Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа

/2021.09.16/ Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна

Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэн:

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байна.

Цаашид эрэлтийн нөлөөгөөр инфляци алгуур сэргэх хэдий ч төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт байгааг онцлов.

Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар 8,9 хувь , нийслэлд 9,1 хувьд хүрч нэмэгдсэн. Үнийн өсөлт нь нэг талаас эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байгаа хэдий ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.

Хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нь нийт инфляцийн 45 хувийг тодорхойлж байна.

Хилийн хязгаарлалт, вирусийн бусад хувилбар идэвхжиж байгаатай холбоотойгоор эдийн засгийн идэвхжилт саарч муудсан боловч оны сүүлээр 2019 оны сүүл үеийн эдийн засгийн үзүүлэлттэй дүйцнэ гэсэн хүлээлттэй байна.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл:

- Уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна.

- Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгааг онцлов.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдлыг харгалзан:

1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;

2. Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2021 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьд хүрч өслөө. Инфляц эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа боловч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өсөх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар инфляцын төлөв нэмэгдэх эрсдэлтэй байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ихэнх экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч үүнээс бий болж буй эерэг нөлөө хүлээлтээс бага байлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч нүүрсний экспорт, үйлдвэрлэл улмаар тээврийн салбар, импортын саатал, өмнөх хөл хорионы нөлөөгөөр барилга, боловсруулах, үйлчилгээний салбарын идэвхжил хүлээлтээс бага байсан нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Дэлхий дахинд вирусийн шинэ хувилбарын тархалт үргэлжилж, вакцинжуулалтын үр нөлөөг бууруулж, болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа нь цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлыг эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсгэж байна.

Эдийн засагт цар тахлын учруулж буй хүндрэлийн үед Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж байна.

Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээхзорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн сэргэлт тогтворжиж, инфляц түр зуурын бус шинжтэйгээр зорилтоос давах эрсдэл үүсвэл шаардлагатай бодлогын тохируулга хийх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа
Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.