/2023.06.27/: Хүн төрөлхтөн хэт их хэмжээний усыг гүний нөөцөөс сорж байгаагаас дэлхийн хазайлтад нөлөөлж байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.
Гүний ус нь хүн, малыг ундны усаар хангадаг бөгөөд бороо багатай үед тариалангийн усалгааны ажилд ч ашигладаг. Гэсэн хэдий ч, шинэ судалгаагаар арав гаруй жилийн хугацаанд газрын доорхи усыг тасралтгүй олборлосноор манай гариг эргэдэг тэнхлэгээ зүүн тийш жилд 4.3 сантиметр хурдтайгаар эргүүлж байгааг харуулжээ.
Энэ өөрчлөлт нь дэлхийн гадарга дээр ч ажиглагдаж байгаа бөгөөд ингэснээр далайн түвшин өсөхөд нөлөөлж байна гэж судлаачид зургаадугаар сарын 15-нд Geophysical Research Letters сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.
Өмнөд Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Дэлхийн шинжлэх ухааны боловсролын тэнхимийн профессор Ки-Веон Сео, судалгааны тэргүүлэх зохиолч, "Дэлхийн эргэлтийн туйл үнэхээр их өөрчлөгдсөн" гэж мэдээлсэн байна. "Бидний судалгаагаар уур амьсгалтай холбоотой шалтгаануудын дунд гүний усны олборлолт нь эргэлтийн туйлын шилжилтэд хамгийн их нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна" гэжээ.
Дэлхийн дотоод хэсэг нь өтгөн, халуун цөмийг тойрсон чулуулаг, магмаар бүрхэгдсэн байдаг. Харин хамгийн гаднах чулуурхаг давхаргад асар их хэмжээний ус байдаг. Манай гарагийн гадаргаас доош орших уст давхарга гэгддэг чулуурхаг усан сангууд нь дэлхийн гадаргын бүх гол мөрөн, нууруудаас 1000 дахин их ус агуулдаг гэж үздэг.
1993-2010 оны хооронд хийсэн судалгаагаар тухайн онуудад хүмүүс Хойд Америкийн баруун хэсэг болон Энэтхэгийн баруун хойд хэсэгт л гэхэд дэлхийн гүнээс 2150 гигатон гаруй гүний усыг олборлосон байна. Энэхүү усыг хэрэв далайд цутгавал дэлхийн далайн түвшинг ойролцоогоор 6 миллиметрээр нэмэгдүүлэх хэмжээний ус аж.
Эх сурвалж: CNN