/2022.5.9/ Өнөөдөр Дэлхийн II дайныг эхлүүлсэн Германы Гитлер бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан өдөр.
Энэ өдрийг Ялалтын баяр хэмээн Оросууд тэмдэглэдэг бөгөөд бүрэн хөтөлбөр нь хэдийнээ гарчээ. Өнөөдөр Монголын цагаар 15 цагт Оросын Улаан талбайд парад эхэлнэ.
Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров "Бид Ялалтын баярыг урд өмнөхтэй адилаар тэмдэглэнэ. Дэлхийн дайнд ялалт байгуулсан олон мянган хүнийг бид мартах учиргүй" гэсэн юм. Харин дэлхий дахинд энэ өдрийг тэмдэглэх нь зөв, буруу хэмээн талцаж байна.
Учир нь Украин улс руу хоёрдугаар сарын 24-ний өдөр "Цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Оросын удирдагч В.Путин цэргүүдээ оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж буй дайнд Орос энгийн иргэдийг онилж байгаа талаар дэлхий шүүмжилж байна. Харин Орос үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.
Тиймээс өнөөдөр Улаан талбайд болох парадын үеэр В.Путин ард түмэндээ хандан юу гэж хэлэхийг анхааран, ажиглаж байна.
Энэ талаар mpress.mn сайтад Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч М.Энхсайхан ярилцлага өгөхдөө дараах хариултыг өгчээ.
-Тавдугаар сарын 9-ны Ялалтын баярыг бид тэмдэглэх ёстой юмуу? Та юу гэж бодож байна?
-Дэлхийн хоёрдугаар дайны оролцогчийн хувьд Монголчууд энэ өдрийг даруухан тэмдэглэж ирсэн. Ер нь 1945 онд Ялалтын баярыг нэг удаа парад хийж тэмдэглээд түүнээс хойш 20 жил завсарласан юм. Олон сая хүний амь насыг авч одсон дайныг ялалт хэмээн дурсах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал ч бий. Тиймээс Европт энэ өдрийг дайнд хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх ялалтын өдөр гэж тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг.
Орос оронд Хүйтэн дайны үзэл суртлын утгатайгаар энэ өдрийг 1945 оноос хойш 20 жилийн дараагаас тэмдэглэж ирсэн байх бөгөөд Путины үед бүр цэргийн сүр хүчийг гайхуулагч хүчин зүйл болтлоо хөгжсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди Зөвлөлтийн удирдагч Хрушевтай нэгэн удаа уулзахдаа түүнээс "Дэлхийн II дайнд хичнээн зөвлөлтийн хүмүүс амь үрэгдсэн бэ?" гэж асуусан байдаг юм. Хрушев хариулж чадсангүй. Кеннеди "Барагцаалбал 20 сая байгаа байлгүй дээ" гэж.
Түүнээс хойш Дэлхийн II дайнд зөвлөлтийн 20 сая хүн амь үрэгдсэн гэдэг болсон. Коммунист нийгэм хүний амийг юман чинээ тооцдоггүй байжээ гэж бодохоор Ялалтын баярыг Дайнд хэлмэгдэгсдийн өдөр гэж тэмдэглэх нь зүйтэй санагдаад байдаг. Цаг хугацаа залруулах байлгүй дээ гэсэн байна.