Төрийн бус байгууллагууд хамтран Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаар мониторинг хийж, үүнийхээ үр дүнг танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.
-“Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламж”-ийн талаарх мониторонгийн үр дүнг танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нийслэлд нийт 616.6 тэрбум төгрөгийн төсөв баталсан байдаг. Үүнээс 420 тэрбумыг 2022 оны төсөвт суулгаж хэрэгжүүлэхээр төлөвсөн. Улмаар түгжрэлийг бууруулах хүрээнд нийт 49 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байдаг.
Бидний хувьд үндсэндээ 4 гол замыг сонгож ажиллалаа. “Ил тод байдлын сан”, “Хэрэглэгч сан”, “Үндсэн уртраг”, “Захиргааны шинэ санаачилга” гэсэн 4 ТББ хамтран мониторинг хийлээ.
2021 оны эхний улиралд бид түгжрэлийг бууруулах хүрээнд хууль эрхзүйн талаас ямар баримт бичгүүдийг гаргасан, түгжрэлийг бууруулах шийдэл, механизм нь юу вэ гэдэгт илүү анхаарсан. Зарим нэг үр дүнгээс дурдвал, Толгойт чиглэлийн замыг Ард аюушийн замтай холбох ажил өнгөрсөн хугацаанд огт хийгдээгүй, үр дүнд хүрээгүй байсан. Уг нь зургаадугаар сарын 21-нд тендер зарласан хэдий ч хариуцаж ажилласан компани огт байгаагүй. Мөн Улиастай-Амгалан чиглэлд авто зам тавих ажлын тендер нь дөрвөн удаа зарлагдсан ч одоо хүртэл ажил нь дуусаагүй байгаа юм. Манайд нэг замын ажлын тендерт 6.9 сар зарцуулж байна.
-Түгжрэлийг бууруулахад төсөвлөсөн 420 тэрбум төгрөгийн хэр зөв зохистой ашиглаж байна гэж үзэж байна вэ?
-420 тэрбум төгрөгийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод биш байна. Үүнд нэг жишээ татахад, Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сард багтаан шинээр 500 автобус оруулж ирж, парк шинэчлэлт хийнэ хэмээн хотын удирдлагууд мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл энэ автобусууд орж ирээгүй л байна. Энэ ажилд нийт 77,6 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэвч энэ мөнгө өнөөдөр хаашаа алга болсон нь тодорхойгүй байна. Тиймээс дээрх төсвийг хэрхэн юунд зарцуулж буйгаа ард түмэнд нээлттэй, ил тод тайлагнах хэрэгтэй.
Яг үнэнийг хэлэхэд түгжрэлийг бууруулна гэж ярьдаг ч хэрхэн, яаж бууруулах арга, аргачлал, механизмаа гаргаж чадахгүй байгаа. Уг нь 420 тэрбум төгрөгийг түгжрэл бууруулах ажилдаа бүрэн зарцуулдаг бол иргэдийн амьдрах орчин нөхцөл, амьдралын чанар сайжрах ёстой. Гэтэл сайжирсан зүйл огт алга.
-Мониторингийн явцад ноцтой зөрчлүүд илэрсэн үү?
-Хэд хэдэн зөрчил илэрсэн. Уг нь 420 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн парк шинэчлэлтээ сайжруулж, түгжрэлээ бууруулах ёстой. Гэтэл энэ ажлаа хийхгүй эрх бүхий хүмүүс өөрсдөдөө зориулаад тансаг байшин барилга бариулчихсан байна.
Өөрөөр хэлбэл, 420 тэрбум төгрөгийн 30 хувиар нь буюу 107,6 тэрбум төгрөгөөр Яармагт Нийслэлийн захиргааны байр барьсан. Хотын удирдлагууд ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлд огт мөнгө зарцуулахгүй байна.
-Түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд бүрэн хэрэгжиж чадахгүй байгаагийн шалтгаан юу гэж харж байна вэ?
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Бидний зүгээс энэ хуулийг зайлшгүй батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тус хуульд тендер зохион байгуулах маш олон хэлбэрүүдийг багтаасан учир нэлээд давуу тал бий болж байгаа юм. Тодруулж хэлбэл, тендерийг илүү ил тод, шилэн болгож байгаа. Мөн хугацааг нь багасгасан. Өмнө нь нэг тендер зарлахад 30-40 хоног сунжирдаг байсан. Энэ байдал нь түгжрэл бууруулах ажлууд удаашрахад нөлөөлж буй нэг шалтгаан болж байна. Тиймээс одоо өргөн барьчихсан байгаа хуулиар 15 хоногийн дотор тендер зарлах боломжийг бий болгож байгаа.
-LRT, BRT зэрэг төслүүд яригдаж байна. Та бүхний зүгээс эдгээр төслүүд түгжрэлийг бууруулахад хэр үр дүнтэй гэж харж байгаа вэ?
-Бидний зүгээс эсрэг байр суурьтай байгаа. Захиргааны ерөнхий хуулиар шинэ барилга байгууламж, зам барихад иргэдээс санал асуулга авч, хэлэлцүүлэг хийх ёстой. Гэвч Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа.
LRT барьсан тохиолдолд нийслэлийн иргэдэд ашигтай юм уу, үгүй юм уу. Хүрэлцээ нь ямар байх юм гэдгээ тодорхойлж гаргаагүй. Үүнийхээ судалгааг хийгээгүй. Хэрэв эдгээр төслүүдийг хэрэгжүүлбэл Монгол Улс өрөнд орно. 920 сая ам.долларыг зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна. 2,8 их наяд төгрөг гэсэн үг шүү дээ. Энэ мөнгө манай төсвийн 20-30 хувтай тэнцэнэ. Жилийн жилд төсвөө алдагдалтай баталдаг манай улсын хувьд энэ төслийг хэрэгжүүллээ гэхэд өр л нэмэгдэнэ.
-Энэхүү мониторингийн үр дүнтэй холбоотойгоор холбогдох хүмүүст зөвлөмж хүргүүлсэн үү?
-Одоогоор хүргүүлээгүй байна. Өнөөдрийн тухайд /2022.10.24/ зөвхөн эхний ажлуудынхаа явц, үр дүнг танилцуулж байна. Бидний энэ ажил цаашид үргэлжилнэ.