/2022.5.8/ Орос Украины нутаг дэвсгэр рүү цэргийн дайралт хийж, дайн эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн энэ дайралтын улмаас өнөөдөр 46 мянган хүн амиа алдаж, 400 гаруй хүн ор сураггүй болж, 13 сая хүн орон гэргүй болжээ.
Хоёр мянга гаруй барилга байшин сүйдэж, эдийн засгийн хохирлын хэмжээ нь 60 тэрбум долларт хүрсэн гэж Дэлхийн банк тодорхойлсон юм.
Дайнтай холбоотойгоор Орос улсад Европын холбоо, Америк, Япон, Солонгос гээд дэлхийн олон улс орон эдийн засгийн хориг тавиад байна. Бид энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч М.Энхсайхантай ярилцлаа.
ОРОСОД ТАВЬСАН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭС "ХӨРСӨН ДЭЭРЭЭ" МЭДРЭГДЭЖ ЭХЛЭХ БОЛОВ УУ
-Оросод тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд тийм ч үр дүнтэй болоогүй гэж В.Путин мэдээлсэн. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Тэрбээр Барууны тавьсан хоригийг үр дүнгүй л гэж хэлнэ шүү дээ. "Мундаг хориг байна лээ, бид балрах нь ээ" гэлтэй биш. Тэр тусмаа хоригийн гол зорилго нь Путины өдөөсөн дайныг зогсоохтой холбоотой тавигдаж байгаа хориг. Эсэргүүцэж элдэв үг хэлж л таараа. Тэглээ гээд байдал өөрчлөгдөхгүй. Юу нь цэрэг улс төр, юу нь цэвэр эдийн засаг нийгмийн тухай вэ гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Орос орон бол Крымийг өөртөө нэгтгэсэн 2014 оноос хойш Барууны хоригтой учирсан. Украин руу довтлохоос өмнөх хоригийг одоогийн хоригтой харьцуулбал хамрах хүрээ хязгаар тун бага байсан. Гэсэн ч эдийн засгийн хөгжлийг нь сүрхий хойш чангаасан. Путин Украин руу довтлох шийдвэр гаргахдаа Барууны ийм том хоригтой учирна гэж тооцоолоогүй. Өмнөх шигээ байх биз гэж тооцсон шиг байгаа юм. Гэтэл тэгсэнгүй.
Дэлхийн маш олон орон, бүх тэргүүлэх орнууд өөр хоорондоо уялдаатай 9000 хориг тавьсан байгаа. Цаашид ч хориг шат дараатай багц багцаараа болж, улам боловсронгуй болж болно. Европын Холбоо гэхэд л 6 дахь багц хоригоо саяхан тогтоолоо. Оросын хамгийн том Сбербанкыг олон улсын төлбөрийн Свифт системээс салгалаа. Мөн Оросын газрын тосыг импортлохгүй байхаар шийдвэрлэж байна. Цаашид ч хоригоо чангаруулна гэж буй.
Газрын тосны хориг бол нэлээд эмзэг зүйл юм байна. Нэгэнт олборлож байгаа ашиглалтын цооногоос гарч байгаа нефтийг борлуулж чадахгүй бол олборлолтоо багасгах буюу зогсоох хэрэгтэй болдог. Энэ нь олборлолтын цооногийг бөглөж хаана гэсэн үг. Дараа дахин олборлохын тулд шинээр цооног өрөмдөх шаардлага бий болдгоороо бодитой зардал чирэгдэл нэмэгдүүлсэн сүрхий хориг юм байна.
Саяхнаас зарим цооногоо бөглөж хааж эхэлсэн гэж байна. Ялангуяа Европт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулж байсан Лукойл компани энэ талаар анхааруулсан мэдэгдэл хийсэн байсан.
Дайн бол ёс суртахууны том асуудал учир дэлхийн том компаниуд болон брэнд бараа үйлдвэрлэгчид нийтдээ 300 гаруй компани ямарч албадлагагүйгээр, сайн дураараа Оросын зах зээлээс гарсан. Ийм үйл явдал болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Хоёрдогч хоригт өртөхгүйн тулд Lenova, Xiaomi зэрэг Хятадын том технологийн компаниуд урьдчилан зарлахгүйгээр Оросын зах зээлээс гарч байна.
