/2022.05.16/: Дэлхийн хамгийн том платиниум буюу цагаан алт олборлогч Anglo American компани устөрөгч болон цахилгаан хөдөлгүүртэй, 510 тонн жинтэй дэлхийн хамгийн “хөнгөн” ачааны машинууд ашиглаж эхэлснээ танилцууллаа.
The nuGen truck буюу нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр хөрс хуулалтын тээвэр хийх шийдэл нь аварга том даацын ачааны машинууд (энд яригдаж буй ачааны машины өөрийн жин нь 220 тонн, ачааны даац нь 290 тонн)-ыг дизель хөдөлгүүрээс нь салгаж, устөрөгчийн хөдөлгүүрээр нэмж тоноглон, цэнэг хураагуур суулгаснаар хайбрид төрлийн автомашин болгон хувиргахыг хэлж байгаа ажээ. Тэд шатахуун болгон ашиглах устөрөгчөө уурхай дээрээ шууд үйлдвэрлэх юм.
Anglo American компани нь 4 жилийн өмнө Тогтвортой Уул уурхайн Төлөвлөгөөгөө танилцуулж байсан ба уг төлөвлөгөөний нэг хэсэг болох FutureSmart Mining хөтөлбөрийн хүрээнд ийнхүү хүнд даацын ачааны машинуудыг устөрөгч, цахилгааны хосолмол хөдөлгүүртэй болгон ашиглахаар болжээ.
Тус компани ачааны машины угсралтаа ӨАБНУ-д байдаг Могалаквена цагаан алтны уурхай дээрээ хийж байгаа гэж тогтвортой байдлын тайлан дээрээ дурдсан байна. 2030 он гэхэд 7 өөр уурхай дээрээ нэвтрүүлэхээр төлөвлөөд байсан устөрөгч, цахилгаан хосолмол хөдөлгүүрт автомашины хөтөлбөрийн анхдагч нь ийнхүү 2022 онд хэрэгжиж эхэлж байгаа юм.
Ажиллах зарчимын хувьд нөөцлүүр савнаас ирсэн устөрөгч нь түлшний элемент руу орж, тэндээ хүчилтөрөгчтэй нэгдэх ба энэхүү урвалын катализатор буюу хурдасгагч нь цагаан алт байна. Урвалын үр дүнд ялгарсан электрон буюу хасах цэнэгүүд нь гүйдэл үүсгэж, эрчим хүч бий болгон, энэ эрчим хүчээр автомашины хөдөлгүүрүүд тэжээгдэнэ. Энэхүү үйл явцын үр дүнд автомашинаас ялгарах цорын ганц хаягдал нь ус байна.
Хүнд даацын автомашинуудын дизель хөдөлгүүрийг халж буй 2 Мегаватт чадалтай устөрөгч, цахилгааны хосолмол түлшний элементийг Anglo American компани өөрийн хамтрагч First Mode компанитай хамтран бүтээжээ. Тус компани АНУ-ын Сиэтлл хотод үйл ажиллагаа явуулдаг юм.
Автомашины цахилгаан эрчим хүч болон батарейн удирдлагыг зохион бүтээхдээ ашиглалтын үр ашигт байдлыг аль болох нэмэгдүүлж байхаар тооцоолсон бөгөөд автомашин нь уруу замаар явахдаа тоормоз гишгэхэд цахилгаан хөдөлгүүр нь эрчим хүч үүсгэж, батарей руугаа дамжуулж байхаар хийгдсэн байна. Ингэснээр устөрөгчийн хэрэглээгээ хэмнэж, өөрийн үүсгэсэн цэнэгээр цахилгаан хөдөлгүүрээ ажилуулна. Үүний үр дүнд автомашины шатахуун зарцуулалтын хугацаа уртасч, зогсолтгүй явах хугацаа нэмэгдэнэ. Мөн устөрөгч түлшээр автомашинаа дүүргэх нь батарей цэнэглэхээс хавьгүй хурдан байдаг өөр нэг давуу талтай.
Anglo American компани нь nuGen шийдлийнхээ хүрээнд Могалаквена уурхай дээрээ автомашины шатахуун болгон ашиглах устөрөгчийг үйлдвэрлэх, хадгалах, дахин цэнэглэх цогцолбор байгуулсан бөгөөд энд Африк тивийн хамгийн том устөрөгч үйлдвэрлэх электролизийн байгууламж болон нарны цахилгаан станц багтаж байна. Устөрөгчийн үйлдвэрлэлийн технологийн хамтрагч нь Францын нэр хүндтэй томоохон компани болох ENGIE SА юм.
Өнгөрсөн онд Шотландын Глазгоу хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний хэмжээний уулзалт COP26-ийн үеэр Anglo American компани нь томоохон амлалтууд өгсөн бөгөөд үүнд, 2030 он гэхэд байгальд ээлтэй аргаар жилдээ 100 000 тонн устөрөгч үйлдвэрлэх, мөн ашиглах, ил уурхайн 7 байршилд ногоон устөрөгч үйлдвэрлэлийн систем байгуулах, уурхай бүрийн автомашины тооноос хамааруулан, байршил тус бүр дээр устөрөгчөөр цэнэглэх 3-8 станц барих, дээр дурдсан ил уурхайнуудад ашиглагдаж буй хэт хүнд даацын бүх автомашины дизель хөдөлгүүрийг хосолмол хөдөлгүүрт шилжүүлэх, уурхай байрлаж буй орон нутагт устөрөгчтэй холбоотой үйлдвэрлэл, бизнесийн салбаруудын хөгжлийг дэмжих зэрэг томоохон зорилтууд багтсан байна.
Олон улсын хамтарсан “Устөрөгчийн Зөвлөл” байгууллагын тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 18 хувийг устөрөгч дангаараа хангах төлөвтэй байгаа ажээ. Цагаан алтны бүлэгт хамаарах металлууд нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт хийг шүүж ялгахад чухал үүрэг гүйцэтгэдэг учраас энэ чиглэлийн уул уурхайн үйлдвэрлэл нь мөн шинэ тутам хөгжиж буй устөрөгчийн эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдолтой салбар гэж тооцогдож байна.
Тогтвортой хөгжлийн чиглэлээр дэвшүүлсэн Anglo American компаний гол зорилтуудаас дурдвал:
2030: Компанийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай хүлэмжийн хийг 30 хувиар бууруулж, эрчим хүчний үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлэх. 8 уурхайн байршилд нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох
2040: Уул уурхайн бүх үйл ажиллагаандаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох
2050: Компаниас шууд бусаар хамааралтай хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зэрэг ажээ.
Эх сурвалж: miningdigital