Эмнэлэгийн нийт орны 76 хувийг КОВИДООР ӨВДӨГСӨД эзэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлэгийн нийт орны 76 хувийг КОВИДООР ӨВДӨГСӨД эзэлж байна

/2021.9.15/ Коронагийн дельта хувилбарын тархалт эрчимтэй явагдаж, эмч эмнэлэгийн ажилтнууд ачааллаа даахаа хэдийнээ больжээ.

Өрхийн эмнэлэгүүд болон түргэн тусламжийн утаснууд улайсах шахаж “Намайг эмнэлэгт хэвтүүлсэнгүй” хэмээн гомдоллох иргэдийн тоо огцом нэмэгдэв. “Дарааллаа хүлээ” гэхээс өөр үг хэлж чадахгүй эмнэлэгийнхний сэтгэлзүй тун ч ноцтой хэмжээнд хүрлээ. Мэдээж тэд хүнд байгаа өвчтөнүүдийг бүгдийг нь эмчлээд, бүгдийг нь эрүүл болгохсон гэж хүсэж буй.

Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарт хурц улаан гэрэл хэдийнээ асчээ.

Арай гэж эмнэлэг бараадсан өвчтөнүүддээ ч эмч, сувилагч нарын бараа тун ховор харагдана. Энэ нь тэд аль нэг өрөөнд ороод бүгчихсэн гэсэн үг огтоос үгүй бөгөөд бүх эмнэлэг хэрээс хэтэрсэн ачаалалтай байна.

Эрүүл мэндийн яамны тоон мэдээллийг харвал хамгийн сүүлийн байдлаар буюу 2021 оны есдүгээр сарын 14-ний байдлаар коронагийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 20702 ажээ. Харин манай улсын нийт эмнэлэгийн орны тоо бүгд нийлээд 27,1 мянга билээ.

Эх сурвалж: 1212.mn

Өөрөөр хэлбэл, эмнэлэгийн нийт орны 76 хувийг зөвхөн коронавирүсийн халдвар авсан өвчтөнүүд эзэлж байна.

Гэтэл манай улс халдварт бус өвчнөөр өвчлөгсөд маш олон. Тэгэхээр бусад өвчтөн үндсэндээ орхигдох аюулд хүрчээ.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ГАЛЗУУРАХАД ГАНЦ ХУРУУ ДУТУУ БАЙНА

Манай улсад дараах тооны эмч, сувилагч байдаг. Үүнд:

  • Их эмч 12431
  • Сувилагч 13112

Эдгээр нь хүүхдийн, мэс заслын, яаралтай тусламжийн гээд олон төрлийнх болж хуваагдах нь ойлгомжтой. Гэвч өнөөдөр халдвартай хүний тоо 20 мянга гарчихсан гээд бодвол эмч, сувилагч нарын тоо огт хүрэлцэхгүй болжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ч мөн ачааллаа дийлэхгүй байна.

2017 онд батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-аар 1800-2000 хүн тутамд нэг өрхийн эмч, сувилагч ногдохоор заасан. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг их эмчид ногдох хүн 2020 онд 2872 болж, 2011 оныхоос 541-ээр буурсан ч, стандарт хэмжээнээс 1.4 дахин их.

Гэтэл үүн дээр коронавирүсийн өвчлөл нэмэгдэж, урд өмнө нь өрхийн эмнэлэгээ хаана байдгийг ч мэддэггүй байсан хүмүүс ороод ирэхээр өрхийн эмнэлэг хэзээ ч байгаагүй их хэмжээний ачаалалд оров.

Нөхцөл байдал иймдээ тулаад байгаа ч өнөөдөр Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас үйл ажиллагааны ямар төлөвлөгөө, ямар бодлого баримталж байгаа нь тодорхойгүй байгаа нь харамсалтай.

Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Тиймээс амь амиа бодохоос аргагүй нөхцөлд хүрчээ.

Эх сурвалж: 1212.mn

Хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллана
Хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.