/2021.09.15/ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр яамны удирдлагуудын уулзалт боллоо.
Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг. Хамгийн их бүтээн байгуулалттай, улсынхаа эдийн засгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй салбар учраас Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллах нь чухал юм. Тухайлбал,
Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд импортлогч орны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих;
Гурил үйлдвэрлэгч нарт экспортын гарцыг нээж өгөх; олон улсын шаардлага хангасан, экспортын чиг баримжаатай махны 4 үйлдвэрийн менежментийг зөв зохион байгуулах;
Арьс ширний боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлахад ГХЯ-тай хамтран ажиллах шаардлагатай байгааг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх дэвшүүлсэн саналуудыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр яамны төлөөлөл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцан, гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон юм.