-Оросын эдийн засагт хоригуудын үр нөлөө хэдийнээс эхлэх бол?
-Хориг тавьлаа гэхээр хүмүүс хамгийн түрүүнд өөрсдийнхөө хэрэглээнд яаж нөлөөлөх вэ гэж боддог. Хэрэглээний бараа хэдэн сарын нөөцтэй байдаг тул хоригийн нөлөөг богино хугацаанд хүмүүст үнэ ханш өсөхөөс өөрөөр мэдрэгдэх нь юу л бол. Харин хэрэглээнд биш бизнесийн орчинд хориг яаж нөлөөх вэ гэдгээр асуудлыг авч үзэх нь зүйтэй судлаачид хэлж байгаа.
Үйлдвэрүүд хэрэгтэй бараа түүхий эдийнхээ нөөцийг 2-3 сараар хадгалсан байхыг үгүйсгэхгүй. Үүнээс илүү хугацаагаар нөөц барих нь бизнесийн ашигт сөрөг нөлөөтэй тул хориг үйлдвэр аж ахуйн газруудад мэдрэгдэх хугацаа нь энэ сарын сүүлчээс байх болов уу. Оросын Төв Банк ч үүнийг хүлээн зөвшөөрч зургаадугаар сараас Орос орон “Бүтцийн трансформаци”-д орох хэрэгтэй гэсэн байна лээ. Хориг эдийн засагт нөлөөлнө гэдгийг хэлсэн хэрэг юм.
Хориг бүх талуудад хохирол авчирдаг тул багц багцаар нь судалгаатай хийгээд байгаа бололтой. Зорилго нь Оросын эдийн засгийг сулруулах явдал юм. Оросын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 1-2 хувь учир хоригоос хохирогч нь Орос байх нь ойлгомжтой. Зарим нэг оронд хүндхэн тусч магадгүй ч дэлхий үүнийгээ шийдээд явах байх аа.
ОЛИГАРХУУД НЬ ХОТ ТОСГОДЫГ НЬ ЦӨЛМӨСӨН БАЙТАЛ АРД ТҮМЭН НЬ
СОХОР ДҮЛИЙ МЭТ ЯВЖЭЭ
-Энэ удаагийн хоригт хувь хүмүүсийг олноор хамруулж байгаа шалтгаан юу вэ? Улсыг нь оруулахад л болох бус уу?
-Путин ганцаараа биш, түүнийг тойрон хүрээлсэн бүлэглэл Орос орныг ийм байдалд оруулсан. Тэдэнд Путиныг өмнөө барьчихаад болж байгаа үйл явдалд хариуцлага үүрэхгүй явна гэдэг надад бол ойлгогдохгүй юм байна. Оросын тэрбумтан олигархиудад хориг тавьж хураасан хөрөнгийн нийт хэмжээг Барууны соёлт ард түмэн сонсоод гайхширч байгаа харагдсан. Зүгээр л Орос орныг хот тосгоноор нь цөлмөсөн гэдэг нь тодорхой байна. Бүр их гайхшрал төрүүлсэн эд нь ийм хэмжээний хулгай явагдаж байхад Оросын ард түмэн сохор дүлий мэт явсныг ойлгож чадахгүй байгаа харагдана.
Хүмүүс яагаад хоригоос жирийн ард түмэн хохирох ёстой юм гэж илүүтэй асуудаг. Харамсалтай нь тэд л сонгуулиар саналаа өгч төрөө бүрдүүлсэн гэдгийг мартаж болохгүй.
Гитлерийн Германы удирдагчдыг шүүсэн Нюренбергийн шүүх нацизм газар авч дэлхийн дайн болсон хариуцлагыг германы ард түмэн мөн хариуцна гэсэн шийдвэр гаргаж байсныг мартаж болохгүй.
