СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “Тогтвортой хөгжлийн зорилт“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “Тогтвортой хөгжлийн зорилт“

/2024.6.25/ mpress.mn сайт та бүхэнд намуудын мөрийн хөтөлбөрийн заалтуудыг сэдэвчлэн харьцуулалт хийж хүргэж байгаа билээ.

Энэ удаад намуудын мөрийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн зорилтын заалтуудыг хэрхэн багтаасан талаарх “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл"-ээс хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.

"Бүх хүнд чанартай, тэгш хамруулсан, эрх тэгш боловсрол олгох, насан туршдаа суралцахуйг баталгаажуулах” Тогтвортой хөгжлийн 4 зорилгын хэрэгжилтийг үнэлээд гаргасан 4 зөвлөмжийг УИХ-д суудалтай 3, 2 эвсэл болон ТХЗ сүлжээний үнэлгээгээр өндөр оноо авсан 2 улс төрийн намын мөрийн хөтөлбөрт туссан байдалд шинжилгээ хийлээ.

Чанартай боловсролыг бүх хүнд тэгш хамруулан эрх тэгш олгох зорилгыг хэрэгжүүлэхэд, ялангуяа насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхэд дараах 4 чиглэлд бодлогын анхаарал хандуулж, үр дүн гаргах шаардлагатай байна гэж үзсэн:

  1. Олон талын хамтын ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах,
  2. Олон нийт хяналт тавих механизм бүрдүүлэх
  3. Санхүүжилтээ нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг үнэлж, тайлагнадаг байх
  4. Мэргэжлийн албан тушаалтныг тогтвор суурьшилтай ажиллуулах

Боловсрол бол нарийн түвэгтэй тогтолцоо ба нэг оролцогч талд асуудлыг дангаар шийдэх мэдлэг, нөөц, чадавх байхгүй – иймээс боловсролын салбарт, бодлого боловсруулахдаа ялгаатай эрэлт хэрэгцээ, сорилт, боломжийг ойлгохын тулд бүх талыг оролцуулах машид чухал.

ДЭВШИЛТЭТ ЗААЛТУУД

  • Боловсролыг зөвхөн албан тогтолцооны хүрээнд биш насан туршдаа суралцахуйн хүрээнд харж, судалгааны төв, соёлын байгууллага, үйлдвэр, бизнесийн байгууллагуудтай холбох заалтууд (Үндэсний эвсэл, Шинэ эвсэл, БНН, ХҮН, МАН, АН, ИЗНН)
  • Нийгмийн ялгаатай/маргиналь бүлгийн хүүхэд, залуусыг боловсролоос үлдээхгүй, орхихгүй байх, тусгайлсан нэмэлт төсөв хуваарилах, бодлогын дэмжлэгийн арга хэмжээг тусгасан тэгш хамруулах боловсролын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээрх заалтууд (МАН, ИЗНН, БНН, АН, Үндэсний эвсэл)
  • Боловсролын салбарт үүсээд байгаа хүртээмж, чанарын ялгааг арилгаж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдлын суурь шалтгаантай тэмцэх (Бүх намууд)
  • Боловсролын салбарыг тусад нь авч үзэхийн зэрэгцээ бусад салбарын зорилтуудтай (ТХЗ 8, 9) уялдуулж тусгасан (Үндэсний эвсэл, Шинэ эвсэл, БНН, ХҮН, МАН, АН, ИЗНН)
  • Хүүхдийн бүх талын сайн сайхан, тухайлбал сэтгэцийн эрүүл мэнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анхаарсан заалтууд (МАН, АН, Үндэсний эвсэл, ХҮН)
  • Боловсролын орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамтыг арилгах бодлого, үйл ажиллагааны заалтууд (ИЗНН, ХҮН, БНН,)
  • Багшийн ажлын үнэлэмж, нэр хүнд, хариуцлага, ур чадварыг дээшлүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулна (МАН, АН, ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл, Шинэ эвсэл)
  • Боловсролын салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцооны чиглэлээр заалтууд (БНН, Үндэсний эвсэл, ХҮН, ИЗНН, Шинэ эвсэл, АН, МАН)
  • Танхимын сургалтыг шаардлагатай үед цахимд шилжүүлэх, ердийн үед хослуулах бэлтгэлийг хангахаар боловсролын цахим дэд бүтцийг сайжруулах, багш, суралцагчдыг техник хэрэгслээр хангах, нийт хүн амын дижитал бичиг үсгийн ур чадварыг хөгжүүлэх (Үндэсний эвсэл, ИЗНН, АН, МАН, ХҮН)
  • Боловсролын салбар, бодлого, удирдлагыг улс төрөөс хэт хамааралтай байгааг өөрчлөх талаар (АН МАН ХҮН, ИЗНН, Шинэ эвсэл)
  • Боловсролын зээлийн сан, сургалтын тэтгэлгийн сонголт, хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлж, шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгоно гэсэн заалт (МАН, ХҮН, ИЗНН, Шинэ эвсэл)
  • Боловсролын зөвлөл байгуулах (АН)

