/2022.10.07/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.
Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг ямар шалгуураар хуваарилдаг вэ. Хүн ам, орон нутгийн хөгжил, амьжиргааны түвшинг нь шалгуур үзүүлэлт болгодог юм уу. 2023 оны төсвөөс харахад Булган, Сүхбаатар гэсэн хоёр аймагт тус тус наймхан тэрбум төгрөг хуваарилсан байна. Бусад аймагт өндөр төсөв тавьсан байна. Ямар үндэслэлээр ийм ялгаатай төсөв тавьж байгаа юм бэ.
Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн мөнгө нь хүртэл ялгаатай байна. Булган, Баян-Өлгий гэсэн хоёр аймаг хамгийн бага төсөвтэй байна. Хөгжил нь тийм сайн болоод бага дүн тавиад байгаа юм уу. Үүнд тайлбар авъя.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан хоёр ялгаатай ойлголт. Орон нутгийн хөгжлийн сан нь хүн амын тооноос хамаарч олгогддог. Харин төсөв нь орлого зарлагын зөрүүгээр бодогддог. Одоогоор нийслэл болон 6 аймаг төсөвт орлого төвлөрүүлж байна. Бусад нь бүгд дэмжлэг, татаас авдаг.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Та нар өөрсдийн халааснаас санхүүжүүлдэг юм шиг хачин хандлагаа засах хэрэгтэй шүү Б.Жавхлан сайд аа. Аймгуудын орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан мөнгөнийхөө ялгааг хараач. Яаж аргаар төсөв хуваарилж байгаагаа олигтойхон тайлбарла. Ямар учраас заримд нь наймхан тэрбум төгрөг, заримд нь 20 тэрбум төгрөг олгож буйгаа тайлбарлаад өгөөч. Тийм гайхалтай сайн хөгжсөн болоод бага мөнгө хуваарилж байгаа юм уу.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Бидний баримталж байгаа хууль нь өөрөө ийм.Түүнээс биш үзэмжээр нь хуваарилалт хийдэг зүйл байхгүй. Байгаа нь л энэ. Эсвэл хуулиа өөрчил. Танд эрх нь байгаа гэлээ.