-"Өнөөдрийн дэлхий дахинд ямар ч улс орныг, ялангуяа Орос шиг том улсыг ганцаардуулах боломж байхгүй. Бидэнд хамтарч ажиллах түншүүд олдоно" гэж Путин хэлсэн. Оросуудтай цаашид хамтрах түншүүд нь ямар улс орнууд байх бол?
-Орос газар нутгийн хувьд том болохоос эдийн засгийн хүчин чадлынхаа хувьд жижиг орон. Технологийн хөгжил ярьвал бүүр жижигхэн орон. Зүйрлэвэл эдийн засгийн хүчин чадлаараа Испанийн дайтай улс. Дэлхийн 200 орчим улсаас Оростой холбоотой байх өчнөөн орон байх нь гарцаагүй.
Их 20-д хамаарах улс орнууд Путины дэглэмтэй хамтарч ажиллах нь юу л бол. Бараг үгүй биз. Хятадын хувьд өөрсдийн эрх ашиг чухал болохоос Орос чухалчлагдахгүй дээ. Барууныг эсэргүүцэх өнгөөрөө нэгдмэл харагдавч эдийн засгийн хувьд Оросыг түүхий эд нийлүүлэгч л гэж харах байх. Гэвч Орост тавьсан хоригоос болж бас хохирогч болохыг хүсэхгүй байгаа. Иран, Хойт Солонгос зовлон нэгт гэдгээрээ ойрхон байх гэж оролдож магадгүй.
Иран 40 жил Барууны хориг доор амьдар ч ирсэн. Юу болдгийг Оросын сэтгүүлчид Иранаас сурвалжлага хийж байгаа харагдсан. Тэдний үзүүлж байгаагаар бол 90-ээд оны Эрээний зах, 50-иад оны загварын машин дүүрсэн хот, брэндийн хуулбар Адибасаар дүүрэн дэлгүүр байх юм шиг байна лээ. Өлсөж үхэхгүй нь ойлгомжтой байсан. Үйлдвэрлэл технологи хоцрогдоно. Сэтгэлгээ ч мөн тэр хэмжээгээр доройтдог юм байна лээ. Иймээс хориг үр дүнгүй гэж дуугарах дэндүү эрт байна.
-Моксва шатахууны борлуулалтаа рублиэр хийхийг шаардаж байгаа. Энэ нь эсрэгээрээ рублийн ханшийг чангаруулж байна уу?
-Улс төрийн шийд талаасаа Барууныханд яршиг төвөг учруулах гэсэн оролдлого л доо. Эдийн засаг талаасаа бол өөрөө өөртөө хориг тавьж буй хэрэг шиг санагдсан. Тэр тусмаа рублийн албан ёсны ханш, хар захын ханш өөр өөр байгаа. Комисс шимтгэл, валют арилжааны хэмжээг хязгаарласан зэрэг нь рублийн бодит ханшийг нуугдмал байдалд оруулсан хэрэг юм. Рублийн ханш бодит нөхцөл байдлыг илэрхийлэхгүй, санхүү эдийн засаг шоконд орсноос царцсан нөхцөл байдлын тусгал юм.
-Оросын байгалийн хийгээр Европ бүхэлдээ хараат байна. Оросод авч байгаа хориг арга хэмжээ европт эргээд сөргөөр нөлөөлөх болсон. Үүнээс болоод хоригуудыг цуцлах, зөөлрүүлэх болов уу?
-Би тэгж бодохгүй байна. Харин ч эрчим хүчний хувьд нэг орноос хараат явах нь аюултай гэдгийг Европ ойлгохын дээдээр ойлгосон биз ээ. Хориг нэг хэсэг үргэлжлэх нь ойлгомжтой. Сайнаар бодвол эхлээд аялал жуулчлалтай холбоотой хоригууд цуцлагдах, агаарын орон зайгаа нээх, Боинг, Эрбас хоригоо цуцалж нисэх онгоцны аюулгүй байдалд гэрчилгээ өгөх, Тээврийн машинууд чөлөөтэй явж эхэлбэл Оросын хувьд нэг амьсгаа авах бололцоо бүрдэнэ. Одоохондоо тийм байдал харагдахгүй байна.
