/2023.06.14/: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газар 9 банкнуудад тодорхой шалтгааны улмаас торгуулийн арга хэмжээ авсан боловч тухайн банкнууд үл зөвшөөрөн шүүхэд хандсан юм. Улмаар өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ШӨХТГ-ын гарсан гомдлыг хэлэлцэн, тэдний талд хэрэг маргааныг шийдвэрлэсэн.
ШӨХТГ-ийн дарга Н.Мандуул: ШӨХТГ-аас тавьсан торгуулийн арга хэмжээг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Анх шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, банкуудын талд шийдвэр гарсан. Уг шийдвэрийн эсрэг манай газар давж заалдаж өчигдөр давах шатны шүүхийн шийдвэр манай талд гарлаа.
Ингэснээр манай газраас арилжааны 9 банкинд өгсөн албан даалгавар хүчинтэй болж байна. Шүүхийн шийдвэр албан ёсоор ирэхийг хүлээж байна. Үүний дараа арилжааны банкууд Улсын дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй гэв.
Өмгөөлөгч С.Ялалт: Хэрэв Улсын дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл эдгээр банкнууд өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгоно.
Хоёрт, ирээдүйд олгох зээл дээр үндэслэлгүй шимтгэл авахгүй болно. Иргэдэд анхааруулж хэлэхэд, уг албан даалгавар 2020, 2021 онд ипотекийн зээл авсан иргэд дээр яригдаж байгаа юм. Үүнээс өмнө зээл авсан иргэд хууль бусаар шимтгэл авсан гэж үзвэл Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй. Тиймээс заасан оноос өмнө зээл авсан иргэд Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нээлттэй.
Өмгөөлөгч О.Батхүү: Миний хувьд 2022 оны дөрөвдүгээр сараас энэ асуудал хөндөж ярьсан. Эхлээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн, албан бичиг өгсөн, уулзсан. Харамсалтай нь, Монголбанк энэ асуудал дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс дараа сард нь ШӨХТГ-т гомдол санал өгсөн. Энэ саналдаа "Банкууд 1 хувийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байна. Тиймээс шалгаж өгөөч" гэж гомдол гаргасан. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ нэр бүхий 9 банкинд шалгалт оруулж, ипотекийн зээлээс 1 хувийн шимтгэл авах нь хууль бус болохыг тогтоож акт авсан.
Ямар ч байсан мөнгөтэй, 20-30 өмгөөлөгч ажиллуулдаг банкуудыг яллаа. Хуулийн дагуу асуудлыг шийдэж чадсантай баяртай байна.
Сүүлийн арван жилийн байдлаар ипотекийн зээлтэй 110 мянган иргэн байна. Үнийн дүнгээр авч үзвэл 1 хувийн буцаан ойлгох дүн 47 орчим тэрбум төгрөг болж байгаа гэв.