БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ №2: 45 болон 65-р сургууль
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ №2: 45 болон 65-р сургууль

Улсын сургууль, тэр дундаа хотын төвийн сургуульд хүүхдээ сургах гэж хошуурдаг нь ямар учиртай вэ? Энэ талаар асуухад “сурах орчин сайн, багш нарын заах арга барил таалагддаг” гэх хариултыг эцэг эхчүүд өгч байв. Үүний дагуу хотын захын сургуулийн орчныг үзэхэд хотын төвийн сургуулиас мэдэгдэхүйц өөр байлаа. Ариун цэврийн өрөө, спорт заал гэх мэт.

Харин багш нарын хувьд аль ч сургуульд багшийн мэргэжлийг эзэмшсэн, дотоодын их, дээд сургуулийг эрдмийн зэрэгтэйгээр төгссөн багш нар байсан юм.

Тэгвэл юуны учраас хүүхдээ харьяаллын бус сургуульд сургаж байна вэ? Бид Сүхбаатар дүүрэгт орших 45 дугаар сургуулийн орчин, сургуулийн баримталдаг бодлого зэргийн талаар тухайн сургуулийн ахлах ангийн менежер Н.Мөнхчимэгтэй ярилцлаа.

Нийт сурагчийн тоо: 1876

Бага анги

826

Дунд, ахлах анги

1050

Нийт багшийн тоо: 81

Бага ангийн багш

21

Дунд, ахлах ангийн багш

60

Нэг багшид ногдох сурагч

Бага анги

39

Дунд, ахлах анги

18

Нийт компьютерын тоо: 50

Суурин компьютер

20

Зөөврийн компьютер

30

Нэг компьютерт ногдох сурагчийн тоо

21

ЭЕШ-ын дундаж оноо

529

Спорт заал

Байгаа

МАНАЙ СУРГУУЛИЙН ХУВЬД АНГИ ДҮҮРГЭЛТ 38-40

-Эцэг эхчүүд харьяаллын бус тойрогт хүүхдээ сургаж, 45 дугаар сургуулийг сонгосон шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?
-Манай сургууль нийт 1876 сурагчтай. Үүнээс 30-40 хувь нь л харьяаллын дагуу хүүхэд байдаг.
Улсад 40 гаруй “лаборатори сургууль” бий. Энэ төрлийн сургууль нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа шинэ тушаал, төлөвлөгөө, хөтөлбөрийг туршиж үздэг. Үүгээрээ бусад сургуульд түгээж түүчээлдэг.

Тухайн хөтөлбөрийг яамнаас хэрэгжүүлж болно гэж үзэх юм бол бусад сургуулиуд хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Энэ нь манай сургуулийг сонгох шалтгаан байж болох юм.

-Багш нарын нэмэлт сургалтад хамрагдалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр гэх мэт сургалтуудад тогтмол хамруулж, анхаарал хандуулдаг уу?
-Багш нар маань үндсэн график сургалт, ажлын байранд хөгжих сургалт, хариуцсан удирдлагууд маань ч гэсэн хуваарийн дагуу сургалт зохион байгуулдаг.

Үүнээс гадна цахим орчинд ч сургалтад хамрагдах боломжтой болсон тул Microsoft 365 программыг нийтээрээ хэрэглэдэг. Түүгээрээ дамжуулан өдөр тутам ашиглах хэрэглээний программын талаарх мэдээллийг сурч, хоорондоо солилцдог. Мөн багш нар Монгол бичиг, Англи хэлний сургалтыг багш нар бие даалт маягаар сурдаг. Үүнийг сургуулийн удирдлагууд сардаа нэг удаа шалгаж дүгнэдэг.

Коронавирус нь бид бүгдэд цахимаар суралцах боломжийг хангаж өгсөн. Ямар ч сургалтад линк /холбоосоор/ хандан хамрагдах боломжтой. Багш нар ч үүнд уриалаг хандаж, 100 хувь хамрагддаг. Хүүхдэд мэдлэг чадвар олгохоос гадна, төлөвшүүлэх, хандлагыг нь өөрчлөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, 12 дугаар ангиа төгсөөд амьдралд гарахад нь бэлтгэж өгдгөөрөө манай сургууль давуу талтай.