-Удахгүй ЕХ-ноос гаргах хориг арга хэмжээний сүүлийн үе шатыг танилцуулна. Үүнд нефтийн импорт зэрэг нь багтах болов уу. Манай улсад хэрхэн нөлөөлөх бол?
-Манайд ямарваа нөлөө үзүүлэх явдал харагдахгүй байна. Орост нефтийн эмбарго тавьж байгаа нөхцөлд Монгол жижигхэн хэрэглэгч ч гэсэн хэрнээ чухал ач холбогдолтой орны тоонд орох байлгүй дээ.
УКРАИНЫГ ДАЙНЫ ДАРАА ДЭЛХИЙ БОСГОНО. ХҮЧТЭЙ, АГУУ ҮНДЭСТЭН МЭНДЭЛЖ
БАЙГААГ ХАРАХ БАХАРХМААР
-Украин улс дахин сэргэхэд хэцүү боллоо гэж зарим хүн үзэж байна. Таны бодлоор?
-Дайны дараа Укрианыг бүх дэлхий босгоно доо. Энэ талаар яриа хэлэлцээ нэгэнт эхэлсэн. Хүчтэй агуу үндэстэн мэндэлж байгааг харахад бахархмаар байгаа.
-Оросын эдийн засгийн хөгжил хоригуудаас болоод 15 жил хойшилсон бол Украины эдийн засаг, хүн амын өсөлт дайны улмаас хэдэн жилээр ухарсан бол?
-Укрианы ДНБ дайны улмаас болоод 40 хувь унана гэсэн тооцоо байгаа. Хот үйлдвэрүүдийг нь бөмбөгдөөд сүйрүүлээд байгаа учир яалтай ч билээ.
Харин Барууны хориг Оросын эдийн засгийг 15 жилээр ухраана. Оросын эдийн засаг Хойт Солонгостой харьцуулбал дэлхийн эдийн засагтай глобальчлагдсан тул хориг илүү мэдрэмтгий.
Хойт Солонгос байгаагаараа амьдраад сурчихсан. Орос амьдрал нь доройтохыг тэсэх эсэхийг үзэх л үлдлээ
-Та маш олон талаас мэдээлэл уншиж, үзэж байгаа хүн. Москвагийн дараагийн "бай" юу байх бол? Тэд өөр улс орон руу дайрах чадал үлдсэн үү?
-Орос бол эдийн засгийн хүчин чадлаар том биш. Харин цэргийн хүчин чадлаар супер гүрний дайтай байгаа. Тиймээс бусдыг айлгаж дарамтлах явдал үүгээр дуусахгүй. Молдавыг дараачийн бай болгож харсан гэсэн мэдээ яваад байсан. Тэнд Приденестрийн улс гэгчийг Оросын тусламжтайгаар байгуулсан. Гэвч Орос тэнд десант буулгая гэхээр Украины нутгаар дамжих хэрэгтэй болно. Украин ийм үйлдлийг таслан зогсооно гээд байгаа. Сүүлчийн мэдээгээр Орос өөрийн тэр байгуулсан улсад 20 мянган тонн зэвсэг бөөгнүүлчихсэн түүнийгээ авах санаархал тээж яваа гэх. Тэр нь бүтэхгүй байх.
Хөрш орнуудаас хамгийн хялбар бай нь Монгол биз. Өөрийн тоглоомын улс гэсэн маягтай монголчуудтай харьцах нь сүүлийн үед сэдрээд байгаа. Үгэнд ордоггүй Монголчуудыг дарамтлах, тусалж дэмждэггүй Хятадад сануулга өгөх, Монголын ардчиллыг дэмжигч гуравдагч хөрш орнуудад дарамт үзүүлэх үүднээс Монголын дотоод хэрэгт өөрсдийн бодлогоо тулгах өдөөн хатгалга хийгдэж байна.
Био лаборатори гэж Лавровын хэмжээнд хүртэл ярьсан. Улаанбаатарын гудамжинд фашист бэлгэдэл бүхий туг дарцагтай жагссан. Монголчууд тэвчээртэй тулдаа чимээгүй байгаа биз. Нэг тэсэрвэл бас ч юм юм үзүүлдэг ард түмэн шүү дээ.
