Ц.Бумдарь: Гацаанд орсон улстөрийн системд томоохон өөрчлөлтийг энэ онд хийх болов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Бумдарь: Гацаанд орсон улстөрийн системд томоохон өөрчлөлтийг энэ онд хийх болов уу

Улстөр судлаач Ц.Бумдарь

Бид 2022 оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцсан билээ.

Улс төр судлаач Ц.Бумдарьтай 2022 оны улстөрийн орчны өөрчлөлт, хөдөлгөөний талаар ярилцлаа.

-2022 онд улс төрд хийгдэх томоохон өөрчлөлт хөдөлгөөний талаарх таны таамаг юу вэ?
-Улстөрийн хүрээнд дараах хоёр хүсэл байна. Засгийн газрын “дан дээлтэй” гишүүд практик дээр улс төрийн ямар ч манлайлал хийж чадахгүй байна гэж МАН-ынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд цөөхөн байгаа нь “давхар дээлтэй” байх үндэс болоод байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, энэ өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хиймээр байна гэдэг нэг ХҮСЭЛ байна.

Хоёр дах нь ХҮСЭЛ нь, Монгол Улс парламентийн засаглалтай. Гэвч Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодит эрх мэдлийн хүрээг нь авч үзвэл хагас Ерөнхийлөгчийн засаглалын шинжтэй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийг парламент дотроос шууд сонгодог байя гэдэг хүсэл байна.

Ийм хүсэл сонирхлуудын зангилаан дээр оноос өмнө УИХ-ын тойрог бүрт 4 тэрбум төгрөг өглөө. Энэ нь дээрх хүсэл сонирхлуудыг хангах хуулийн төслүүдийг хагас жилийн хугацаанд дэмжүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой. Үндсэн Хуулийн өөрчлөлтийг оны өмнө өргөн барих гэж байснаа түр хойш тавьсан гэж сураг дуулдсан. Мөн энэ хаврын чуулганд Улс төрийн намын тухай хуулиа оруулахаар байна.

Эндээс 2022 он бол улс төрийн системд томоохон өөрчлөлт хийгдэх хүлээлттэй жил болох нь.

-МАН дангаар “ноёрхож” байгаа энэ үед ийм том өөрчлөлтүүдийг хийх шалтгаан нь юу байж болох вэ?
-Энэ бол үнэмлэхүй нэг намын систем тогтсон үед гардаг үзэгдэл. Япон Улсад Ардчилсан нам 55 жил дангаар ноёрхож байх 1994 онд ийм том гацаа үүсэж байсан. Ингээд Сонгуулийн тухай, Намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон Нам гэдэг статусыг батлах дөрвөн том хуулиа баталсан байдаг.

Яг үүнтэй адил нөхцөл Монголд үүссэн. Нийгмийн хөгжил, олон намын систем тэр чигтээ гацаанд ороод байна. Үүнийг нэг тийш нь хөдөлгөх зайлшгүй шаардлагатай учир дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа хэрэг.

Гэтэл иргэд "Монгол Ардын Нам өөрсдөө хүсээд эсвэл эрх мэдлээ тэлэхийн тулд зогсоо чөлөөгүй сурталдаж байна" гэж харддаг. Ингэж хардах нь нэг талаас зөв ч нэгэнт томорсон институт өөрөө хумигдах боломжгүй энерцид орсон. Харин судлаачийн зүгээс харахад, МАН-ын хувьд дээрх өөрчлөлтүүдийг хийж, улс орныг гацаанаас гаргах үүрэг ногдсон.

-Ардчилсан нам сэргэж чадахгүй гэж үү?
-Ардчилсан нам ерөөсөө нэгдэж чадахгүй байна. Энд дотоод зөрчлөөс гадна гадны сонирхлууд байна гэж хувийн зүгээс хардаж байна. Ямар нэгэн байдлаар улс төрийн хүчин зүйл байгаа ч зөвшилцөлд хүрч огт чадахгүй байна шүү дээ.