-Багш нар сурагчтайгаа тулж ажиллах цаг хугацаа, боломж хангагдсан байдаг уу?
-
Анги дүүргэлт маань 38-40 хүүхэдтэй байдаг. Үүнээс үзвэл нэг багш тэр бүр хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломжгүй. Сурагчид хичээлийн бус цагаар, цахимаар, ахлах ангийн сурагчид бол үдээс хойш сонгоны хичээлээрээ дамжуулан багштайгаа тулж харьцаж болно.
Сурагчид маань голдуу цахим орчинд биеэ дааж хоцрогдлоо арилгаж байна.

-Хичээлийн хоцрогдол арилгах нэмэлт давтлага өгч байгаа юу?
-Ковидын үед хичээлийн хоцрогдол маш их гарсан. Дээрээс нь сурагчид хэт цахим орчинд байх үед хүмүүжил, төлөвшил, анхаарал хандуулах байдал сул гэх мэт дутагдал байгаа учраас үе шаттайгаар нэмэлт давтлага өгч байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ ямар ч сургуульд сургасан бай боловсролын байгууллага сэтгэл ханамжтай үйлчилгээ өгөхөд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Боловсролын байгууллагын дотоод менежмент маш чухал. Сургуульд байгаа асуудлын талаар санал аваад, үүнийгээ хэрхэн сайжруулах төлөвлөгөө гаргах нь чухал. Сайн менежменттэй байвал түүнээс сайн сургалт гарна.

-Танай сургуулийн ЭЕШ-ын дундаж оноо 529 гэж байна. Үүнийг сургалтын чанар сайн байгаатай холбож болох уу?
-Мэдээж нэмэлт сургалтад хамрагдах нь нөлөөлнө. Манай сургуулийн хувьд 10 дугаар ангиас нь эхлээд ямар мэргэжил сонгож байгаа талаар судалгаа гаргаж, тухайн мэргэжлийн дагуу хичээл ордог багш нарт нь боломжоороо хуваарилж өгдөг. Жишээ нь: Эмч болохыг зорьсон 15 сурагч байвал, химийн хичээл ордог гурван багшдаа тав, таваар нь хуваарилж өгдөг. Энэ нь тухайн багш сурагч улам тулж ажиллаж, мэргэжлийн хичээлдээ анхаарал хандуулахад нь нэмэр болдог. Үүгээрээ бусад сургуулиас давуу талтай.

-ЭЕШ-д сурагчдаа ямар байдлаар бэлддэг вэ?
-Сар тутам ЭЕШ-ын жишиг материалаар шалгалт авдаг. Мөн тухайн шалгалтыг өгөхөд хариулт бөглөх хуудсан дээр бөглүүлж бэлдүүлдэг.

-Тухайн сурагчийн ар гэрийнхэнд ямар нэг шаардлага тавьдаг уу?
-12 дугаар ангид ороход нь сурагч-сургууль-асран хамгаалагч дунд гурвалсан гэрээ байгуулдаг. Үүнд ЭЕШ-д бэлдэхэд нь ар гэрийн зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлэх гэх зэрэг заалтыг тусгаж өгдөг. Үүний үр дүнд ар гэрийнхэн нь тухайн сурагчид анхаарал хандуулж, сургуулиа амжилттай төгсөхөд нь нөлөөлдөг.

-Баярлалаа.

Биеийн тамирын заал

Мягмар гарагт өгсөн үдийн цай
Ариун цэврийн өрөө, гар угаах хэсэг
Ариун цэврийн өрөө
Ариун цэврийн өрөө
Сурагчдын ашигладаг компьютер
Мэдээлэл зүйн кабинет

65-р СУРГУУЛЬ: АНГИ ДҮҮРГЭЛТ 35 ХҮҮХЭД

Үүний дараагаар Сонгинохайрхан дүүрэгт байршилтай 65 дугаар сургуулийн орчин, сургалтын бодлого зэргийг тодрууллаа. Тухайн сургууль нь агаарын бохирдол өндөртэй байршил болох "Толгойт" орчмын бүсэд байдаг. Автобусны буудлаасаа холгүй ч олон гудам байдаг нь харуй бүрийд нохой дайрахвий, өндөр хурдтай машин уруудаад ирэх вий гэх болгоомжлолыг төрүүлж байв.

