/2021.08.31/ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргажээ.
Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг өчигдөр хуралдан, судалгааны ажлын явц, татан гаргах ажлын төлөвлөгөөг танилцуулсан байна.
Аврагчид "Сүхбаатар" хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байгаа аж.
Судалгаа хийх явцад "Сүхбаатар"онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан байгааг тогтоосон байна. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж, замагны дээж авчээ.
Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгджээ.
Онгоцны урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.
ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг есдүгээр сарын 19-27-ны өдөр зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байна.
Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрхи сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэнэ гэв
Эх сурвалж: ОБЕГ