-Гадны сонирхол гэдэг нь юуг хэлж байна?
-”Монгол Улс хагаралдаж байх нь ашигтай, мөн цаашдаа олон намын систем хөгжүүлэх шаардлагагүй” гэж үздэг байхыг үгүйсгэхгүй. Мөнхөд сул байлгах сонирхол байна уу гэж хардаж байна. Яагаад гэвэл 2020 оны сонгууль болсноос хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хооронд Ардчилсан нам гурван удаагийн том асуудал дэвшүүлж хурал хийсэн. Улсын дээд шүүхэд хандах бүрт нэг асуудал гараад ирдэг. Юм гэдэг чинь нэг бол санамсаргүй, хоёр бол давтамж, харин гурав бол зориуд байдаг биз дээ.

-Улстөрийн намын тухай хуулийн төслийг та юу гэж харж байна?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Нам нь үндэсний хэмжээний бодлого боловсруулагч байна” гэж заасан. Мөн “Улстөрийн нам байгуулахын тулд сонгуулийн насны нийт иргэдийн 1 хувьтай тэнцэхүйц дэмжигч гишүүдтэй байна” гэж заасныг Улстөрийн намын тухай хуульд шингээж өгөх ёстой. Намуудын улс төрийн санхүүжилт, дотоод ардчилал, намын дотоод бүтцийг намын тухай хуульд шингээх ёстой. Эдгээрээс “Улстөрийн нам сонгуулийн насны иргэдийн нэг хувьтай тэнцэхүйц дэмжигчтэй байна” гэдэг асуудал 2028 оноос хэрэгжих заалттай ч нэлээд шүүмжлэл дагуулна. Бусад улс оронд дэмжигчийн тоо заадаггүй.

Хамгийн гол зүйл нь намын дотоод ардчилал, санхүүжилтийн асуудал байна. Санхүүжилт бүртгэлийн асуудалд санаа зовж байна. Энэ онд батлагдах Улстөрийн намын тухай хууль судлаачдын хүлээлтэд хүрэх үү, Үндсэн хуулийн өөрчлөлтөө шингээж чадах уу, парламентийн засаглалаа сайжруулах олон намын системийг бататгаж чадах уу гэдэг маш их хүлээлт байна.

-Нэг нам дангаараа хэт олонх байгаа үед улс төрийн шийдвэр талаасаа хүлээн зөвшөөрөгдөх нь хэр байх бол. Том өөрчлөлтийг хийхэд оролцоо нэлээд чухал байдаг. Тухайлбал, Оюу Толгойн төслийг хэлэлцэхэд хамтарсан Засгийн газар байгуулж, шийдэж байсан шүү дээ?
-Одоо бол сөрөг хүчин хүчгүй байна. Тэд нам дотроо учраа олох л асуудал байна. Саяхан УИХ-ын бүлэг дотроо ч асуудлаа шийдэж чадахгүй байгаа харагдсан.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа засаглалын хуваарилалт хэр тэнцвэртэй байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр судлаачид маш их анхааруулсан. Иргэд хүчтэй удирдагчийг мөрөөддөг. Энэ мөрөөдлийг нь хангах “Супер хүчтэй Ерөнхий сайдтай болох” гэж байгааг судлаачид анхааруулсан.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар Ерөнхий сайдыг зөвхөн Улсын Их хурал хянах үүрэгтэй болсон. Ковидын нөлөөгөөр Ерөнхий сайдын хүч улам бүр нэмэгдлээ. Цар тахлын тухай хуулиар УОК, Ерөнхий сайд бүх асуудлыг шийдэж байна. Парламент энэ тохиолдолд ямар ч хүчгүй. Засгийн газраас асуух, тайлагнуулах үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа.

Төсөв дээр гэхэд ямар ч эрх мэдэлгүй байсныг анзаарсан байх. Төсвийн тоог хөдөлгөх эрхгүй байлаа шүү дээ. Засгийн газрыг Цар тахлын тухай хуулийн дараа л хянах боломжтой болж байх шиг байна.

