Б.Пүрэвсүрэн: Улс төрчдийг магтахаас өөр аргагүй хууль батлах гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвсүрэн: Улс төрчдийг магтахаас өөр аргагүй хууль батлах гэж байна

/2023.01.20/ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл цахим орчинд маргаан дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.

-Уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж байгаа шалтгаан юу вэ?

-Түүхэндээ хуулийг гурав хоногийн дотор баталж болдог гэдгийн сонгодог жишээг үзүүлэх гэж байна. Засгийн газар уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Улмаар өчигдөр байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, өнөөдөр 14.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулах гэж байна. Энэ бол байж болохгүй асуудал.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 22.1-т Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг л яаралтай хэлэлцэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль энэ дагуу ороод ирсэн. Хууль зөрчин байж хуулийг баталж болохгүй. Уг нь хууль тогтоомжийн тухай хууль үйлчилж байгаа. Энэ дагуу хуулийн төсөл боловсруулахдаа маш олон ажил хийсэн байх ёстой. Тухайлбал, тандан судалгаа, үр нөлөөний судалгаа, иргэдийн байр суурь, саналыг сонсох хэлэлцүүлэг өрнүүлэх, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг тусгах ёстой. Энэ бүхнийг хийсний дараагаар УИХ-д өргөн баригдана. Энэ хуулийг батлах асуудал Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Мөн ажлын хэсэг нь 2020 онд байгуулагдаж байсан. Гэхдээ юу ч хийгээгүй.

Өнөөдөр бол 2022 оны намрын чуулганы хуралдааны сүүлийн өдөр. Гэтэл энэ өдөр уг хуулийг батлах гээд улайран зүтгэж байна. Үүнийг би улс төрийн өнгө аястай гэж харж байна. Учир юу вэ гэвэл энэ хууль олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль биш. Эсрэгээрээ олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах тухай хууль. Уг хууль 6 бүлэг 12 зүйлтэй. Үүний 6 дугаар зүйлд зүй бус контент гэх агуулгатай 12 зүйлийг жагсаасан байгаа. Хуулийн төсөлд хэн ч санал өгөөгүй. Харин эрх бүхий яамны сайд нь "Хүүхдийн эрхийн том асуудлууд байна" гэж шөнө орой уянгалж байна. Үнэхээр ийм асуудал байгаа юу гэвэл бий. Гэвч Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах маш олон хууль бий.

Нөгөө талаас Монгол Улсад нийгмийн сүлжээ хэрэглэгч 2.2 сая иргэн байна гэсэн судалгаа 2020 онд гарсан байдаг. Одоо үүнээс олон болсон байх. Уг хуулийн төсөл нийгмийн сүлжээ хэрэглэж буй хүн бүрт хамаатай.

-Хуулийн төсөл батлагдвал иргэд ямар эрхүүдээ хязгаарлуулах эрсдэлтэй вэ?

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын татаад буй нүүрсний хулгайн асуудлыг иргэд цахим орчинд шүүмжлэх боломжгүй болно. Үүнээс гадна ЖДҮ, Хөгжлийн банк асуудлуудыг огтхон ч ярих эрхгүй болно. Мөн тэвчээр тасарлаа, Nonaadam зэрэг хөдөлгөөнүүд хязгаарлагдана. Яагаад гэвэл хуулийн 6.1-т Үндэсний эв нэгдэл, соёл, уламжлал, соёлын үнэт өвийг доромжилсон утга агуулгатай контентыг зүй бус гэж үзэн 72 цагийн дотор нэн яаралтай хязгаарлах зохицуулалт орж ирсэн байгаа. Хэн нэгэн улс төрч утсаар яриад өөрт таалагдахгүй байгаа контент, сэтгэгдлүүдийг хаа гэхэд л хаачих нь байна. Ялангуяа сонгуулийн жилүүдэд. Нэр дэвшигч нараа магтахгүй л бол болохгүй болох нь. Шүүмжилсэн контент бүтээх юм бол тэгээд л хаалгуулах нь байна.

Тиймээс энэ хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж байна. Хууль зөрчин барин хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн мэдүүлж, чуулганы хуралдаанаар батлуулж болохгүй. УИХ-ын эрхэм гишүүдээ, хууль санаачлагч нараа хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаач. Хүний эрх гэдэг үг ямар нэг буруу зүйлийг халхавч болох ёсгүй.

Хуулиа бүгдээрээ хэлэлцье. Гэхдээ заавал өнөөдөр биш. Хойшлуул л даа. Эхлээд зарчим, үзэл баримтлалаа тогтъё. Үүний дараагаар хуулийн төслийн зүйл заалт бүрийг дахин ярих хэрэгтэй. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан олон судалгаануудаа хийе. Хуулийг хэлэлцэх хангалттай хугацаа байсан. Гэтэл гуравхан хоногийн дотор батлуулах гэж улайран тэмцэх хэрэг бидэнд байхгүй.

-Бусад улс оронд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалсан хууль, тогтоомж байдаг уу?

-Манайх шиг ийм хуультай улс хаана ч байхгүй. Австрали улс Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 2017 онд баталсан. Нэг л асуудлыг тусад нь авч үзсэн. Гэтэл бид бүх асуудлыг хамруулж үзээд, олон чухал амин эрхийг зохицуулах гэж дайрч байна. Маш тооцоо судалгаагүй хуулийг оруулж ирж байна.

ВИДЕО ҮЗЭХ:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.