Б.Заяабал: Монгол Улс татварын ДАРАМТ БАГА орны тоонд багтдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Заяабал: Монгол Улс татварын ДАРАМТ БАГА орны тоонд багтдаг

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэ Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал сэтгүүлчидтэй ярилцлаа.

-Өнгөрсөн онд иргэд аж ахуй нэгжүүдийн татвар төлөлт ямар байв?
-Монгол Улсын төсвийн 55 хувийг татвараас бүрдүүлдэг. Үлдсэн хувийг нь гааль, иргэний нисэх, ашигт малтмалын газар болон бусад төрийн бус байгууллагууд бүрдүүлдэг.

2022 оны тухайд манай байгууллага улсын төсвийн орлогод 6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүллээ. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2.6 их наяд байгаа. Тиймээс 2022 онд 8.6 их наяд төгрөгийн төсвийн орлогыг төвлөрүүлэхээр ажиллалаа. Хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад орлогын төлөвлөгөө 100 хувь биелсэн гэж үзэж байна.

2023 онд ТЕГ улсын төсвийн орлогод 7,1 их наяд төгрөг төвлөрүүлэх зорилготой байгаа. Одоогоор орон нутгийн төсвийн төлөвлөгөөнүүд хараахан батлагдаагүй байна. Хуулиараа иргэдийн төлөөлөгчдийн хурал батлах ёстой. Улмаар дүн нь нэгтгэгдээд манай байгууллагад ирэх ёстой. Бидний тооцоолж буйгаар энэ онд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2,6 орчим их наяд төгрөг байх болов уу. Энэ мөнгөн дүн дээр улсын төсвийн 7.1 их наяд төгрөгийг нэмээд ирэх жил 9,7 их наядын төлөвлөгөөний дагуу ажиллана гэсэн хүлээлттэй байна.

-2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Нэгдүгээр сарын 1-нээс Татварын хуультай холбоотойгоор хэрэгжиж эхлэх нэг л хууль бий. Тодруулбал, энэ оноос эхлэн Хувь хүний орлогын албан татварын цалин хөлсний орлогод шатлал тогтоож байна. Хувь хүний орлогын нийт 6 төрөл байдаг. Үүнд, цалин хөлсний хөдөлмөрийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгөө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад орлого багтана.

Дээрх орлогоо иргэд жилдээ нэг удаа тайлагнах үүрэгтэй. Харин зарим орлогыг ажил олгогч байгууллага суутгаж төлөх үүрэгтэй. шатлал нэмэгдсэн орлого нь үндсэндээ цаад байгууллага нь суутгадаг үүрэгтэй татварууд дээр шатлал нэмэгдсэн гэж ойлгож болно.

Шинээр хэрэгжиж эхлэх хууль зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд хамаарна. Хэрэв та сард 10 сая хүртэлх төгрөгийн цалинтай бол шаталсан татварт хамаарахгүй. Харин үүнээс дээш буюу 10-15 сая хүртэлх орлоготой бол 15 хувь, 15 саяас дээш бол 20 хувийг авах зохицуулалт үйлчилнэ.

-Шинэ хуулийн үйлчлэлд хэдэн хүн хамаарч байна вэ?
-Бидний хийсэн судалгаагаар сард 10 саяас дээш цалинтай 600 хүн байна. Харин 15 саяас дээш орлоготой 800 орчим хүн байна. Энэ утгаараа хуулийн өөрчлөлт нийт цалин орлоготой иргэдийн 0.1 хувьд хамаарна.

-Тухайн иргэдийн хэдэн хувийг гадаад улсын иргэд эзэлж байна вэ?
-Нарийн тоог нь мэдэхгүй байна. Шинээр мөрдөгдөх хууль Монгол Улсад ажиллаж амьдарч цалин авдаг гадна, дотны бүх иргэдэд хамаарна. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн ихэнх нь уул уурхайн салбарт ажилладаг. Ихэнх нь мэргэжлийн өндөр чадвартай хүмүүс байдаг учир цалин нь ч гэсэн өндөр байдаг.