Нийт сурагчийн тоо: 2167

Бага анги

1232

Дунд, ахлах анги

935

Нийт багшийн тоо: 84

Бага ангийн багш

63

Дунд, ахлах ангийн багш

21

Нэг багшид ногдох сурагч

Бага анги

20

Дунд, ахлах анги

45

Нийт компьютерын тоо: 50

Суурин компьютер

10

Зөөврийн компьютер

40

Нэг компьютерт ногдох сурагчийн тоо

19

ЭЕШ-ын дундаж оноо

514

Спорт заал

Байгаа

65 дугаар сургуулийн ахлах ангийн менежер Д.Цэндпүрэв: Улсын их, дээд сургуулийн хуваарь авах магадлал их байдаг тул сурагчид орон нутаг руу шилждэг

-65 дугаар сургууль элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо дүүрэгтээ ямар амжилт үзүүлдэг вэ?
-Манай сургуулийн хувьд ЭЕШ-ын дундаж оноогоороо жил бүр ахиж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай сургууль дүүргийн хэмжээнд ЭЕШ-ын дундаж оноогоороо гуравдугаар байр эзэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт нийт 20 гаран ерөнхий боловсролын сургууль байдаг. Тэр дундаас сургалтын чанар, ЭЕШ-ын дундаж оноогоороо гуравдугаарт жагсаж байгаа нь сайн үзүүлэлт. Энэ жил ч гэсэн амжилтаа бататгахын тулд нэмэлт давтлага өгч ажиллаж байна.

-Танай сургуульд сурч байсан сурагчид хотын төвийн сургууль руу шилжих тохиолдол гардаг уу? -Манай сургуулийг голж, шилсэндээ шилжих нь бага байдаг. Тухайн сурагчийн ар гэрийн байдал сайжраад хотын төв рүү нүүхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд шилжсэн байдаг. Эсвэл орон нутаг руу шилжих тохиолдол их гардаг. Энэ нь элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо улсын их, дээд сургуулийн хуваарь авах магадлал их байдагтай холбоотой. Яг энэ шалтгаанаар 12 дугаар ангийн гурван хүүхэд орон нутгийн сургууль руу шилжсэн.
Энэ жил сургуулиа төгсөх 62 сурагч бий. Үүнээс нэг нь гадаадад сурах учраас ЭЕШ өгөхгүй гэх шийдвэрийг гаргасан.

-Сургуулийн гадаад орчныг хүүхэд сурах боломжийн байршил гэж үздэг үү?
-Манай сургууль их боломжийн байршилд байдаг. Хүүхэд сурах бэлтгэлийг маш сайн хангадаг гэж өөрсдийгөө дүгнэж байна.

-Багш нарын хувьд ямар эрдмийн зэрэг хамгаалсан, аль сургуулийг төгссөн байдаг вэ? Мөн багш нар байнгын сургалтад хамрагдаж чаддаг уу?
-Нийслэлийн боловсролын газраас гаргасан хуваарьт сургалтад хамрагддаг. Мөн дотооддоо багш хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж, өөрсдийгөө хөгжүүлдэг.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн сургалтад аль болох нийтээр нь хамруулдаг. Мөн ажлын байрандаа хөгжих боломжоор хангахыг эрмэлзэж ажилладаг.

-Багш нар сургуулийн бүсэд интернет ашиглаж чаддаг уу?
-Өмнө нь манай сургуульд Wi-Fi сүлжээ байгаагүй. Харин одоо багш нар давхар бүрд Wi-Fi ашиглах боломжтой болсон. Сурагчид интернет ашиглах боломжгүй, мэдээлэл зүйн кабинетад хичээлийн агуулгын хүрээнд интернет ашиглах боломжтой гэсэн үг.

