"Өлзий энд Ко капитал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Санхүүгийн зах зээлийн өнөөгийн өнгө төрх ямар байна вэ?
-Санхүүгийн зах зээл нь хоёр том баганатай. Мөнгөний зах зээл буюу богино хугацаатай хөрөнгө оруулалт хийдэг банк. Хоёр дахь нь хөрөнгийн зах зээл. Энэ нь урт хугацаатай санхүүжилтийг бий болгодог. Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. Харамсалтай нь монголд банк хэтэрхий давамгайлчхаад байна. Хөрөнгийн зах зээлд туршлага, уламжлал бараг байхгүй. Банк нь түрүүлээд хөгжчихсөн дүр зурагтай байна.
-Банк хэтэрхий давамгайлж буй нь юутай холбоотой вэ?
-Банкуудын лобби гэхээс илүүтэйгээр шийдвэр гаргагч нар хөрөнгийн зах зээлийн агуулга, ач холбогдлыг ойлгодоггүйтэй холбоотой. Тиймээс хөрөнгийн зах зээлийн бодлого нэлээд хоцрогдолтой байгаа юм.
Уг нь 1991 онд бүгд нэг гараанаас эхэлсэн. Өмч хувьчлалын цэнхэр тасалбар тухайн үед хувьцаа болж байсан. Төрийн өмчит 475 компанийг шууд хувьчилж, иргэддээ 7 мянган төгрөгийн ваучир тараасан байдаг. Ингээд харвал хөрөнгийн зах зээлийн эхлэлийг тавих гэж байсан юм шиг. Гэхдээ хөгжил нь ард хоцорчихсон.
-Банк давамгайлах нь санхүүгийн зах зээлд ямар эрсдэлтэй вэ?
-Эдийн засаг хямрахад бүх эрсдэл банк дээр ирдэг. Учир нь ганц санхүүжүүлэгч нь банк. Тиймээс эдийн засаг хямрахад хамгийн түрүүнд зээлүүд төлөгдөхөө болино. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэнэ. Харин хөрөнгийн зах зээл нөгөө талд нь байвал бол эрсдэлээ хуваах боломжтой.
Санхүүгийн зах зээл дампуурвал улс орон тэр чигээрээ дампуурна. Санхүүгийн зээл бол хүний биеэр яривал судас нь юм.
-Хөрөнгийн зах зээлийн хөгжил хоцрогдсон шалтгаан нь юу вэ?
-Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил нь өмч хувьчлалыг хийх зорилготой байгуулагдсан. Уг нь хөрөнгийн зах зээл гэдэг бол санхүүжилт татах. Мөнгөний хэрэгцээтэй байгаа болон мөнгөтэй хүмүүсийг хооронд нь холбох зах зээл юм. Гэтэл манайхан эсрэгээрээ өмч хувьчлалыг бий болгох гэж цэнхэр тасалбар тарааж байсан. Санхүүжилт босгоогүй. Үнэгүй өгчихсөн. Тиймээс анхнаасаа үүсэл нь буруу тавигдчихсан гэсэн үг. Тухайн үед хүмүүс хувьцаа худалдаж авдаг, ингэснээр тухайн компанийн хувьцаа эзэмшигч болж үүссэн ашигаас нь авдаг гэдгийг ерөөсөө ч ойлгоогүй. Хүмүүсийг хувьцаа гэж юу байдаг талаар ойлголтгүй байхад нь баахан үнэгүй хувьцаа өгчихсөн.
Үнэгүй зүйл бол үнэгүй л байдаг. Тиймээс тэр үед зарим нь нэг шил архи, будаа, нэг кг гурилаар наймаалцчихсан. Эцсийн дүнд нь овсгоотой мөнгөтэй хүмүүс тэр хувьцааг нь төвлөрүүлсэн. Одоо бол хувьчилсан 475 компаниас 150 орчим нь л үлдсэн байх. Мөн тарааж байсан хувьцааны 90 хувь нь 1500 хүний гарт төвлөрчихсөн байна. Тухайн үед хоёр сая хүнд үнэгүй хувьцаа тарааж байсан юм.