-Шаталсан байдлаар татвар авдаггүй сүүлийн улс бараг Монгол Улс байх гэж гишүүд ярьж байсан. Олон улсын сайн жишиг нь юу байдаг вэ?
-Орлогоос авч татварууд шатлалтай байх ёстой гэсэн татварын онол байдаг. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон шаталсан татварын хуультай байна. Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагаас нийт 150 орныг хамруулан энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Ингэхэд 141 орон шаталсан татварын системтэй харин 9 улс шатлалгүй татвар авдаг гэсэн үр дүн гарсан.

Ер нь орлогын татварууд шатлалтай байх ёстой. Хэрэв үгүй бол татвараас зугтах, зайлсхийх нөхцөл үүсэж болзошгүй.

Манайх аж ахуй нэгжийн орлогын албан татварт 3 төрлийн шаталсан татвар авдаг. Одоогоор нийт аж ахуй нэгжийн 97 хувь нь нэг хувийн татвар төлж байна. Мөн 2,7 хувь нь 10 хувийн татвар төлдөг. Харин үлдсэн 0,3 хувь нь л 25 хувийн татвар төлж байна.

-Манай улсын хувьд татварын шимтгэл ямар байдаг вэ?
-Олон улсад тухайн улсыг хэр их татварын дарамттай орон бэ гэдгийг тогтоож гаргадаг. Хэрэв 25 хувиас доош татвар авдаг бол татварын дарамт бага улсын тоонд ордог. Монгол улсын хувьд сүүлийн 2,3 жилд 22,7-24,3 хувийн хооронд байна. Тэгэхээр 25 хувиас бага буюу татварын дарамт бага орны тоонд багтдаг гэсэн үг юм.

-Их хэмжээний мөнгөн гүйлгээнээс татвар авна гэсэн мэдээлэл иргэдийн анхаарлын татаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Иргэдийн дансанд 10 сая төгрөгийн орлого хийгдсэн бол шууд татвар авна гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол ор үндэсгүй худал зүйл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Иргэд, аж ахуй нэгж хоорондын гүйлгээнээс татвар авдаг улс дэлхий дээр хаана ч байхгүй. Монгол Улсад ч гэсэн ийм хууль байхгүй.

-2-оос дээш үл хөдлөх хөрөнгөтэй бол татвар татвар төлнө гэж ярьж байна шүү дээ? Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тухайн үедээ журам нь гарахгүй нэлээд удаж байгаад 2022 оны дөрөвдүгээр улиралд гарлаа. Улмаар хууль хэрэгжих эрх нь үүсч үүний дагуу манай байгууллага үүргээ гүйцэтгэж байна. Татварын ерөнхий газар бол бодлого тодорхойлдог газар биш. Харин хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага.

Өнөөдрийн байдлаар 12,973 иргэн 3-аас дээш орон сууцтай байна. Мөн 498 аж ахуй нэгж 3-аас дээш орон сууц эзэмшиж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хууль мөрдөгдөж эхэлж байгаатай холбоотойгоор татварын албанаас тухайн иргэн, ААН-д зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Иргэдийн дунд зарим төөрөгдөл үүссэн байж болзошгүй. Хэрэв та 2 орон сууцтай бол татвар төлөхгүй. Харин 3 дахь орон сууц худалдаж авсан тохиолдолд татвар төлнө. Ингэхдээ тухайн иргэн гурван орон сууцныхаа аль дээр нь татвар төлөхөө өөрөө сонгох боломжтой. Энэ эрхийг нь иргэдэд нээлттэй болгож өгч байгаа. Одоогоор нийт 564 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай 480 иргэн татвараа төлнө гээд мэдүүлчихсэн байна.

-Төлөх хувь хэмжээ нь ямар байх вэ?
-Тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээнээс хамаарч 0,6-2 хувийн татвар төлнө.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудтай ЭНД ДАРЖ танилцана уу.

2023 оны ҮГ: Монгол Улс сонгодог парламенттай болох нь
2023 оны ҮГ: Монгол Улс сонгодог парламенттай болох нь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.