-Багш нар хэзээнээс сургууль дээрээ интернет ашиглах боломжтой болсон бэ?
-2021 оны хавраас эхлэн багш нар сургууль дээрээ, тодруулбал ангидаа интернет ашиглах боломжтой болсон. Өмнө нь Засгийн газраас тавьж өгсөн интернет сүлжээ байсан. Тэр нь хүртээмж маш муу, нэг өрөөний буланд интернет ашиглах гэж байгаа багшид хүрэлцэхгүй, заавал төхөөрөмжийнхөө ойролцоо байж ашигладаг байсан юм.

-Хичээлийн хоёр байртай гэхэд харьцангуй бага “боломжийн” тооны сурагчтай юм. Сургуулийн ачаалал хэр байдаг вэ?
-Анги дүүргэлтээ дунджаар 35 сурагчаар барьж байгаа. 2021 оны хаврыг дуустал манай сургууль маш их ачаалалтай байсан. 4 мянга гаруй сурагчтай байлаа. Харин 152 дугаар сургууль шинээр байгуулагдаж, тал хувь нь хамран сургах харьяа хорооны дагуу гээд тийш шилжсэн. Ингээд сурагчид маань цөөрч, ачаалал буурсан тул сургалтын хөтөлбөрөө улам сайжруулж, хүүхэд бүртэй тулж ажиллах боломж бүрдэж байгаа гэсэн үг.

-Сургуулийн номын сангийн үйл ажиллагааны талаар дурдвал?
-Өмнө нь олон хүүхэд сурдаг, ачаалалтай байх үед номын сан гаргах боломж үнэхээр байгаагүй. Харин одоо номын сангийн кабинетаа тохижуулаад, уншлагын танхимдаа сурагчдаа хүлээн авахад бэлдэж байна. Хараахан бэлэн болоогүй гэсэн үг.

-Сурагчид хичээлийн бус цагаараа хичээлээ давтахад нь тусдаа танхим гаргаж өгдөг үү?
-Сул анги танхим гарсан учраас тэндээ давтлага хийх боломжоор хангаж байна.

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллынх нь дагуу сургахын тулд сургуулийн талаас ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Сургуулийн талаас эцэг эхчүүдтэй хамтран, эргэх холбоогоо сайжруулбал болох байх. Эцэг эхчүүдийн хувьд, тухайн сургуулийн үйл ажиллагаатай сайтар танилцах хэрэгтэй байх. Яг юу хийдэг, ЭЕШ-ын амжилт зэрэгтэй танилцах хэрэгтэй байх.
Манай сурагчдын ар гэрийн амьдралын баталгаажих түвшин тийм ч сайн биш. Гол нь эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй болов уу.

-Баярлалаа.

65 дугаар сургуулийн эргэн тойрон

Зүүн талд: дунд, ахлах ангийн хичээлийн байр
Баруун талд: бага ангийн хичээлийн байр
Лхагва гарагт өгсөн үдийн цай
Биеийн тамирын заал
Дунд сургуулийн хичээлийн байрны хоёр давхарт байрладаг. Дасгал хөдөлгөөн хийгээд халууцсан сурагчид цонхоо онгойлгоод нэвт салхилж байв.
Ариун цэврийн өрөө, гар угаах хэсэг
Ариун цэврийн өрөө
Ариун цэврийн өрөө

Та хүүхдээ номын сангүй, багш нар нь саяхан л интернетэд холбогдсон сургуульд сургахыг хүсэх үү? Үгүй л болов уу. Улсын сургуулийн сургалт, орчин гэх зэрэг бүхий л зүйлсэд анхаарал хандуулж тэгш боловсрол түгээх цаг нь болсон баймаар.

33 болон 102 дугаар сургуулийн талаар мэдээг унших бол ЭНД дарна уу.

Пара байт харвааны ДАШТ-аас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
Пара байт харвааны ДАШТ-аас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.