлголцчихно гэж бодсон байна лээ. Гэтэл тийм биш. ХОБОМ хэрэгжүүлэхийн тулд урьдчилан судалж, яг ямар асуудалаар зөрчил маргаан үүсгэж байгаа, ХОБОМ оор хэрхэн шийдэж болохыг судалж тухайн компанийн бичиг баримтуудтай танилцаж байж талууд хоорондын асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд жаахан хугацаа ордог. Өөрөөр хэлбэл ХОБОМ нь гурван үе шаттай 7 алхамтай аргачлал юм. Энэ бүх үе шатыг талууд ижил тэгш оролцоо, санаачлагатай даван туулдаг. Тиймээс нэг удаа сургалт ороод асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Иргэний нийгмийн байгууллагуудын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг Индэр буланд орсон түүний "Байгаль орчны яамнаас БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА" ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Хятадад барилга нурсан хэргээр есөн хүнийг баривчилжээ
Хятадад барилга нурсан хэргээр есөн хүнийг баривчилжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.