/2022.8.16/ Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын мэдээллийн дагуу хуралдаж, шийдвэр гаргалаа.
Энэ талаар өчигдөр ХҮН намаас хэвлэлийн хурал зарлан мэдээлснийг бид дамжуулсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд оруулснаар Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг, 39 дүгээр зүйлийн нэгт дараах заалтыг оруулсан юм. Үүнд:
1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
Харин өчигдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар энэ заалтыг хүчингүйд тооцсон юм. Ингэснээр Засгийн газрын 16 сайд бүхэлдээ УИХ-аас томилогдох ч нөхцөл бүрдлээ. Энэ нь засаглалын тэнцвэргүй байдлыг бий болгох магадлалтай. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Цэцийн шийдвэрийн дагуу засаглалын тэнцвэрийг хангахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага УИХ-д үүслээ хэмээв. Энэ нь цаад утгаараа "Үндсэн хуулийг дахин өөрчлөх зайлшгүй шаардлага үүслээ" гэсэн үг юм.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид дараах жиргээг өөрийн хуудсандаа жиргэжээ.
Нэг алхам урагшаа хоёр алхам хойшоо гэж үг байдаг даа. Өчигдрийн ҮХЦ-ийн шийдвэр хэдэн алхам хойшоо татах бол доо. ҮХЦ-ээс 2000 онд "давхар дээл"-тэй байж болно гэдэг өөрчлөлтийг ҮХ зөрчсөн гэж шийдсэн байдаг.
— D.Sunjid (@d_sunjid) August 16, 2022
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол түүхэн шийдвэр. Энэ шийдвэрийг гаргасан гишүүд хожим ямраар дурсагдахыг мэдэхгүй ч, түүхэнд ийм шийдвэр гаргасан гэдгээрээ нэр нь дурайж үлдэнэ. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан цэцийн гишүүдийг та бүхэнд танилцуулж байна.