/2022.01.12/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, тэдэнд сар бүр олгодог 123 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр Төрийн ордны баруун талд жагсаж байна. Бид үүнтэй холбогдуулан нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Биднийг очиход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нар болох 20 орчим эцэг эх цугларсан байлаа. Түүнчлэн дээрх хүүхдүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын төлүүллүүд дуу хоолойгоо хүргэхээр нэгджээ.
Төрийн бус байгууллагын төлөөлөл болох "Эрхэм нандин сувд" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхчимэг ийнхүү ярьж байлаа. Тэрбээр,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх байна аа бид. Манай улсад нийгмийн халамжийн хөтөлбөр хангалтгүй байгаа талаар удаа дараа дуу хоолойгоо хүргэж байсан. Өнөөдөр бид хүүхдийн асаргааны мөнгийг нэмэх шаардлага хүргүүлэхээр энд цуглараад байна. Хүүхдийн халамжийн 188 мянган төгрөг эм тарианы мөнгө, эрүүл, аюулгүй орчинд амьдрахад хаанаа ч хүрдэггүй. Гэтэл эм тариа, өргөн хэрэглээний барааны үнэ 50 хувь нэмэгдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд асаргааны мөнгө гэж 123 мянган төгрөг олгодог. Энэ төрлийн хүүхэдтэй аав ээжүүд ажил хийх боломж байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх нь дийлэнхдээ ганц бие байдаг. Тэд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаггүй. Үүний цаана дахиад хоёр гурван хүүхэд байдаг. Гэтэл бид яаж ийм мөнгөөр амьдрах вэ" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тус байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, асаргаанд сард хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа талаар судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд нэг өрх дунджаар 1.485.000 төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд ажил хийнэ гэдэг ихээхэн хүндрэлтэй асуудлын нэг ажээ. Учир нь тэдний аль нэг нь хүүхдээ асарч гэртээ байх шаардлага тулгардаг байна.
Тэдний төлөөлөл болох иргэн н.Хишигбаяр, "Хүүхдийн өвчин хүнд, хөнгөнөөс шалтгаалаад сард хэрэглэх эм тариа, эмчилгээний зардал харилцан адилгүй байдаг. Аав ээжүүдийн хувьд аль болох л сайн эм тариа авч хэрэглэхийг зорьдог. Миний хувьд хүүхдийнхээ таталтыг бууруулах эмийг БНСУ-аас захиж авдаг. Дээрээс нь рашаан сувилал, бариа массаж гээд л зардал тоймгүй их байдаг. Хүүхдийн эцэг эх хоёрын нэг нь заавал ажилгүй, хүүхдээ харах шаардлагатай байдаг. Манай гэр бүлийн хувьд нөхөр маань ажил хийдэг. Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүд нэг сард дээрх мөнгөөрөө амь зогоодог тохиолдол зөндөө байдаг.
Гэтэл эцэг эхчүүдэд олгодог 123.100 төгрөг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог 188 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна" гэсэн юм.
Энэ үеэр талбай дээр жагсаж буй эцэг эхчүүдтэй уулзахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гарч ирсэн юм. Тэрбээр,
-Хүнс дэмжлэгийн тусламжаас хасагдсан 50 мянган иргэн байгаа. Төрөөс тэтгэмж авдаг 75 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Дээрх хүнс дэмжлэгийн тусламжаас танасан мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар Сангийн сайдтай хамтарсан ажлын хэсэг байгуулаад дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдэх чиглэл өгсөн.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн. Үүний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дээрх хүүхдээ асардаг 12 мянган иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж болох эсэхийг судалж үзсэн. Үүн дээр эцэг эхчүүдтэй мөн хамтарч ажиллана.
Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг танилцуулсан" гэлээ.