Одоо зарим хүмүүс “АПУ, Говь, жижиг таван толгойн хувьцаатай байсан байна” гээд ярьдаг. Үүнийгээ сүүлд нь мэдэж байгаа юм. Учир нь 1990-ээд онд үр ашгийг нь ойлгоогүй, хувьцааг хөрөнгө оруулалт гэж хараагүй. Нэг удаагийн өмч хувьчлалын хэрэгсэл болгож ашиглаад хөрөнгийн зах зээлийг хаячихсан.
-Яагаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, томоохон хөрөнгө оруулалтуудыг хөрөнгийн зах зээлээс босгох боломжтой байдаг. Манай улс бол маргаангүй уул уурхайн улс. Өнөөдөр Монгол Улсыг тэжээж байгаа ганц салбар бол уул уурхай. Энэ салбар өөрөө маш том санхүүжилтийг шаарддаг. Тиймээ нэг багана /банк/ ганцаараа дийлэхгүй. Жишээ дурдвал, 2010 онд Энержи ресурс компани Хонг Конгийн бирж дээр IPO хийж, 750 сая доллар босгож байсан. Энэ хэмжээний мөнгийг манай улсын нэг банк битгий хэл бүгд нийлээд ч босгож чадахгүй. Харин үүнийг хөрөнгийн зах зээл дээрээс босгох боломжтой. Маш олон тэтгэвэр, хөрөнгө оруулалтын сангууд нийлж байж үүнийг босгодог. Уул уурхайн төслүүдийг хөдөлгөе гэвэл энэ хэмжээний мөнгө хэрэгтэй.
Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Энэ бол хууль эрх зүйн зохицуулалттай зах зээл. Сүүлийн үед иргэд койноос болж хохирсон талаараа хэвлэлийн хурал хийж байна. Койн ямар ч зохицуулалтгүй учир иргэд ямар ч мөнгө авах боломжгүй, бүгдийг нь алдчихсан байна. Тиймээс гадаадын компаниуд монголд хөрөнгө оруулж байгаагийн нэг шалтгаан нь зохицуулалттай учраас юм.
Гуравдугаарт, далд эдийн засгийг нээлттэй болгоно. Компаниудын санхүүгийн тайлан нээлттэй болж, ногдол ашиг хуваарилдаг болно. Ногдол ашиг тараана гэдэг нь баялгийн хуваарилалтыг бий болгоно гэсэн үг. Хөрөнгийн зах зээл байхгүй учраас баян ядуугийн зөрүү асар их болчхоод байгаа юм. Баялгийн хуваарилалт хийгдэхгүй байна шүү дээ. Тиймээс баячууд нь хэтэрхий баян. Улс төрчидтэйгөө лобби хийж компаниа улам л томруулаад байдаг. Эсрэгээрээ ядуу иргэд нь улам л ядуураад байна.
Дөрөвдүгээрт, санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулна. Банк дангаараа эрсдэл үүрч болохгүй.
-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шийдэл юу байж болох вэ?
-Манай улс төрчид хүүхэд шиг аашилдаг. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирж байсан. Үүн дотор гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын шатны компаниуд маш олон байсан. Гэвч Хөрөнгө оруулалтын тухай хуульд гэнэт өөрчлөлт оруулж гаднын 100 гаруй лицензийг цуцалсан байдаг. Нэг л өдөр урт нэртэй хууль батлаад бүгдийг нь гаргасан. Холбогдох дүрэм журам тодорхойгүй. Хийсэн хөрөнгө оруулалтыг нь нөхөж өгөх эсэх нь ч тодорхойгүй. Энэ мэтчилэн шийдвэрүүдээс болж гаднын хөрөнгө оруулалтууд манайд орж ирэхээ больсон. Байгаа нь зугтаж гарсан байдаг.