-Насны хувьд шинэ үе төлөөлсөн Ерөнхий сайдтай болсон. Засгийн газрын шийдвэр гаргалтад онцлог байдал харагдаж байна уу?
-Анх “Албан тушаал авахгүй” гэж байсан боловч Ерөнхий сайд болчихсон. Гэхдээ ийм зүйл хийхгүй бол энэ үе гарч ирж чадахгүй байсан юм болов уу даа. Энэ том бугшсан соёлыг ингэж давахаас өөр аргагүй байсан байх. Өөр нийгэмд өссөн хүмүүсийн соелын ялгаа байна. Үүнийг нураах арга нь тэр байсан л гэж харж байна.

-Гэхдээ парламент өөрөө Цар тахлын тухай хуулийг сунгачихлаа шүү дээ?
-Энэ намын бодлого нөлөөлж байгаа. Парламент, Засгийн газар хоёулаа МАН-ынх шүү дээ .

-Энэ удаагийн шинэ парламентийн соёл, онцлог нь ер нь юу вэ?
-Америкийн парламентын хууль батлахдаа зөрчилдөөнгүйгээр кноп дардаг жишиг энэ парламентад сууж байна.

Намын бүлэг шийдвэл, гүйцэтгэх ёстой гэдэг соёл МАН-д илүү их суусан.

Энэ парламентад нэлээд олон шинэ гишүүн орсон. Гишүүдийн тал нь шинэ гишүүд учир дараагийн сонгууль, тойрог, мэргэших тал дээрээ харилцан адилгүй “Бид нэг кноптой шүү” гэдэг дүрмээр тоглож байна.

-НҮБ-аас эмэгтэй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэх, УИХ-д эмэгтэйчүүдийн сонгох боломжийг нэмэх зорилготой төсөл хэрэгжүүлж эхэллээ. Эмэгтэйчүүд УИХ-д гарлаа гэхэд нөлөө хэр байх бол?
-Авлига буурдаг, эрүүл мэнд, нийгмийн асуудалд түлхүү анхаардаг гээд тоон судалгаа бий. Эерэг өөрчлөлт авчирна. Гэхдээ нөгөө талд нь Улстөрийн намын тухай хуулинд квотын асуудлаа яаж оруулах вэ гэдгээс шалтгаална. Мөрийн хөтөлбөр гэдэг маш чухал боловсруулалтад эмэгтэйчүүдийн дуу хоолой хэр оролцоотой байгааг харах хэрэгтэй гэж үздэг.

-Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр өнөөгийн нийгэмд бугшсан бүхнийг өөрчлөх боломжгүй шүү дээ. Энэ өөрчлөлтийг хийхгүйгээр цааш явах уу?
-Өөрчлөхгүйгээр цаашдаа удаан явахгүйгээ мэдэж байгаа байх. Энэ улс төрийн системийн гацааг гаргах Намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг батлах хүлээлт энэ парламентад байна.

-Гэхдээ Засгийн газраасаа УИХ-ын гишүүд тойрог тус бүрт зарцуулах дөрвөн тэрбумын эрх мэдлийг авсан шүү дээ. Ийм парламентаас эрүүл, шударга шийдвэр гарна гэхэд эргэлзээд байх юм?
-Улс төрийн лобби хийгдсэн гэдгийг улстөр судлаачийн хувиар ойлгож байна. Энэ парламент хуулийн лобби хийж сурч байгаа нь харагдаж байна. Зөвшилцлөө муухайгаар хэлбэл “нууцаар” хийж чадаагүй ил цагаандаа гарсан ёсзүйгүй үйлдэл болсон. Гэхдээ төсвийг судалдаг, шүүмжилдэг сөрөг хүчин хаана байна вэ? Шинэ намууд ч хүлээлтэд хүрэхгүй байна.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийнэ
Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.