/2023.06.05/: Саудын Араб долоодугаар сард өдрийн олборлолтоо нэг сая баррелиар бууруулна гэж мэдэгдсэний дараа нефтийн үнэ өссөн байна.
Газрын тос олборлогч орнуудын бүлэг болох ОПЕК+-ийн бусад гишүүн орнууд ч мөн үнийг өсгөхийн тулд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулахаар тохиролцов.
ОПЕК+ нь дэлхийн түүхий нефтийн 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд түүний шийдвэрүүд газрын тосны үнэд томоохон нөлөө үзүүлдэг.
Мэдэгдлийн дараа өнөөдөр Азийн худалдаанд Брент маркийн нефтийн үнэ 2.4 хувиар өсөж, баррель нь 77 ам.долларт хүрсэн байна.
ОПЕК+ 2024 оноос хойш олборлолтын зорилтууд өдөрт 1.4 сая баррелиар буурна гэж мэдэгдэв.
Эрчим хүчний үнэ унасантай холбогдуулан өнгөрөгч ням гарагт болсон газрын тосоор баялаг орнуудын уулзалт долоон цаг үргэлжиллээ.
Өнгөрсөн жил Орос Украинд довтлох үед нефтийн үнэ өссөн ч одоо мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшиндээ эргэн ирээд байгаа юм.
Дэлхийн томоохон нефтийн үйлдвэрлэгчид яагаад нийлүүлэлтээ багасгаад байна вэ?
Ням гарагт Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз Бин Салман хэлэхдээ, хэрэв шаардлагатай бол манай улсын нэг сая баррель бууруулах хугацааг долоодугаар сараас хойш сунгаж болно. Энэхүү арга хэмжээ нь зах зээлийг тогтворжуулах зорилготой юм.
Ойрхи Дорнодын бизнесийн сурвалжлагч Самеер Хашмигийн хийсэн дүн шинжилгээ
Хоёр өдрийн турш үргэлжилсэн ОПЕК+ уулзалт эхлэхээс өмнө газрын тосны картел үнийг өсгөхийн тулд олборлолтоо бууруулна гэж олон нийт хүлээж байсан. Аливаа бууралт нь эдийн засгаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой газрын тосны орлогод нөлөөлөх тул ихэнх гишүүд энэ санааг эсэргүүцэж байсан бололтой.
Саудын Араб өдөрт нэг сая баррель нефтийн олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь гэнэтийн байсан ч тийм ч гайхмаар зүйл биш юм. Учир нь тус улс нь багцыг тэргүүлэгч, мөн газрын тосны хамгийн том экспортлогчийн хувьд олборлолтоо бууруулж чадах цорын ганц улс юм.
Саудын Арабын эрх баригчид угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман вант улсын эдийн засгийг газрын тосноос салгаж, төрөлжүүлэх амбицтай төслүүдэд олон тэрбум доллар зарцуулсаар байхын тулд одоогийн үнийг өсгөхийг хүсч байна.
Саудын Арабын энэ алхамаас харахад ирэх саруудад шатахууны эрэлтийн төлөв тодорхойгүй байгааг харуулж байна. Дэлхийн эдийн засаг, ялангуяа АНУ болон Европын эдийн засгийн уналтаас болгоомжилж байгаа нь түүхий нефтийн үнэд цаашид дарамт үзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ВВС