/2022.09.01/: Орос 3 дугаар сургуулийн гадаа сэтгүүлч С.Будрагчаагийн биед зарим эцэг эхчүүд халдаж техник хэрэгслийг нь эвдэлсэн хэрэг гарсан байна.
Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаа мэдээлэл хийлээ. Тэрээр:
-2022-2023 оны хичээлийн жилд Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн бэлтгэл бүлэгт элсэх гэж 373 хүүхэд бүртгүүлсэн. 5 хан настай хүүхдүүдээс шалгалт аваад 152 нь тэнцэж, бусад 200 орчим хүүхдүүд тэнцээгүй гэсэн хариуг өгсөн юм байна лээ. Тэгсэн чинь Соронзон захирал "Бидэнд 50 хүүхдийг сургуульд оруулах квот байгаа. Хандивын ангиар авдаг. Та нар 10.00 цагаас 12.00 цагийн хооронд над ирээд хүүхдүүдээ хандивын ангид оруулах өргөдөл бичиж өгвөл авъя" гэж хэлсэн байгаа юм. 50 хан квотын төлөө эцэг эхчүүд бужигналдаж эхэлсэн чинь өөрийгөө бизнесмен Отгонтөгс гэж танилцуулсан нэг хүн тэдэнтэй уулзаад "Та нарт мөнгө байгаа бол хүүхдийг чинь сургуульд элсүүлэх бүрэн боломж байна. Хамгийн гол нь хахуулийн мөнгө нь 16 сая төгрөг" гэж хэлсэн гэсэн.
Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор би холбогдох хүмүүсээс нь нэн дариу хариу тайлбар авахаар ирсэн. Тэрнээс биш сургуулийн нээлт дээрээ ОХУ-ын далбаа барих эсэх надад огт хамаагүй. Тэгээд уулзах дөнгөж сургуулийн хашаа руу ороход маш олон эцэг эхчүүд "чи яваач" гэж орилж эхэлсэн. Мөн тус сургуулийн ажилтнууд бүгд гүйж ирээд намайг гудчиж, цохиж эхэлсэн. Мөн манай зураглаачийн биед олуулаа халдаж зээл тавьж авсан 7 сая төгрөгийн үнэтэй камерыг маань эвдчихлээ. Сэтгүүлч нарын хамгийн үнэ цэнтэй зүйл камер байдаг. Би хахаж цацсан баян хүн биш. Миний ард ивээн тэтгэгч улс төрч байдаггүй. Харамсалтай нь олон хүн дайраад камерыг минь ажиллагаагүй болголоо гэлээ.