ОЛОН САЯ ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ДАЙНЫГ ЯЛАЛТ ГЭЖ ДУРСАХ НЬ
ХЭР ЗОХИМЖТОЙ ВЭ?
-Тавдугаар сарын 9-ны Ялалтын баярыг бид тэмдэглэх ёстой юм уу? Та юу гэж бодож байна?
-Дэлхийн хоёрдугаар дайны оролцогчийн хувьд Монголчууд энэ өдрийг даруухан тэмдэглэж ирсэн. Ер нь 1945 онд Ялалтын баярыг нэг удаа парад хийж тэмдэглээд түүнээс хойш 20 жил завсарласан юм. Олон сая хүний амь насыг авч одсон дайныг ялалт хэмээн дурсах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал ч бий. Тиймээс Европт энэ өдрийг дайнд хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх ялалтын өдөр гэж тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг.
Орос оронд Хүйтэн дайны үзэл суртлын утгатайгаар энэ өдрийг 1945 оноос хойш 20 жилийн дараагаас тэмдэглэж ирсэн байх бөгөөд Путины үед бүр цэргийн сүр хүчийг гайхуулагч хүчин зүйл болтлоо хөгжсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди Зөвлөлтийн удирдагч Хрушевтай нэгэн удаа уулзахдаа түүнээс "Дэлхийн II дайнд хичнээн зөвлөлтийн хүмүүс амь үрэгдсэн бэ?" гэж асуусан байдаг юм. Хрушев хариулж чадсангүй. Кеннеди "Барагцаалбал 20 сая байгаа байлгүй дээ" гэж.
Түүнээс хойш Дэлхийн II дайнд зөвлөлтийн 20 сая хүн амь үрэгдсэн гэдэг болсон. Коммунист нийгэм хүний амийг юман чинээ тооцдоггүй байжээ гэж бодохоор Ялалтын баярыг Дайнд хэлмэгдэгсдийн өдөр гэж тэмдэглэх нь зүйтэй санагдаад байдаг. Цаг хугацаа залруулах байлгүй дээ.
-Манай Засгийн газар дайн эхэлснээс хойш Газпромтой гэрээ байгуулж, сайд болон УИХ-ын гишүүд Оросод айлчилсан. Мөн саяхан МҮХАҮТ-ын төлөөлөгч нар Эрхүүд айлчилж, бизнесүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Засгийн газрын дайныг илтэд дэмжиж буй мэт энэ алхмууд манай улсыг хоригт давхар хамруулах болов уу? Эсвэл биднийг бол тоохгүй юу?
-Шоудахыг тэвчиж болно оо. Хаана ч байдаг үзэгдэл. Бүтэхгүй хоосон мөрөөдлийн юм ярьж гарын үсэг зурж ч болно. Байдаг л үзэгдэл.
Харин Орост тавьсан хоригтой зөрчилдвөл өөрсдөө хоригт орох нь гарцаагүй. Хоосон үгийг тэвчих биз. Харин бодит үйлдлийг зөвшөөрөхгүй. Хянахгүй мэдэхгүй өнгөрнө гэж лав байхгүй.
Харин хоригт ороогүй чиглэлээр хөрш орнуудтайгаа ажиллах бололцоо байгаа. Үүний тулд эхлээд Орос дайнаа зогсоох хэрэгтэй байна. Энэ бол анхдагч нөхцөл. Анхдагч нөхцөл үгүй байхад цааш нь ярих зүйл байхгүй боллоо л гэсэн үг.
Дайны дараах улс төр, аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөх байх. Гол нь хориг илүүтэй хувь хүний үнэлэмжийг илүүтэй хардаг чиглэлээр өөрчлөгдөх байх. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг буруу үнэлэмжтэй, дарангуйлах хандлагыг өөгшүүлэгсдэд үүд хаалга хаалттай болоосой гэж бодож байна. Тухай тухайн үед нь арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн Путин ганц Украин орныг бус өөрийн ард түмнээ, бүх дэлхийг зовоож байгааг энэ дайнаар л ойлгож авч байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.