Төсөв 2025: Мега төслүүд ТОМ тоо
Шуурхай мэдээ
 

Төсөв 2025: Мега төслүүд ТОМ тоо

/2024.10.21/

2025 оны жилийн төсвийг УИХ-ын 126 гишүүн дунджаар 58 хувийн ирцтэйгээр Засгийн газрын 10 -12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхлээд байна. Улсын төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын гишүүний жилийн ажлын бараг тал нь гэж үнэлж болох чухал ажил. Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралд Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй сайд нарын хамт яваа эзгүй.Сангийн сайд Б.Жавхлан төсвийн хэлэлцүүлгийн ачааны хүндийг үүрч шинэ гишүүд харин аар саархан асуусаар асуудлын гол байг онохгүй шахам. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улс төрчдөд өгсөн хандив том бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэж байгаа компанийн харилцаа хамаарлыг олж харж, инженер мэргэжилтэй УИХ-ын гишүүн Ч.Анар хиймэл дагуулын төсөл хэт өндөр байгааг шүүмжилснээс өөрөөр даацтай хэлэлцүүлэг өрнөхгүй байна.

Төсвийг цомхон, томхон хийх ажлуудаа оруулж ирсэн гэж дүгнэх боловч тоо нь багасч төсөвт өртөг нь хэд дахин нэмэгджээ. Үүний нэг жишээ нь Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл. Том хэмжээний бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлж, гүйцэтгэж чадах дотоодын компаниуд тун цөөхөн.

Эрчим хүчний томоохон нэгэн төслийг “Бодь” групп биечлэн гүйцэтгэсэн. Ингэхдээ Улаанбаатар хотын бондын санхүүжилтээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсгийг ашиглалтад оруулаад байна. Үүний хамт хажууханд хүрэн нүүрсний томоохон орд газрын нөөцийг баталгаажуулж байгаа гэх мэдээлэл бий. Нэгэнт туршлагатай болсон тул дараа дараагийн төмөр замын том төслийн гүйцэтгэгч нь Бодь групп байх нь тодорхой. Урт цагааны шинэ бүтээн байгуулалтыг ч мөн “Бодь” групп хийхээр ажлаа эхлүүлсэн. Өөрийн хүмүүсээ төрийн тодорхой албан тушаалууд дээр байршуулж эхэлсэн нь үүний нотолгоо. Саяхан болж өнгөрсөн НИТХ-ын сонгуулиар илтэд мэдрэгдсэн. Нэгэн цагт улсын том төслүүдийн ард байдаг гэгдэж шүүмжлэгддэг байсан “MSC” компанийн эрх мэдэл ийнхүү “Бодь” групп рүү аажмаар шилжиж байна. Метро барих ажлын тендэрийг олон улсад зарлаад байгаа боловч дотоодын гүйцэтгэгч нь мөн л тэд байх болов уу?

Томоохон гэх төсөл бүрийн цаана улс төрчдийн амлалт, өөрийгөө түүхэнд үлдээх гэсэн амбиц нуугдаж байгаа нь илэрхий. Жил бүрийн улсөн төсвөөр аль нэгэн аймаг сумын сургууль цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалтын маргаан хэлэлцүүлэг яригддаг байсан бол энэ удаад хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгө ярьж байгаагаар огт өөр.

Мега төслийн хувь заяа амжилттай болох эсэх өөр болохыг судлаачид хэлдэг. Тэдний дийлэнх нь эдийн засгийн өгөөж гэхээсээ илүү геополитикийн үр ашгийг тухайн улс оронд өгдөг гэх нь бий. Тэгвэл 2025 оны төсөвт яригдаж байгаа том төслүүдээс хэд нь ирээдүйд эдийн засгийн хувьд дарамт болохыг бид таашгүй байна.

Одоогоор ил болсон төсөл бол Газрын тос боловсруулах үйлдвэр, удаах нь ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тайлбарласаар байгаа Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл. Тэгвэл эдийн засгийн хувьд бэхжиж амжаагүй Монголын эдийн засагт ийм том мега төслүүд хир том нөлөө үзүүлэх бол ийм эргэлзэм асуулттайгаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх төслүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэж нэрлэж болох Тэрбум мод, Цагаан алт, Хүнсний хувьсгал, Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн Шинэ хоршоо, Парламентийн гурван төгөлдөршил, Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнийн хиймэл дагуулаас эхлээд 14 том төсөл, Улаанбаатар хотод хийгдэх том төслүүд болох олон тулгуурт нийтийн тээврийн LRT, тойрог хурдны замын төслүүд, 20 минутын хотын бүтээн байгуулалт гэх мэтээр улс төрийн нам фракцуудын нөлөөллөөр хэрэгжиж гүйцэтгэгч нь тодорч санхүүжилт дэмжлэгээ авч урагшилна.


Угаас төсөв Засгийн газар дээр зангидагддаг байдал харагдах байдлаа өөрчилсөн. Дарга нарын санаачилсан хөтөлбөр бүр нүсэр том ажлын хэсэг, том төсөв бүхий үндэсний хороо, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг үйлдвэрлэсээр байна.

Гэвч энэ бүхнийг ажил хэрэг болгох дотоодын аж ахуйн нэгжүүд бэлэн биш байгаа нь харамсалтай. Улаанбаатар хот замын бродюрыг солих гэж энэ намаржин будилсаныг эрэлтээ дийлэхгүй Эрээн рүү хөрөнгө оруулсанаар харж болно. Эндээс улсын төсвийн болон хөрөнгө босгох замаар хэрэгжүүлэх том төслүүд үндэсний гэгдэх цөөхөн компаниудын хийх ажил, олох ашиг болсноос гадна гадны хөрөнгө оруулагчид дийлэнхийг хийж гүйцэтгэх нь тодорхой зураглал харагдаж байна. Хамгийн анхаарууштай төсөл хөтөлбөр бүрийг дагасан төсвөөс санхүүждэг бүтцүүд бий болж байгааг анзаарах ёстой юм. Ганцхан нүүрснээс хамааралтай төсөв хэт их том төслүүд санхүүжүүлж даах болов уу? Улсын эдийн засаг яах бол? төгрөгийн ханш сулрах уу? ажиллах хүчин байгаа юу? дотоодын аж ахуй нэгжүүд бэлэн үү? хамгийн гол нь энэ бүхэн ШИНЭ СЭРГЭЛТ болж чадах болов уу?

МҮХАҮТ шинэ даргаа сонгоно
МҮХАҮТ шинэ даргаа сонгоно
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.