/2023.10.16/: Хэдэн арван мянган палестинчууд агаарын цохилт, Израилийн хуурай замын довтолгооноос зугтахыг оролдсоноор Газын зурвас дахь нөхцөл байдал хурдацтайгаар муудсан гэж шинжээчид үзэж байна.
Баасан гарагт нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдлийн дагуу хагас сая орчим хүн Газын зурвасын хойд хэсгийг орхин өмнөд зүг рүү явсан гэж Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгдэв.
Ийнхүү шилжсэн хүмүүсийн тоо нь Газын умард хэсгийн хүн амын бараг тал хувийг эзэлж байгаа аж. Тус газар нутгийг хянадаг ХАМАС-тай хийж буй дайны дараагийн үе шатанд Израйлийн цэргийн хүчнийхэн бэлтгэж байна.
Аравдугаар сарын 14-нд 1400 хүний аминд хүрсэн ХАМАС бүлэглэлийн террорист халдлагын хариуд Израиль давшилтаа эхлүүлээд байгаа юм.
Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас ХАМАС-ын халдлагыг илт буруушаасан анхны мэдэгдэлдээ зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа нь "Палестины ард түмнийг төлөөлөхгүй" гэж мэдэгджээ.
Дараагийн үе шатууд: Палестины эрэг орчмын бүс нутагт хүмүүнлэгийн хямрал газар авч байгаа ч Израил Газын зурвас руу довтлохоор бэлтгэж байгаагаа илэрхийлж байна. Израилийн арми өнгөрсөн бямба гарагт цэргийн хүчнүүд дайны дараагийн үе шатуудад, тэр дундаа “агаар, далай, хуурай газраас хамтарсан болон зохицуулалттай цохилт өгөх” зэрэгт бэлтгэж байгаагаа мэдэгдэв. Израил Газын зурваст цохилт өгсний улмаас 2600 гаруй хүн амиа алдсан гэж Палестины эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Гарам "нээлттэй байх болно": Израил Газын зурвастай хиллэдэг хоёр боомтоо болон, түлш, цахилгаан, усны хангамжийг хааж, Палестины газар нутагт "бүрэн бүслэлт" тогтоосон байна. Харин Египеттэй холбогддог Рафах гарцыг хүмүүсийг гаргах цорын ганц гарц болгож хангамжийг нь үлдээсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ням гарагт Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиситэй уулзсаныхаа дараа "Рафах нээлттэй байх болно" гэж мэдэгджээ.
Хүмүүнлэгийн хямрал: Газын өмнөд хэсэгт байрлах хоргодох байрууд ачаалал ихтэй, чухал хангамжийн хомсдолд орж, хойд хэсэгт Израилийн агаарын довтолгооноос олон арван мянган хүн дүрвэж байна гэж НҮБ-ын албаны хүн мэдэгдэв. НҮБ-ын зохицуулагч Линн Хастингс UNTV-д өгсөн ярилцлагадаа "Өмнөд хэсэгт ирж буй дүрвэгчдийг оруулах хамгаалах байр байхгүй байна." Газын өмнөд хэсэг ч хоол хүнс, ус, түлшний хомсдолд орж байна гэв.
Байдены анхааруулга: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийг Газын зурвасыг эзлэн авахаас сэрэмжлүүлж, тэвчээртэй байхыг уриалсан. Ням гарагт CBS телевизийн "60 минут" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Байден Израилийн Газыг эзэлвэл "том алдаа" болно гэж мэдэгджээ. Ням гарагийн орой НҮБ-д суугаа Израилийн элчин сайд Гилад Эрдан CNN-д хэлэхдээ, Израиль Газыг эзлэх сонирхолгүй, харин Хамасыг устгахын тулд "хэрэгтэй бүхнийг хийнэ" гэжээ.
Бүс нутгийн мөргөлдөөнөөс болгоомжилж байна: Пентагон Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хоёр дахь удаагаа нисэх онгоц тээвэрлэгч илгээх тушаал өгч, тус бүс нутаг руу Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцуудыг илгээж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин бямба гарагт мэдэгдэв. Ням гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан бүс нутгийн мөргөлдөөн үүсэх эрсдэлийг анхааруулж хэлэхдээ, АНУ-ын энэ алхам нь "Дайныг ашиглахыг эрэлхийлж буй улсууд болон хэн нэгэн байвал энэхүү үйлдэл маш тодорхой мессеж болно" гэж хэлсэн байна.
Бээжингийн байр суурь: Хятадын ГХЯ-ны сайд Ван И ням гарагт Бээжин тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Ван Ираны ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Хятадыг энх тайвны зуучлагч хэмээн танилцуулж, Бээжин "Энх тайван, шударга ёсны талд зогсож, Палестины ард түмний үндэсний эрх ашгийг хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ" гэжээ.
Европ дахь эсэргүүцлийн жагсаал: Палестинчуудыг дэмжсэн томоохон хэмжээний жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Европ даяар, тэр дундаа Лондон, Амстердам, Швейцарь зэрэг улсад болсон. Мөргөлдөөн урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөрлөгт хүрэхийн хэрээр Израил болон Палестинчуудын аль алиныг нь дэмжсэн эсэргүүцлийн жагсаал дэлхий даяар өрнөж, зарим нь ширүүн мөргөлдөөн болж байна.
Эх сурвалж: CNN