Ц.Цэвэгжав: Нүүрсэн яндангүй автомашин 300 төрлийн ХОРТ БОДИС ялгаруулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэвэгжав: Нүүрсэн яндангүй автомашин 300 төрлийн ХОРТ БОДИС ялгаруулдаг

Агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн хоёрдугаарт нүүрсэн яндангүй автомашин ордог. Машины ченжүүд тээврийн хэрэгслийн он залуу эсэхээс шалтгаалан янданг 300 мян -1,2 сая төгрөгөөр худалдан авдаг байна. Тийм ч учраас иргэд мөнгө хэрэгтэй болсон үедээ машиныхаа нүүрсэн янданг зарж борлуулан байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хохироодог байдал даамжирч байна.

Бид нүүрсэн яндангийн ач холбогдлын талаар ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын доктор, профессор Ц.Цэвэгжавтай ярилцлаа.

-Нүүрсэн яндан гэж яг юу вэ?

-Нүүрсэн янданг ихэвчлэн дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд тавихаас гадна энгийн хөдөлгүүртэй автомашинд ч мөн тавьдаг. Энгийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд тавьдаг нүүрсэн янданг катализатор гэдэг.

Дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг. Нүүрс хүчлийн хий дотроо хоёр янз байдаг.

Тодруулбал, Түлш агаар хоёр хоорондоо холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг. Энэ нь хүрээлэн буй орчин болон хүн амьтанд хоргүй хий юм.

Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Энэ дутуу шаталтыг нүүрсэн яндангүй буюу катализаторгүй автомашинууд бий болгодог. Энэ төрлийн автомашин нь 300 гаруй төрлийн хорт бодисыг ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой нь нүүрсхүчлийн хий болон азотын исэл юм.

Гэтэл иргэд тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулах зорилготой тавьдаг энэхүү нүүрсэн янданг хөндийлж, зараад байдаг. Энэ нь өөрсдийгөө хордуулж байгаа хэрэг юм.

-Нүүрсэн яндангүй бол ийм сөрөг нөлөөтэй байх нь. Тэгвэл нүүрсэн яндан өндөр үнэд хүрээд байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Катализатор дотор хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулагддаг. Түргэн хугацаанд азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай. Энэ нь өндөр үнэд хүрэх шалтгаан болж байна.

-Бусад улс орнуудад нүүрсэн янданг нь ингэж салгаж авдаг уу? Зөвхөн Монголд ийм байдалтай байна уу?

-БНСУ, Японд катализатор бүр өөрийн гэсэн бүртгэлтэй. Тухайн машинд катализатор суурилуулсан компани нь энэ ажлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл машин хаана явж байгааг хянахаас гадна нүүрсэн яндангийнх нь чанарыг давхар шалгаж, чанар нь муудсан бол сольж өгдөг. Хэрэв тухайн машиныг хилээр гаргахаар болбол бүртгэлтэй янданг нь сольж шинээр хийж өгдөг.

Манай улсад харин эсрэгээрээ ямар ч бүртгэл байхгүй. Мөнгөгүй болвол нүүрсэн яндангаа зарчихаж болно, хаячхаж ч болдог. Хяналт шалгалтгүй учраас өөрсдийгөө хордуулах зүйл хийгээд яваад байдаг.

-Тэгвэл яагаад манайд бүртгэхгүй байна вэ? Боломжтой биздээ?

-Боломжтой. Импортоор орж ирэх үед нь нүүрсэн янданд нарийн шалгуур тавьж, хяналт шалгалтыг сайтар хийх нь зүйтэй. Сайн чанартай нүүрсэн яндан харьцангүй өндөр буюу 800-1200 долларын үнэтэй байдаг. Гэхдээ энэ хэрээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөлөл нь буурна гэсэн үг юм.

Үүнийг Монголын хөрсөн дээр буулгая гэвэл хөгжингүй орнуудын туршлагыг судалж ямар нэг компанид хариуцуулж бүртгэлжүүлж болно. Нүүрсэн яндантай холбоотой эвдрэл гэмтлийг хариуцсан компани засдаг байх жишиг рүү орвол дураараа зарж, борлуулдаг байдал багасна.

Манайд автомашины үзлэг, оношилгоогоор тээврийн хэрэгслийн катализаторыг шалгаж болдог. Гэхдээ тээврийн хэрэгслийн утааны чанарыг шалгадаг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж байхгүй. Хийн багаж хэрэгслээр тоноглогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл автомашин хортой хий ялгаруулж байгааг тогтоож чадахгүй байгаа учраас шаардлага тавьж чаддаггүй. Азотын ислийг илрүүлэх тоног төхөөрөмж нь 30 мянган долларын үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр манай техник оношлогооны газрууд авч чаддаггүй. Үүнд төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Зургийн тодорхойлолт алга байна.

-Нүүрсэн яндангүй бол агаарт асар их хортой хий ялгаруулах нь. Тэгвэл тухайн тээврийн хэрэгсэлд ямар хор хөнөөлтэй вэ?

-Тухайн машинд учруулах хор нөлөө гэж сүртэй зүйл байхгүй. Тийм учраас л зарж борлуулаад байна. Улс орнууд өөрсдийн оронд явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, Евро-2, Евро-3 стандартууд гэсэн үг. Үүнийг ОХУ, Япон, БНСУ-уудад дагаж мөрддөг. Мөн Европын улсууд багтана. Өнөөдөр Монгол Улсад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн 70 хувь нь Евро-1 стандарттай байна. Зарим нэг нь Евро-2 стандарт руу дөхөж очно.

Дээрх стандартыг яс мөрддөг болчихвол түгжрэлийг бууруулах тал дээр нэлээд үр дүн гарна. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой зохион байгуулалтад оруулж байхаар евро стандартын шаардлага хангасан л бол дуртай өдөр нь зорчуулдаг байх хэрэгтэй. Харин тухайн машин шаардлага хангаагүй бол хот дотор зорчуулахгүй байх нь зөв жишиг.

-Тэгэхээр бараг зорчих машингүй болох юм байна?

-Евро-4 стандарттай автомашины хорт бодис ялгаруулалт Евро-1 стандартаас 150-160 дахин бага байдаг. Манайд ийм стандарттай машин 10 хувийг л эзэлнэ.

-Ярилцсанд баярлалаа

Омикрон хувилбараар нас барах магадлал 14 дахин, хүндрэх магадлал 8 дахин өндөр
Омикрон хувилбараар нас барах магадлал 14 дахин, хүндрэх магадлал 8 дахин өндөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.