Гадаадын хөрөнгө оруулалт татья гэвэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг тарааж өгсөн ч үхмэл байлгаад байвал ямар ч нэмэргүй. Үүнийг арилжаалах хэрэгтэй. Ингэвэл бусад нээлттэй компанийн адил хүмүүсийн хараа хяналт дор орчихно. Яалт ч үгүй жил бүр санхүүгийн тайлангаа тайлагнаж, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулдаг болно. Хувьцаа нь арилжаанд ороод ирэхээр зарим нэг нь зарна. Зарим нэг нь хувьцааг нь төвлөрүүлнэ. Одоо ЭТТ-н нийт хувьцааны 13 хувь нь иргэдийн гар дээр байна. 2011 онд хувьцаа тарааж байсан. Бүтэн 12 жил болчхоод байхад иргэд хувьцаагаа арилжаалж болохгүй байсаар байна. Ядаж л арилжаалаад эхэлбэл гаднынхан орж ирнэ. Тэд орж ирлээ гээд буруудах зүйл байхгүй. Гаднынхан орж ирвэл ядаж доллар орж ирнэ биз дээ.
Үүнээс гадна татварын орчныг бий болгох маш чухал. Хонконгийн хөрөнгийн зах зээл татварын таатай орчныг бүрдүүлснээр хөгжсөн байдаг. Мөн төр өмч хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх ёстой. Хөрөнгийн зах зээл дээр төр тугаа мандуулж, хувьчлал хийснээр хувийн хэвшлүүдийг манлайлж, хөрөнгийн зах зээл рүү татна.
-Цар тахлын үеэр хүмүүс хөрөнгийн зах зээлийг нэлээд сонирхож, орж эхэлсэн шүү дээ. Ингэхэд юу нөлөөлсөн бэ?
-Тийм ээ. Хөл хориотой байх хоёр жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл нэлээд сайн хөгжсөн. Тэр үеэр ногдол ашиг гэж хүн бүрт 300 мянган төгрөг тарааж байсан даа. Тиймээс хүмүүс энэ мөнгөөрөө хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулж эхэлсэн.
Үүнээс гадна ковидын үеэр бодлогын хүүг 6 хувь хүртэл бууруулсан нь нөлөөлсөн гэж бодож байна. Хадгаламжын хүү 7-8 хувь хүртэл буурсан учир иргэд мөнгөө татаж авч, хувьцаа, бонд руу хөрөнгө оруулж эхэлсэн. Мөн тэр үеэр ихэнх зээлүүдийн эргэн төлөлтийг хойшлуулсан учир иргэдэд нэлээд таатаж нөхцөл бүрдсэн. Тиймээс сүүлийн үед зах зээлийн үнэлгээ нэмэгдэж байгаа.
-Анхлан хөрөнгийн зах зээлд орж байгаа хүмүүс хувьцаа, бонд хоёрын алийг нь илүү өгөөжтэй вэ?
-Манайхан эхлэхдээ хамгийн эрсдэлтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. Эсрэгээрээ анх энэ зах зээл рүү орж байгаа бол эрсдэл багатай бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бондод хөрөнгө оруулах нь хамгийн найдвартай юм. Учир нь бонд бол тогтмол өгөөжтэй. Барьцаа, баталгаатай. Компани өрийн эрсдэл гаргаж бусдаас мөнгө зээлж байгаа учир илүү найдвартай гэсэн үг.
Хувьцаа бол байнга өөрчлөгдөж байдаг. Үүнээс болоод алдагдал хүлээх эрсдэлтэй. Хувьцаа авч байгаа бол та тэр компанийн эзэн болж байна гэсэн үг. Энэ утгаараа эрсдэлээ үүрнэ. Койноос ялгаа байхгүй.
-Сүүлийн үед ББСБ-ууд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нэлээд гаргаж байна. Энэ нь хэр найдвартай вэ?
-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь тодорхой хугацааны дараагаар, тодорхой хүүтэйгаар таны мөнгийг эргэн төлнө гэсэн үг юм. Энэ нь бондоос ч илүү найдвартай.
-Ярилцсанд баярлалаа.