Mpress.mn сайтаас агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг болох нүүрсэн яндангүй автомашины талаар цуврал бэлтгэн хүргэж байгаа билээ.
Бид өмнөх цувралаар нүүрсэн яндан гэж юу болох, ямар элементүүдээс бүтдэг, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох талаар мэдээлсэн.
Энэ удаад нүүрсэн яндан худалдаж авч цааш нь дамлан зардаг машины ченж болон авто тээврийн үзлэг оношлогооны төв дээр очиж дараах мэдээллийг авсан юм.
Бид "Да хүрээ" зах дээрх нэгэн машины ченжээс дараах товч мэдээллийг авлаа. Ер нь л нүүрсэн яндан авдаг хүмүүс яриа өгөхөөс зайлсхийж байв. Бидний ярилцсан ченж нүүрсэн яндан авч хувь хүмүүст зарахаас гадна цааш нь дамладаг гэлээ. /Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав/
-Худалдаж авсан нүүрсэн яндангуудаа хаана аваачиж зардаг вэ?
-Би хувь хүмүүсээс нүүрсэн яндан авч цааш нь дамладаг. Эсвэл нүүрсэн яндан авна гэсэн хүмүүст зардаг. Гэхдээ өөрөө хилээр гаргадаггүй. Нүүрсэн янданг ихээр нь цуглуулж байгаад хилээр гаргадаг өөр хүмүүс байдаг.
-Хаашаа гаргадаг гэж?
-БНХАУ-ын хилээр.
-Хятадууд хэдээр авдаг вэ?
-2-3 сая төгрөгөөр авдаг. Заримдаа 5 сая төгрөг хүрдэг.
-Нүүрсэн янданг хятадууд яагаад тэгэж их авдаг юм бэ?
-Дотроо цагаан алт зэрэг үнэт металлуудтай учраас авдаг.
"МАНАЙХ НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНААС ГАРЧ БУЙ ХОРТ ХИЙН ТҮВШИНГ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ"
Бид хотын төвд хамгийн ойр байрлах “Ти Эс Ти Тасган” ХХК гэх техникийн хяналтын үзлэгийн төв дээр очсон юм. Тус газраас нүүрсэн яндангүй автомашинаас гарч буй угаарт агуулагдаж буй хорт бодисын хэмжээг тодорхойлж чадах эсэхийг лавлахад “манайх тухайн автомашиныг нүүрсэн яндантай эсэхийг л тогтоож чадна. Тэрнээс биш хорт хийн агууламжийг тооцож гаргаж чадахгүй” гэсэн юм. Энэхүү үзлэг оношлогооны төвд өдөрт 50 орчим машин үзлэгт ордог бөгөөд үүний 5-6 нь нүүрсэн яндангүй автомашин байдаг гэсэн мэдээллийг бидэнд өглөө.
Хэрэв тухайн машин нүүрсэн яндангүй бол оношлогоонд тэнцэхгүй бөгөөд зөрчлөө арилгасны дараа дахин ирж оношлогоонд ордог гэв.
Тиймээс "нүүрсэн яндан авна" гэсэн хувь хүмүүс ч олон байдаг аж.
Харин манайх нүүрсэн яндан хилээр гаргаж буй хүмүүст хэрхэн хяналт тавьдаг, энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатараас тодруулахад, "Сүүлийн үед нүүрсэн яндантай холбоотой хулгайн гэмт хэрэг эрс багассан. 2020 онд их байсан. Цагдаагийн байгууллагаас 2021 оны эхний хагаст хяналт шалгалт хийж нүүрсэн яндантай холбоотой гэмт хэргүүдийг илрүүлж, тухайн хүмүүсийг гэмт хэргийн замаар авсан байна уу, үгүй юу гэдгийг олж тогтоон хууль бус байвал арга хэмжээ авсан.
Бидний зүгээс МУ-ын хилээр нүүрсэн яндан экспортлохыг зогсоох саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн. Энэ хүсэлтийн хариу хараахан ирээгүй, аль шатандаа явж байгааг сайн мэдэхгүй байна" гэсэн юм.
Тэгэхээр манайд хилээр гарч буй их хэмжээний нүүрсэн янданд хяналт шалгалт хийж, хянадаг газар одоог хүртэл байхгүй аж.
Нүүрсэн яндангүй автомашинууд агаар, хүрээлэн буй орчны бохирдол, хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа явган хүмүүс болон хүүхдэд. Энэ утгаараа хөгжингүй орнууд болох Япон, Солонгос зэрэг улсад автомашины нүүрсэн янданг бүртгэлжүүлдэг. Тухайн автомашин хил гарч зарагдах тохиолдолд нүүрсэн янданг нь авч энгийн яндан тавьдаг талаар ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын доктор, профессор Ц.Цэвэгжавтай ярилцах үеэр хэлж байсан юм. Гэтэл Монгол Улсад өнөөдрийг хүртэл хууль бусаар хил давуулж буй этгээдүүдэд хариуцлага тооцох нэг ч газар байхгүй байна.