УХРАЛТ ГАРАХААР ЗААЛТУУД

  • Боловсролын салбарт Төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэх заалтууд туссан нь төрийг сурч боловсрох эрхийг хангах үүргээс нь чөлөөлөхгүй байхаар хэрэгжих нь зүйтэй. ТХХТ нь боловсролд дутагдаад байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэлт байдлаар оруулж байх ёстой бөгөөд боловсролын төсвөөс хувийн хэвшил рүү урсгах гарц болох ёсгүй. (ХҮН, Үндэсний эвсэл)
  • 1 ба 2 настай хүүхдийг цэцэрлэг, яслид хамруулах нь хүмүүнлэг бус шийдэл бөгөөд хүүхдийн хэл яриа, тархины хөгжлийн чухал үед гэр бүлээс салгаж, институцид хамруулах нь хүүхдийн сайн сайхан байдал, хөгжилд хортой. (МАН, ИЗНН)
  • Хүүхдийг гэрээр сургах, тухайлбал малчдын хүүхдэд гэрийн сургалтаар бага боловсрол олгох нь нийгэмшлийн болон сурлагын хоцрогдолд хүргэнэ. (ХҮН, АН)
  • Эцэг эх асран хамгаалагчид багшийг сонгох тогтолцоо нь боловсролд үүсээд байгаа тэгш бус байдлыг өдөөж, сургууль хоорондын нийгэм-эдийн засгийн ялгааг улам ихэсгэх сөрөг нөлөөтэй. (АН)
  • Багшийн мэргэжлийн стандартыг бууруулах, бакалаврын түвшинд бэлтгэгддэг багшийн боловсролыг ухраах зорилт боловсролын чанарыг улам унагаах эрсдэлтэй. (ХҮН)
  • Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг хэвээр орох, Монгол хүн бэлтгэх зорилгоор албан бус боловсролын төвүүд байгуулах зэрэг судалгааны үр дүнд анхаараагүй заалтууд орсон. (БНН, ИЗНН, Үндэсний эвсэл, МАН)
  • Бүх нийтийн цэргийн бэлтгэлийн шаталсан сургалтын систем, ахлах ангийн сурагчдад гамшгийн үед ажиллах цэрэгжилтийн хичээл орох зэрэг нь нэгэнт олон байгаа хичээлийн тоог нэмэх үр дагавартай. (МАН)
  • Ургийн бичиг хөтлөлтийг сурталчилах ажлыг боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх зэрэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй, суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй үйл ажиллагаа мөн. (ИЗНН,БНН)

Бэлтгэсэн: “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Э.Болормаа нар Ховд аймгийн дөрвөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Э.Болормаа нар Ховд аймгийн дөрвөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.